Дайн дажин, хувьсгал бослогын уршгаар дэлхийн түүх соёлын олон өв устсан, эвдэрч сүйдсэн билээ. Иран, Украин, Газын зурвас, Ливан гээд олон орны жишээ байна. Тэгвэл ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бичигдсэн олон зүйлд тулгарч байгаа бас нэгэн аюул бол уур амьсгалын өөрчлөлт. Хэт халуун, чийгшил, давс, үер гээд эртний сүм хийд, цайз, хөшөө дурсгалын хана, суурийг бага багаар эвдсээр үнсэн товрого болгоход дөхсөөр байна. 4000 настай Иракийн пирамид сүм, 800 настай Пасхи арлын хөшөө чийг элэгдэлд орсоор л байна. ЮНЕСКО-гоос 2025 онд явуулсан судалгаагаар Дэлхийн соёлын өвийн 80 хувь нь эвдэрч сүйдэхэд ойрхон байна гэсэн дүгнэлт гарчээ.
Шумерийн сүм

Иракийн өмнөд хэсэг жил ирэх тусам халуун болсоор байгаа тул түүхийн 4000 мянган жилийн гэрч болсон Шумерийн сүм устах аюулд ороод байна. Агаарын хэм нэмэгдэхэд ямар ч барилга элэгдэлд ордог. Элсэн цөлд байх энэхүү алдартай цогцолборын төв хэсэгт Нанна бурханд зориулсан сүм бий. Элсэн манхны нүүдэл, хүчтэй шуурга барилгыг эвдэлж, хөрсний ус халууны улмаас давсархаг болсон нь шавар тоосгыг идэж байна. Давс барилгын материалд нэвтрэн орж, хэмжээ нь нэмэгддэг чанартай тул бага багаар нураасаар байгаа юм.
Евфратын эрэг дээрх Эртний Вавилоны балгас ч мөн давсны эрхшээлд ороод байна. Эрдэмтэд эртний үеийн технологиор бүтээсэн давсгүй тоосгоор засан сэргээх гэж оролдож байгаа.
Исфаханы сүмүүд

Ираны дайн эхлэхээс хэдэн жилийн өмнө Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны соёлын дурсгалт газруудад цохилт өгөх төлөвлөгөө гаргасан ч Пентагон дэмжээгүй. Энэ газрууд дотор Исфаханы сүм хийд багтсан байлаа. Гэхдээ дайнаас гадна бас аюул учруулж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт. Хотын гол сүм нь 12 дугаар зууны үеийн исламын архитекторын хөгжлийг харуулсан барилга. 841 онд баригдаж эхлээд засварлагдан, шинэчлэгдсээр XX зууны сүүл үед дууссан юм. ЮНЕСКО энэ сүмийг “Ираны архитекортын музей” гэж нэрлэсэн байдаг. Гол хийдээс холгүй XVII зууны үеийн Мейдан-е Имам талбай бий. Имамын алдартай хийд энэ талбайд байдаг. Ган гачиг ихэссэний улмаас хөрсний усны хэмжээ багасч, хөрсний суулт өгч эхэлжээ. Хэт халуун болсон, агаарын чийгшил байнга өөрчлөгддөг болсон нь барилгын материалын чанарыг доройтуулж байна. Маш хурдан арга хэмжээ авахыг ЮНЕСКО сануулсаар байгаа.
Пасхи арлын Моай хүн чулуунууд

Хавайн их сургуулийн судалгаагаар алдарт хүн чулуунууд хэдэн арван жилийн дараа усанд живэх эрсдэлтэй гарчээ. Ялангуяа Аху Тонгарики тавцан дээрx 15 моай хүн чулуу хамгийн аюултай байдалд оржээ. Далайн түвшин нэмэгдсэнээс үерийн аюул их болсон. 2025 онд хийсэн дээрх судалгаанд том цүнами давлагаа ирэхэд хүн чулуун хөшөөнүүдийн тал хувь нь живэх гэнэ. Энэ нь соёлын дурсгалт зүйл төдийгүй нутгийн иргэдийн амь насанд ч заналхийлэх юм. Мөн хөшөө дурсгал устсанаар арлын гол орлого болох аялал жуулчлал мөхнө.
Хятадын цагаан хэрэм

21 мянган км үргэлжилсэн энэ хэрэм дэлхийн хамгийн агуу барилгын нэг. 2000 жилийн турш барьсан Цагаан хэрмийг 1987 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд оруулсан. Хэрмийн хананы ихэнх хэсгийг нягтаршсан шавраар барьсан нь салхи шуурга, бороонд эмзэг. Энд тэндгүй цуурч, магадгүй нуран унах аюултай. Цагаан хэрмийн хананы дөнгөж 6 хувь нь эвдрэлгүй гэсэн тооцоо гарсан байна.
