АНУ-ын дуучин Майли Сайрус Холливудын Алдрын гудамжинд өөрийн одтой боллоо. 66 жилийн өмнө буюу 1960 оны хоёрдугаар сарын 8-нд Лос-Анжелес хотын Холливудын өргөн чөлөөнд Алдрын гудамж анх байгуулагдаж байлаа. Алдрын гудамж гэдэг нь оддын нэртэй таван хошуу тэмдэг үргэлжилсэн гудамж. Одоо энэ гудамж 15 хороолол үргэлжилсэн, 2800 алдартны таван хошууг багтаасан, урт гудамж болжээ.

Майли ёслолд ирэхдээ 2015 оны “Versace” даашинзтай байлаа. Түүнийг дэмжихээр сүйт залуу Макс Морандо, ээж Тиш Сайрус, эгч Брэнди Сайрус болон анд найз Аня Тейлор-Жой, Донателла Версаче нар ирсэн байв.

Майли “Багадаа аавтайгаа хамт энэ гудамжаар алхаж явахдаа өөрийн одтой болно гэж огт бодоогүй. Энд миний нэр домгуудтай зэрэгцэн оршиж байна. Энэ бол үйл хэрэгтээ үнэнч байсны шагнал. Энэ бол хөөж гүйгээд авдаг шагнал биш. Миний дараа ч энэ од байсаар хойч үеийг урамшуулсаар байх болно” гэж хэлжээ.

Сайрусын 5 цомог Америкийн Billboard 200 чартыг тэргүүлж, нийт 13 пянз нь багтаж байсан нь 21 дууны эмэгтэй уран бүтээлчдийн дунд тэргүүн амжилт юм. Тэрээр "Time 100” хамгийн нөлөөтэй эрхмүүдийн чансаанд хоёр удаа (2008, 2014) багтсан. 2024 онд "Flowers” дуугаараа хоёр Грэмми шагнал хүртэж байв.
Алдрын гудамжинд таван хошуутай болох нь амар зүйл биш. Юуны өмнө тухайн одын нэрийг гуравдагч тал дэвшүүлэх ёстой. Гэр бүлийн гишүүд, анд найзууд, шүтэн бишрэгч нь ч байж болно. Дараа нь нэр дэвшигч ёслол дээр өөрийн биеэр байлцана гэдгээ баталж, гарын үсэг зурна. Ингээд Холливудын Худалдааны танхим зөвшөөрөл өгөх эсэхээ шийддэг байна. Дараа нь од өөрөө, эсвэл түүний нэрийг дэвшүүлсэн хүн 40 мянган ам.доллар төлнө. Тэгээд таван жилийн дотор таван хошуугаа нээх цаг хугацаагаа тохиролцох, хэлэлцэх хугацаа өгнө. Хэрэв энэ хугацаа дотор амжихгүй бол бүх зүйлээ бүртгэлээс дахин эхлэх болдог.




