UBLife Logo
Дэлхий

Олон улсын эпилепсийн өдөр буюу энэ өвчнөөр шаналсан 10 алдартан

Олон улсын эпилепсийн өдөр буюу энэ өвчнөөр шаналсан 10 алдартан

Олон улсын уналт таталтын (эпилепси) эсрэг өдөр буюу "Нил ягаан өдөр"-ийг жил бүрийн 3-р сарын 26-нд дэлхий даяар тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь эпилепси өвчний талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтыг багасгах, өвчтөнүүдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ өвчнөөр удаан зовсон 9 настай канад охин Кэссиди Меган энэ өдрийг санаачилсан юм.

Эпилепси (уналт таталт) нь тархины мэдрэлийн эсийн цахилгаан үйл ажиллагаа түр зуур алдагдаж, гэнэтийн давтан таталт, ухаан алдалт, булчингийн чичирхийллээр илэрдэг мэдрэлийн архаг эмгэг юм. Энэ өвчнийг хянаж болдог гэж байгаа ч амиа алдсан алдартнуудын жишээг харахад одоо ч эпилепси аюултай, урьдчилан сэргийлэхэд хэцүү өвчин хэвээр байна.

Их Британийн ханхүү Жон (1905–1919)

Георг V хаан, Мария хатан хааны отгон хүү Жон 1905 онд төрсөн бөгөөд багаасаа эпилепси өвчнөөр шаналж байлаа. Байнга унаж татах тул түүнийг олны нүднээс хол байлгаж, 4 жил хэртэй ордноос зайтай байлгасан юм. Том болоод эдгэрэх байх гэж найдаж байсан ч болсонгүй. 13 настай Жон хүү 1919 онд унтаж байхдаа амьсгал хураажээ.

Зохиолч Марк Твений охин Жин Клеменс (1880–1909)

Отгон охин Жинээ багадаа толгойдоо гэмтэл авч байсны улмаас эпилепси туссан гэж Марк Твен үзэж байлаа. Олон жилийн турш Твен охиноо АНУ, Европын шилдэг эмч нарт үзүүлсэн ч тус болоогүй. 1906-1909 онд Нью-Йорк мужийн эпилепси өвчтэй хүмүүсийн тусгай эмнэлэгт хэвтүүлсэн. Гэртээ эргэж ирээд хэдэн сарын дараа охиныг усны өрөөнд үхсэн байхыг олсон. Шалгалтаар эпилепси өвчний улмаас үүссэн амьсгалын дутагдал, зүрх зогссон шалтгаанаар нас барсан гэж тогтоожээ.

Федор Достоевский, зохиолч (1821–1881)

Эрдэмтэн, шинжээчид агуу зохиолчид унаж татах өвчний шинж тэмдэг анх 9 настайд нь илэрсэн гэж үздэг. Удалгүй энэ нь байнгын уналт болж, сэтгэл зүйд нөлөөлж эхэлсэн байна. 1860 оноос эхлэн Достоевский өвчнийхөө байдлын тухай өдрийн тэмдэглэл хөтөлдөг болжээ. Эпилепси өвчин түүний амьдралд төдийгүй уран бүтээлд нь ч их нөлөө үзүүлсэн. “Маанаг” зохиолын Мышкины дүрд энэ нь тод илэрдэг. Федор Достоевский 1881 онд 60 настайдаа амьсгал хураасан. Албан ёсны үхлийн шалтгаан нь сүрьеэ байсан ч эпилепси өвчнөөр олон жил зовсон нь нөлөөлсөн нь гарцаагүй.

Хамба лам Пий IX (1792–1878)

Ромын Хамба Пий IX католик шашны толгойд 30 гаруй жил сууж, түүхэнд хамгийн нөлөөтэй Хамба ламын нэг хэмээн үлдсэн байдаг. Түүхчдийн өгүүлснээр Ромын Хамба болсон тэр үеэс нь эпилепси эхэлж, сүмийн томчууд түүнийг албан үүргээ гүйцэтгэж чадах уу гэж эргэлзэж байсан гэдэг. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Пий IX ярьж чадахаа байж, таталт нь маш богино давтамжтай болсон байна. Гэсэн ч тэр бараг үхэн үхтлээ Ромын Хамын албаа хашсаар байсан юм.

