Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён нь эмгэнэлтэйгээр амь насаа алдсан жүжигчин Ким Сае Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан гэх мэдээллийн улмаас тайз, дэлгэцээс холдон, нийгмийн асар их ад үзэлт, дээрэлхэлтэй нүүр тулгарсан билээ. Зар сурталчилгааны гэрээ цуцлагдаж, их хэмжээний эдийн засгийн хохирол ч амссан.
Жүжигчин залуугийн өмгөөлөгч Ко Сан Рок БНСУ-ын олон нийт, нийгэмд хандан “Цагдаагийн газраас хэргийн үнэн учрыг тодруулсны дараа бид түүнд нийгэмд буцан ирэхэд нь туслах ёстой байна. Тэр маш их хохирсон” гэж уриаллаа.

Өмгөөлөгч олон нийтийн сүлжээнд гаргасан постдоо “Ким Сү Хён бол хохирогч. Тэрээр ямар ч гэмт хэргээр мөрдөгдөөгүй байгаа. Тиймээс бид сүүлийн үед YouTube-д гараад байгаа зүйлд хариу өгөөгүй юм. Энэ урт удаан мөрдлөгийн эцэст Ким Сү Хёнд учирсан хохирлыг бүрэн тогтоосон. Одоо тэр ажлын байрандаа эргэн ирэх ёстой. Эрүүл саруул нийгэм нь хэлмэгдэж, хохирсон нийгмийн нэгэн гишүүндээ маш хурдан шуурхай тусалж байх ёстой. Түүний байх ёстой байр бол тайз, дэлгэц” гэж хэлсэн байна.

Сөүлийн Прокурорын газраас “Garosero Research Institute” хэмээх юүтүүб сувгийн эзэн Ким Се Ый нь жүжигчин Ким Сү Хёны талаар хуурамч мэдээллийг зохион байгуулалттай тарааж, бэлтгэж байсан тул баривчлах зөвшөөрөл олгосон байна. Ким Се Ый-гийн сувгаараа тарааж байсан мэдээллүүд нь хуурамчаар сүүлийн үеийн техник, хиймэл оюун ухаан ашиглан хийсэн гэдгийг тогтоожээ. Мөн талийгаач бүсгүйн гэр бүлийнхэн гар утсыг нь цагдаагийн газарт өгөхгүй байх зэрэг үйлдэл гаргаж байсан нь сэжигтэй санагдсаар тэдний гэм бурууг илрүүлсэн байна.
