АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн хоногийн өмнө “Ираны хувьд цаг бараг үлдсэнгүй. Яарахгүй бол Иранаас юу ч үлдэхгүй шүү” гэж сүрдүүлсэн. Израилтай хамтран Иранд шинэ цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэж дэлхийн хэвлэл мэдээллэж байв.
Харин өнөөдөр болох ёстой байсан өргөн хэмжээний дайралт хойшлогджээ. Ерөнхийлөгч Дональд Трамп “Одоо болж байгаа хэлэлцээр дээр Катарын эмир Тамим ибн Хамад ибн Халифа Аль Тани, Саудын Арабын хан хүү Мухаммед бен Салман, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммед бин Заид Аль Нахайян нар дайралтаа хойшлуулахыг гуйсан тул зогсоолоо” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байлаа. Мөн “Энэ эрхмүүдийг хүндэтгээд би Пентагон, Зэвсэгт хүчин, армид довтолгоог зогсоохыг тушаасан. Гэхдээ хэлэлцээр үр дүнгүй болбол хэзээд цохилт өгөхөд бэлэн байхыг анхааруулсан” гэжээ.