Алдарт таван ихрийн нэг Эмили Дионн (1934–1954)

Канадын алдарт таван ихэр охин 9 нас хүртлээ Эзэн хааны ивээлд орж, тусгай цогцолборт амьдарч байлаа. Хүссэн хүн болгон тэднийг үзэж болдог байв. Өдөрт хэд хэдэн удаа ижил хувцас өмссөн охидыг тагтан дээр гаргадаг байлаа. Тэдний нэг Эмили Дионн багаасаа татаж унадаг байсан бөгөөд том болох тусам өвчин нь хүндэрч байв. 1954 онд нэгэн уналтын үеэр дэргэд нь эмч байгаагүй тул аварч чадаагүй юм. Эмили 20 настай байлаа.

Иэн Кертис, дуучин (1956–1980)

Их Британийн “Joy Division” хамтлагийн гишүүн Иэн Кертис эпилепсийн маш хүнд хэлбэрээр өвдсөн хүн. 1978 онд анх оношлогдсоноосоо хойш өвчин нь эрчтэй хүндэрсэн. Гэртээ төдийгүй тоглолтын тайзан дээр ухаан алдан унаж байсан тул тоглолтыг зогсоохоос өөр аргагүй болдог байв. 1980 оны эхээр бие нь улам муудаж, дээр нь аялан тоглолтын дарамт, хувийн амьдралын хямрал, хэзээ унах бол гэсэн байнгын айдсын улмаас депресст орсон. 1980 оны тавдугаар сарын 18-нд нас баржээ.

Олимпын аварга Флоренс Гриффит-Жойнер (1959–1998)

Олимпын 3 удаагийн аварга, дэлхийн рекордыг эзэмшигч 38 настай  Флоренс Гриффит-Жойнерын үхэл спортын ертөнцийг цочроосон билээ. Флоренс хэзээ ч өвчин хууч ярьж байсангүй. Харин шүүх эмнэлгээс тамирчин бүсгүйн үхлийн шалтгаан нь унтаж байх үед нь гэнэт таталт өгснөөс болжээ гэж тогтоосон. Түүний үхэл эпилепси өвчнөөр гэнэт нас барах (SUDEP) тохиолдол мэргэжлийн тамирчдын дунд их байгааг баталсан юм.

Жүжигчин Майкл Жетер (1952–2003)

Америкийн жүжигчин Жетер олон жил эпилепси өвчнөөр шаналсан. Гэсэн ч тэр Эмми, Тони зэрэг шагнал хүртэж, найруулагчдын дуртай жүжигчин болж чадсан юм. 2003 оны гуравдугаар сарын 30-нд Жетерийг гэртээ унасан байхыг олсон. Шинжилгээгээр эпилепси өвчний уналтаар амьсгал хураасан нь тогтоогджээ.

Жүжигчин Амия Лоундес (1992–2020)

Англи жүжигчин Амия Лоундес кино, театрт олон дүр бүтээсэн бүсгүй. Өвчний анхны шинж тэмдэг 2018 онд илэрч, Амия гудамжинд гэнэт ухаан алдан унасан юм. Эмч нар ядаргаа, стресс гэж оношлоод зөнд нь орхижээ. Харин 2020 онд гэрийнхээ цэцэрлэгт дахин унаад ухаан оролгүй нас барсан юм. Шинжилгээгээр эпилепси өвчний улмаас амиа алдсан нь мэдэгдсэн. 29 настай байлаа.

Жүжигчин Камерон Бойс (1999–2019)

Америкийн жүжигчин Камерон Бойс өөрийнхөө үеийн хамгийн авьяастай залуу жүжигчдийн нэг гэж тооцогдож байлаа. 2016 онд түүнийг эпилепси өвчтэй гэдгийг эмч нар тогтоосон. Бойс эмчилгээнийхээ хажуугаар кинонд тоглосоор байлаа. 2020 оны долоодугаар сард Камерон Бойс унтаад дахин сэрээгүй. Шүүх эмнэлгээс нойрон дунд тохиолдсон таталт гэж шалтгааныг хэлсэн. Гэр бүлийнхэн нь Эпилепси өвчний мэдээлэл өгөх, өвчтөнүүдийг дэмжих сан байгуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...