HYBE агентлагийн ерөнхий захирал Бан Ши Хёгийг баривчлах асуудлаас болж, БНСУ-ын Прокурорын газар, Цагдаагийн газартайгаа дайсагналцаж, сөргөлдөж эхэлжээ.
К-Поп ертөнцийн хамгийн том агентлагийн нэгийн тэргүүн Бан Ши Хёг хөрөнгийн зах зээлийн хуулийг зөрчсөн хэргээр өнгөрсөн оны наймдугаар сараас мөрдөгдөж байгаа бөгөөд хил давах эрхгүй болоод байгаа юм. Бан Ши Хёг хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлэх замаар хөндлөнгийн этгээдүүдийг ашиглан, хувьцаа хямд үнээр авсан хэрэгт шалгагдаж байгаа. Тэрээр энэ аргаар 140-150 сая ам.долларын хууль бус орлого олсон нь тогтоогдоод байгаа юм.
Харин Бан Ши Хёг нөлөөгөө ашиглан, хэргээс мултрахаар хөөцөлдөж байна. АНУ-ын Сөүл дэх ЭСЯ хүртэл түүний хилийн хоригийг цуцлуулахаар Цагдаагийн газарт хүсэлт гаргасан. Цагдаагийн газраас хориг цуцлах битгий хэл баривчилж, байцаах шаардлагатай гэсэн ч Прокурорын газраас баривчлах зөвшөөрөл өгсөнгүй.
Хэн хэн нь бууж өгөхийг хүсэхгүй байна. Прокурорын газраас хэргийг дахин шалгахыг шаардаж байгаа бол Цагдаагийн газар ямар ч хамаагүй аргаар Хёгийг “суулгах” бодолтой. Уг хэргийн нэгэн холбогдогч болох HYBE агентлагийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Ким Жүн Дон 2025 онд АНУ яваад сураггүй алга болж, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа билээ.
Ёстой л солонгос гэмт хэрэгтэй киноны үйл явдал бодит амьдрал дээр болж байна.
