UBLife Logo
Спорт

5 хүүхдийн ээж, “Алдарт эх” казах бүсгүй мөнгөн медалийн төлөө тулалдана

5 хүүхдийн ээж, “Алдарт эх” казах бүсгүй мөнгөн медалийн төлөө тулалдана

Монголын нийслэл Улаанбаатар хотноо Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн явагдаж байна. Тэмцээний медалийн төлөөх тулаанууд эхэллээ. Эмэгтэй 48 кг-ийн жинд Казахстаны тамирчин Айгерим Саттибаева Узбекистаны боксчин, бага дэлхийн аваргын алтан медальт Сабина Бобокуловатай хүрэл медалийн төлөө өрсөлдөж, хүнд ширүүн тулааны дараа Айгерим ялалт байгуулж, хагас шигшээд шалгарлаа.

Айгерим 35 настай. 2004 онд аав нь түүнийг боксын танхимд хөтлөн оруулж байжээ. 19 настайдаа Айгерим Казахстаны алдартай боксчин Олжас Саттибаевтай гэрлэсэн. Тэд 4 охин, 1 хүүтэй. Айгерим хүүхэд төрүүлээд хоёр удаа их спортод эргэн ирж байсан эмэгтэй. 2024 оны Азийн АШТ-ий хүрэл медаль, 2025 оны Казахстаны аварга. Казахстаны аварга цолыг 15 жилийн дараа дахин авсан гэхээр гайхалтай амжилт. Айгерим хуримаа хийгээд 19 настайдаа зодог тайлсан. 3 дахь хүүхдээ төрүүлээд дахин рингэнд гарсан ч дахин бие давхар болоод декретээ авсан.

Ийм нэгэн эмэгтэй өнөөдөр Монголын Э.Номундарьтай хагас шигшээд үзэлцэхээр болоод байна. Таван хүүхэд төрүүлээд Азийн АШТ-ээс медалийн болзол хангана гэдэг хэр баргийн тамирчин чадахгүй зүйл. Түүний нууц юунд байна вэ гэдгийг Казахстаны Kazinform агентлаг судалжээ.

Гэртээ хайртай ээж, рингэнд хатуу ширүүн тулаанч

Афины олимпын наадамд Бахтияр Артаев гялалзахыг хараад Айгерим охин 12 настайдаа боксчин болсон. Тэр энэ спортод эрэгт буцалтгүй дурлаж, эр нөхөртэйгөө ч энд учирсан. Саттибаева 4 охин, 1 хүү төрүүлж, гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлж байсан ч багын мөрөөдлөө биелүүлэхээр рингэнд эргэн иржээ.

“Би яг ид үедээ буюу 19 настайдаа нөхөрт гарсан. Жилийн дараа ууган охин минь төрлөө. 2013 онд хүү төрсөн. Дараа нь би бокст эргэн ирж, 2016 он хүртэл шигшээ багт тоглосон. Багийнхаа шилдгүүдийн нэг байлаа”

Тэр үед нөхөр Олжас Саттыбаев нь Риогийн олимпын эрх аваад байлаа. Маш хүнд сорилт нөхрийг нь хүлээж байсан тул Айгерим нөхрөө дэмжихээр өөрийн замналаа хаяж, бэлтгэлд нь тусалж эхэллээ.

 “Гэрт бүх юм хэвийн байх нь манай нөхөрт маш чухал байдаг. Тиймээс би хүүхдүүд, гэрээ авч явж, Олжас олимпдоо тухтай бэлтгэж чадсан. 2016-2022 он хүртэл би гэр бүлдээ бүх цагаа зориулсан. Энэ хооронд дахин гурван охинтой боллоо. Хамгийн отгон нь 2019 оны 11 дүгээр сард төрсөн. Бага охиноо төрүүлээд би бага багаар спортоор хичээллэж эхэлсэн. 2020-2021 онд дасгалжуулагчаар ажиллаж, 2022 онд тамирчны замналаа сэргээхээр шийдсэн. Залуу охидод боксын хичээл зааж байтал өөрөө дахин тулалдах сэтгэл төрсөн”

“Алдарт эх” хоёр удаа зодог тайлсан ч гэрийн бүх ажлаа амжуулсныхаа дараа дахин тулалдах цаг иржээ гэдгээ ойлгожээ.

