Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга Эрдэнэбатын ЦЭНДБААТАР мэргэжлийн боксын ээлжит тулаанаа тавдугаар сарын нэгэнд АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотноо хийх гэж байна.
Эдүгээ 29 настай манай Цэндбаатар 2018 онд мэргэжлийн рингэнд анхны тулаанаа хийснээс хойш 14 тулаан хийж (6 КО) , нэг ч ялагдаагүй байгаа билээ.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Барбадосын "Цэрэг" хочит Кобиа Брийди байх бөгөөд 34 настай боксчин мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, 18 ялж (8КО), ганцхан удаа ялагдсан амжилттай.
Ганц ялагдахдаа манай "King Tug" Нямбаярын ТӨГСЦОГТОД 2020 оны есдүгээр сард WBC холбооны дэлхийн аваргын төлөа тулалдах эрхийн тулаанд ялагдаж байсныг бокс сонирхогчид санаж буй байх. Төгсөө тэгэхэд Барбадосын цэргийг хоёр ч удаа нокдаунд оруулж байсан билээ.

Мэргэжлийн боксын хамгийн том дөрвөн холбооны нэг болох WBC ( World boxing council) холбооны super feather ( 130 паунд буюу 58,9 кг) жингийн чансаанд манай Цэндбаатар 16 дугаарт бичигдэж буй бол Кобиа Брийди 66-д жагсаж байгаа ажээ.
Цэндээ маань WBA, WBC холбооны Азийн бүсийн аварга бол "Цэрэг" WBC Silver champion бүсийг эзэмшдэг.
Тулааныг ProBox TV шууд дамжуулан үзүүлэх бөгөөд Цэндээ-"Цэрэг" хоёрын тулаан энэ үдшийн гол тулаан байх юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
