АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хандан 48 цагийн дотор Ормузын хоолойг чөлөөлөхийг шаардсан билээ. Тэрээр “Хэрэв Иран 48 цагийн дотор энэ хоолойг бүрэн чөлөөлж, хөлөг онгоц нэвтрүүлэхгүй бол АНУ Ираны хамгийн томоос нь эхлээд бүх цахилгаан станцыг сөнөөнө” гэж сүрдүүлсэн юм. Түүний шаардлагын хугацаа өчигдөр дууссан.
Харин өчигдөр Трамп ерөнхийлөгч “Truth Social” хуудсандаа “Ираны цахилгаан станц, дэд бүтцэд өгөх цохилтоо 5 хоног хойшлууллаа” гэж мэдэгдлээ. Учир нь Ираны талтай тун үр дүнтэй хэлэлцээр хийж байгаа гэсэн юм.
“Маш үр дүнтэй хэлэлцээр энэ долоо хоногт үргэлжлэн явагдана. Тиймээс би Пентагонд Ираны цахилгаан станц, дэд бүтцэд өгөх цохилтоо 5 хоног хойшлуулах тушаал өгсөн. Уулзалт, хэлэлцээр үр дүнтэй болно” Дональд Трамп
Энэ мэдэгдлийн дараа дэлхий дахинд нефтийн үнэ бууж эхэлсэн.
Харин Ираны “Tasnim” агентлагаас энэ мэдээллийг эрс эсэргүүцэж, “Ираны Засгийн газрын өндөр албан тушаалтнаас авсан мэдээллээс үзэхэд АНУ-тай ямар ч хэлэлцээр хийж эхлээгүй. Дональд Трамп Ираны хариу довтолгоо, дэлхийн эдийн засгийн хямралаас эмээгээд цохилт өгч чадсангүй. Хэлэлцээр хийх саналыг бид зуучлагч орнуудаас авсан ч хэлэлцээрт ороогүй” гэж мэдээлсэн байна.
Дараа нь Трамп Мемфист үг хэлэхдээ “Иранд бид дахин нэг боломж өглөө. Тэд ашиглана гэж найдаж байна. Ямар ч тохиолдолд АНУ болон дэлхий ертөнц илүү аюулгүй болно. Бүх юм сайнаар төгсвөл асуудал шийдэгдэнэ. Үгүй бол бид бүх чадлаараа үргэлжлүүлэн бөмбөгдөнө” гэсэн ч Ираны ямар албан тушаалтантай хэлэлцээр хийж байгаагаа хэлсэнгүй.
