БНСУ-ын жүжигчин, дуучин IU 33 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөөрөө их хэмжээний хандив өргөдөг уламжлалтай. Энэ заншил нь манай Монголын алдартнууд ч хэрэгжүүлбэл нийгэмд тун тустай, үлгэр жишээ болох зүйл билээ.
АйЮ энэ удаад эмзэг бүлгийн хүмүүст 300 сая вон хандивласан. Хандиваа тэрээр өөрийн фэн клуб “UAENA”-гийн нэрээр өргөдөг билээ.
Сөүлийн анагаах төв Асанд 100 сая вон оногдсон. Энэ хөрөнгийг яаралтай эмчилгээ авах шаардлагатай ч санхүүгийн хүндрэлтэй тул төлж дийлэхгүй байгаа өвчтөнүүдэд зориулна.

Үлдсэн 200 сая воныг 4 санд тэгш хуваарилжээ. “Хүүхдүүдтэй хамт”, “Ганц бие ахмадууд”, “Солонгосын өрх толгойлсон ээжүүд”, буяны “Дулаахан алхам” байгууллагууд тус бүр 50 сая вон хүлээн авлаа. Эдгээр сан тус хөрөнгийг залуучууд, хүүхдэд хандсан төсөл, ганц бие ахмадууд, өрх толгойлсон санхүүгийн бэрхшээлтэй ээж нар болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмчилгээний шинэ аппарат, хэрэгсэл авахад зориулагдах болно.
АйЮ төрсөн өдрөөсөө гадна Шинэ жил, Хүүхдийн баяр, Ахмадын баяраар их хэмжээний хандив өргөдөг юм.
