Өнөөдөр өглөөнөөс эхлээд таны сэтгэл санаа сайхан, баяр баясгалантай байна уу? Аргагүй, өнөөдөр Олон улсын Чин сэтгэлээсээ чангаар инээх өдөр (International Moment of Laughter Day). Жил бүрийн дөрөвдүгээр сарын 14-нд бид инээдмийн энэ баяраа тэмдэглэдэг.
Хошин шог судлаач, уран илтгэгч Иззи Гезеллийн санаачилсан энэхүү өдрийн гол зорилго нь өдөр тутмын амьдралын стресс, ядаргаагаа мартаж, тайлж, инээд хэмээх ид шидтэй “эмийг” хэрэглэхийг сануулдаг. Ердөө л та гэнэт сайхан, чангаар инээхэд л стрессийн дааврыг (кортизол ба эпинефрин) бууруулж, дархлааны системийг сайжруулж, өвдөлт намдаахад тусалдаг эндорфин ялгардаг байна.
Хүн өдөр бүр инээж байх хэрэгтэй. Үнэн сэтгэлээсээ чангаар инээх нь амьсгал мэт чухал зүйл. Инээд нь хүний сэтгэлийг өөдрөг болгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэн, нийгмийн харилцааг эерэг болгодог ид шидтэй. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд инээхэд стресс багасч, цусны эргэлт нэмэгдэн, цусан дахь сахарын хэмжээ багасдаг нь батлагджээ. Унтахын өмнө инээдэг хүмүүс илүү сайн бөх унтдаг. Тэр байтугай инээх нь турах, жингээ багасгахад нөлөө үзүүлдэг байна. 15 минут инээхэд спортын дасгал 30 минут хийсэнтэй адилхан үр дүнтэй байдаг ажээ.
Америкийн зарим эмнэлэгт инээдээр анагаах тусгай тасаг бий. Тэнд өвчтөнүүд инээдмийн кино үзнэ, заримдаа хошин шогийн жүжигчид айлчилна. Хэчнээн хүнд өвчинтэй байсан ч тэмцэж ялах хүсэл төрдөг гэнэ.
Өнөөдөр та бүхэн нэг нэгэндээ хошин шог ярьж, инээд бэлэглээрэй. Гэхдээ өнөөдрийн гол зорилго бол инээмсэглэл биш чин сэтгэлээсээ чангаар инээх явдал шүү. Танихгүй хүн байсан ч хамтдаа инээгээрэй.
