Өчигдөр Азийн АШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанууд явагдаж, Монголын бөхчүүдээс ОУХМ Э.Даваанасан алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.
Мөн ОУХМ Э.Дэлгэрмаа, О.Ариунзаяа нар хүрэл медалийн төлөө хүч сорихоор, Б.Мөнхнар дагаж барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Японы Юи Сүсаки, Хойд Солонгосын Ким Сон Хян нар аваргын төлөө барилдана. Тэд өмнө нь 2017 оны Азийн АШТ-ий шигшээ барилдаанд хүч сорьж байв. Дэлхийн аваргын дөрвөн түрүүтэй, Азийн хошой аварга Юи Сүсаки "Парис-2024" олимпын наадмаас хойших анхны тэмцээндээ оролцож байна. Харин ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл медальт Ким Сон Хянд есөн жилийн дараа алдарт аваргатай даагаа нэхэх боломж тохиолоо.

55 кг-ын жинд өмнөх жилийн Азийн аваргаас мөнгөн медаль гардсан Ли Юшюань болон шинээр тодорч байгаа "од" Сүвака Үчида нар аваргын төлөө хүч сорино. Үчида U17 ангиллын дэлхийн аваргад хоёр удаа, U20 ангиллын дэлхийн аваргад нэг удаа түрүүлсэн. Улмаар өнгөрсөн онд Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анхны медалиа атгаад байгаа юм. Харин Хятадын тамирчин дутуугаа гүйцээж, аварга болох зорилготой. Эдгээр бөхчүүд финал хүртэлх замдаа ердөө ганцхан оноо алдсан байна.
59 кг-д Японы Сэна Нагамото болон Хятадын Шиэ Мэнгю нар финалдлаа. Нагамото шинээр тодорч байгаа залуу "од" бол харин Мэнгю 2019 оны Азийн аваргад түрүүлээд, өнгөрсөн жил уг тэмцээнээс хүрэл медаль атгаад буй хашир туршлагатай тамирчин юм.

68 кг-ын финалд дэлхийн хошой аварга, олимпын хошой медальтантай хүч сорино. Мива Морикава хэдийгээр Азийн аваргын 68 кг-ын жинд анх удаагаа барилдаж байгаа боловч шинэ жиндээ ч түүртэлгүй илүүрхсээр шигшээд хүрэв. Харин олимпын хошой медальт Мээрим Жуманазарова, өнгөрсөн оны Азийн аварга Ли Жэлүг нутгийн дэвжээнээ буулгаж авсан. Жуманазарова 2021 онд Алматыд түрүүлж, 2022 онд Улаанбаатарт үзүүрлэснээсээ хойш тивийн аваргад ахин финалдсан нь энэ юм. Харин Морикава тивийн аваргад финалдах бүрийдээ түрүүлж байв.
76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, эзэн орны хүчтэн Айпери Медет Кызытэй барилдахаар шигшээ барилдаанд шалгараад байна. Кыргызстаны Айпери Медет Кызы Азийн АШТ-д дөрөв дэхээ, сүүлийн гурван жилд дараалан түрүүлэхээр зорьж байгаа. Харин Э.Даваанасан тивийн аваргаас хошой хүрэл медаль гардаад анх удаагаа финалдаад буй. Дэлхийн медальтнуудын өрсөлдөөн олны анхаарлын төвд өрнөх нь гарцаагүй юм.
Монголын чөлөөт бөхийн холбоо
