Японы “ABEMA” телевиз 10 жилийн ойгоо тохиолдуулан, “Аарон Вольфийг унагаад 10 сая иэн ав” тусгай нэвтрүүлэг хийх болсноо зарлалаа. Энэхүү нэвтрүүлэг нь “10 сая иэн” цувралын нэгэн хэсэг бөгөөд хамгийн сүүлд 2021 онд “Асакүра Микүрүг тулалдаад ялбал 10 сая иэн” гэж хийж байжээ. Мөн “Асашёорюүг дохёноос түлхэн гаргаад 10 сая иэн” нэвтрүүлэг хийж байсан билээ.
Энэ удаагийн нэвтрүүлэг нийт 30 цаг үргэлжлэх том төслийн нэг хэсэг бөгөөд дүрэм нь тун энгийн. 4 минут барилдаад Аарон Вольфийг дэвжээн дээр нуруугаар нь цэвэр дараад 3 тоолуулж ялах, эсвэл шууд шидэх, тонгорох мэхээр иппон ялалт байгуулсан тамирчин 10 сая иэн авах болно. Харин цохих, өчих, боох, эмзэг газар цохих, хазахыг хориглоно. Тамирчид жүдо өмсгөлтэй гарна.

Аарон Вольф бол олимп, дэлхий, Азийн аварга жүдоч. 100 кг жинд барилддаг байсан. Одоо мэргэжлийн бөхийн “New Japan Pro-Wrestling” холбооны тамирчин. Мэргэжлийн бөхөд шилжсэн Японы анхны олимпын аварга жүдоч. Одоо “New Japan Pro-Wrestling” холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа.
Түүнийг унагааж, 10 сая иэн авахаар нэрээ дэвшүүлсэн анхны өрсөлдөгч нь мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Барүто. 197 см өндөр, 200 кг жинтэй Барүто зодог тайлаад холимог тулаанд үзэлцэж байсан. Дараа нь улс төрч болсон билээ.

Дараагийн хоёр өрсөлдөгч тодорхой болсон ч зохион байгуулагчдын зүгээс ил болгосонгүй. Нэг нь дэлхийн аварга жүдоч гэнэ. Харин дараагийн өрсөлдөгч нь холимог тулааны “RIZIN” холбоонд ид тулалдаж байгаа тамирчин ажээ.
Аарон Вольф “Энэ төсөлд оролцох болсондоо сэтгэл их хөдөлж байна. Мэдээж би 10 сая иэн зүгээр өгөөд явуулчихгүй. Жүдо бөхийн аваргын хүч чадал, мэргэжлийн бөхийн нэр хүндээ өргөн, бүх хүчээрээ үзэлцэнэ. Намайг унагаах хүн байгаа болов уу? Хүлээж байна” гэжээ.