“Дасгалжуулагчаар ажиллах байхдаа би нөхөртөө мөрөөдлөө биелүүлэхийн төлөө дахин рингэнд гармаар байна гэж хэлж байсан юм. Би өөртөө өндөр зорилго тавьдаг. Доод тал нь дэлхийн аварга болох мөрөөдөлтэй байлаа. Нөхөр минь намайг дэмжиж, намайг дасгалжуулж эхэлсэн”

Таван хүүхэдтэй эх хүн гэр бүл, спортыг хослуулахад маш хэцүү. Маш их бэлтгэл хийх шаардлагатай ч бас гэргийн ажлаа хийж, үр хүүхдээ харах хэрэгтэй байдаг. Зарим үед бие сэтгэлийн гүн ядаргаанд орно. Хэн нэгний туслалцаа зайлшгүй хэрэгтэй.

“Шигшээ багийн цугларалтад гарч, тэмцээнд орох болоход манай хадмууд ирж тусалдаг. 14-21 хоног цугларалтад гарахад өдөрт 2-3 бэлтгэл хийнэ, хоолны дэглэмтэй. Ийм дэглэм дунд хүүхдээ харна гэж үнэхээр байхгүй. Хадам ээж хүүхдүүдэд хоол хийж, хувцсыг нь угааж, гэр цэвэрлэж, хичээлийг нь хийлгэж, унтуулаад ёстой бүхнийг хийнэ”

Тэмцээн дуусаад гэртээ харьсан ч өдрийн дэглэм хатуу хэвээр.

“Нөхөр бид хоёр өглөө 06:00 цагт босдог. Өглөөний хоолоо идээд, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгнө. Дараа нь бэлтгэл хийж, гэрийн ажлаа амжуулаад дээр нь бас дасгалжуулагчийн ажлаа хийхгүй бол болохгүй. Орой нь хүүхдүүдээ авч, оройн хоол, дахиад гэрийн ажил, тэгээд аль болох эрт унтана. Энэ дэглэм тэмцээнгүй үед тогтмол байдаг”

“Хүүхдүүд минь ээжийгээ их сайн дэмждэг. Заавал медаль авчраарай гэж захина. Тэмцээнд явахад “Ээж ээ, та хамгийн шилдэг нь. Та аварга” гэж үддэг дээ. Хүнд хэцүү тулааны үед тэдний үгийг санадаг. Тиймээс медаль авч, хүүхдүүдээ баярлуулахыг хүсдэг. Ууган охин минь нэг удаа “Бусад хүүхдүүдийн ээж нь зүгээр л нэг ээж байх юм. Харин миний ээж аварга. Маш залуухан харагддаг, үзэсгэлэнтэй. Би тан шиг болмоор байна” гэж хэлж билээ. Гэхдээ ууган охин минь боксоос хол уран бүтээлч хүүхэд. Харин хүү Динмухамед боксчин болох байх. Аав нь хамт бэлтгэл хийж байгаа”

Боксын спорт хатуу ширүүн спорт. Тэмцээнээс энд тэндээ хөхөрч, няцаад, гэмтээд ирэхэд нь охид нь хайрлаж, өрөвдөөд, харин хүү нь зөвлөгөө өгдөг гэнэ. Ингэж бултах ёстой байлаа гээд яг л дасгалжуулагч шиг ярина. Ээжийгээ гэмтээхгүйн тулд хамгаалалтын арга зааж өгч байгаа нь тэр. Дотроо өрөвдөж, хайрлаж байгаагийн илрэл.

“Үнэнийг хэлэхэд би дахин бокс тоглоно гэж бодоогүй. Олон хүүхэдтэй ээж тул гэрийн ажлаас толгой өндийхгүй гэж бодож байлаа. Өөрийг нь байхгүй бол энэ гэр орон ёстой хэрэг алга гэж бүх ээж боддог байх. Яаж ч хийсэн гэрийн ажилд хэзээд цаг хүрэлцдэггүй. Харин энэ бүхнээс гарахад надад олимпын аварга болно гэсэн багын мөрөөдөл минь тус болсон. 29 настайдаа би тав дахь хүүхдээ төрүүлээд 31 настайдаа их спортод эргэн ирсэн. Хэзээ ч оройтдоггүй гэдгийг ухаарсан. Би хөдөлмөрийнхөө үр шимийг амсаж, дахин медаль авч байна. Олон хүүхэдтэй ээж байна гэдэг хэцүү, гэхдээ хүүхдүүд саад биш харин ч өглөө эрт бэлтгэл хийх, хөлсөө асгаруулах утга учир минь болж өгдөг. Би улам сайжирна, олимпын оргил өөд зүтгэнэ” Айгерим.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна