2026 оны хөлбөмбөгийн ДАШТ, 2028 оны Зуны олимпын наадмыг хүлээн авах болсон АНУ-ын аялал жуулчлалын салбар спортын хорхойтнуудын ачаар цэцэглэн хөгжинө гэсэн хүлээлт их байлаа. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлого гадаад зочдын тоог ихээхэн бууруулж магадгүй болоод байна. 2025 онд олон улсын аялал жуулчлалын орлого дунджаар 4 хувь өссөн бол Америкт эсрэгээрээ 5,4 хувь буурчээ.
Энэ бууралтыг “Трамп уналт” буюу “Trump Slump” гэж нэрлээд байгаа бөгөөд шинжээчид үүнийг цагаачлалын эсрэг хатуу бодлого, паспорт, виз олгох журмын өөрчлөлт, ЛГБТ хүмүүсийг гадуурхах хандлагаас үүдэж байгаа гэж дүгнэжээ.

Энэ зун АНУ, Канад, Мексикт олимпын дараа орох спортын том тэмцээн болох хөлбөмбөгийн тэмцээн болно. Орон орны хөлбөмбөгийн фенүүд олон зуун мянгаараа Хойд Америкт ирэх ёстой ч виз олгох журам хатуу болсон, зөвшөөрөл хүсэгчдийн олон нийтийн сүлжээг хянан, шалгах болсон гээд тоо цөөрөх шалтгаан мундахгүй байна.
АНУ-ын аялал жуулчлалын салбар уналтад орж эхэлж байгаа нь илэрхий. 2025 онд Канадаас ирэх жуулчдын тоо өнгөрсөн оноос 28 хувь буурлаа. Их Британийн жуулчдын тоо 0,5 хувь өссөн ч Франц, Германы жуулчдын тоо багаслаа. 2026 он гараад ч Европын жуулчдын тоо 5,2 хувь буурсан дүн гарчээ.

Трампын урьдчилан таамаглах аргагүй улс төрийн бодлого, Гренландыг эзлэх санаархал, гадаадын цагаачдын амь насыг хөнөөх хүртэл баривчлах оролдлого, гаалийн хэт хатуу шалгалт гээд энэ бүхэн гадаадын жуулчдыг АНУ орох эсэхдээ эргэлзэхэд хүргэж байна. Өнгөрсөн жил Канад, Европын жуулчдаас бараг байцаалт авч, цахилгаан хэрэгслүүдийг шалгах гэж оролдсон нь жуулчдыг үргээж байна.
АНУ-аас зарим орны иргэдэд виз олгохгүй шийдвэр гарсан дотор ДАШТ-д оролцох 4 орон байгаа нь Иран, Сенегал, Кот-д’Ивуар, Хаити.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард “Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг л хүлээн зөвшөөрнө” гэсэн тогтоол гаргасны дараа ЛГБТ хүрээнийхэн АНУ-г зорихоо больсон.
Энэ бүхнийг хөлбөмбөгийн ДАШТ засаж чадах болов уу? Өнгөрсөн 11 дүгээр сард “Tourism Economics” агентлагаас гаргасан илтгэлд “ДАШТ-ий ачаар такси, хоол, нийтийн үйлчилгээний салбар хөгжиж, зочид буудлууд дүүрэн, асар том хэмжээний эдийн засгийн нөлөө гарна” гэж дүгнэж байв. ДАШТ-ий үеэр гадаадын 1,24 сая жуулчин ирэхээс 742 мянга нь яг хөлбөмбөгийн ДАШТ үзэх гэж зорьсон хүмүүс байна гэсэн тооцоо гарч байв. Харин энэ бүх өөдрөг тооцоо бүтэхгүй байх магадлал нэмэгдсээр. Хоёрдугаар сард АНУ-ын аялал жуулчлал өсөлттэй гарсан ч өсөлт нь ердөө 0,8 хувь. Нэгдүгээр сард нь 4,2 хувь унасныхаа дараа шүү дээ. "Forbes”-д бичсэнээр Европоос энэ зун АНУ-д ирэх нисэх онгоцны тасалбар өнгөрсөн жилээс 14 хувь буураад байгаа гэнэ.
Энэ бүгд дээр нэмэгдээд Америкт орох зөвшөөрөл өгөх ESTA системийн хүрээнд жуулчин өөрийн олон нийтийн сүлжээний сүүлийн 5 жилийн түүхээ дэлгэж харуулах ёстой болсон. Энэ нь ардчилсан орнуудын иргэдэд хүлээн авахад доромжлол мэт санагдаж байгаа юм. Бүр худалдан авсан тоглолтын тасалбараа эргүүлэн зарах хөдөлгөөн ч гараад байна.
АНУ-ын аялал жуулчлалын “Trump Slump”-ийг ДАШТ зогсоож чадах эсэх нь эргэлзээтэй.
