UBLife Logo
Newsfeed
Түгшсэн, бухимдсан үед өөрийгөө тайвшруулах 5 жижиг алхам

Түгшсэн, бухимдсан үед өөрийгөө тайвшруулах 5 жижиг алхам

Заримдаа бид тодорхой шалтгаангүй мэт санагдах түгшүүр, айдас мэдэрч эхэлдэг. Ажил, хичээл, харилцаа, амьдралын олон жижиг асуудал өдөр тутамд хуримтлагдсаар стресс үүсгэх нь бий. Ийм үед сэтгэл тавгүйрхэж, бухимдах эсвэл өөрийгөө тайвшруулахад амаргүй санагддаг.

Тиймээс түгшүүр, стрессээ бага зэрэг намжааж, тухайн мөчид өөрийгөө тайвшруулахад туслах таван энгийн алхмыг танилцуулж байна.


1. Зөв амьсгалаарай.

Бухимдал, түгшүүрийг богино хугацаанд бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь зөв амьсгалалт гэж сэтгэл заслын мэргэжилтнүүд үздэг.

Хүн түгшсэн эсвэл уурласан үедээ ихэвчлэн хурдан, өнгөц амьсгалж эхэлдэг. Энэ нь тархинд аюул тулгарсан мэт дохио өгч, улмаар тэмцэх эсвэл зугтах хариу үйлдлийг идэвхжүүлдэг. Харин удаан, гүнзгий амьсгалах нь энэ дохиог тасалж, бие сэтгэлийг илүү хурдан тайвшрахад тусалдаг.

Тайвшруулахад туслах олон төрлийн амьсгалын техник байдаг. Хамгийн түгээмэл аргуудын нэг нь гурван хэсэгт амьсгалах юм. Эхлээд хамраараа гүнзгий амьсгаа авч, хэсэг хугацаанд барьсны дараа амаараа зөөлөн гаргана. Мөн амьсгалаа гаргах хугацааг аажмаар уртасгаж, амьсгаа авах хугацаанаасаа илүү удаан болгох нь биеийг илүү гүн тайвшруулахад тусалдаг.

2. Мөрөө суллаарай.

Түгшиж, бухимдсан үед бие чангарч, хөшүүн болдог. Нуруугаа эгцэлж зогсоод, гүнзгий амьсгал авч, мөрөө суллаарай. Дараа нь далны ясаа хооронд нь ойртуулж, дээш доош зөөлөн хөдөлгөөрэй. Ингэснээр мөрний булчингууд суларч, биеийн хөшүүн байдал багасна. Дараа нь хэд хэдэн удаа гүнзгий амьсгал аваарай. Энэ нь таны бие болон сэтгэлийг хурдан тайвшруулахад тустай.

3. Бохь зажлаарай.

Бохь зажлах нь түгшүүрийн мэдрэмжийг бууруулж, сэтгэл санааг сэргээж, ажлын бүтээмжийг ч нэмэгдүүлдэг болохыг олон судалгаанууд харуулдаг. 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар бохь тогтмол зажилдаг хүмүүс зажилдаггүй хүмүүстэй харьцуулахад стрессийн түвшин харьцангуй бага байгааг тогтоосон байна.

4. Хоол идээрэй.

Өлссөн үедээ тайван байх хэцүү. Өлсөж, цангасан бол өөрийгөө тайвшруулах олон арга туршаад ч үр дүнд хүрэхгүй байж болно. Тиймээс түр азнаад хоол идээрэй. Хөнгөн зууш байсан ч болно.

Мөн бага зэрэг хар шоколад идээрэй. Хар шоколад нь тархины үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж, стрессийг бууруулдаг давуу талтай. Нэг аяга ногоон цай эсвэл зөгийн балтай цай уух нь бүр ч үр дүнтэй. Ногоон цай нь стрессийн хариу урвалыг багасгадаг бол зөгийн бал тайвшруулах шинж чанартай байдаг.

5. Түр гадагш гараарай.

Өрөөний температур, агаарын солилцоо нь түгшүүр, бухимдалд үүсэхэд нөлөөлдөг. Аль хэдийн стресс бухимдалтай байхад байгаа орчин тань халуун бүгчим байвал цаашлаад сандрал, түгшүүр ч мэдрэгддэг.

Ийм үед түр гадагш гараарай. Хэдхэн минут байсан ч хамаагүй түр завсарлага аваад агаарт гарах үр дүнтэй аргуудын нэг. Цэвэр агаар амьсгалах нь биеийг тайвшруулж, түгшсэн, бухимдсан бодлын урсгалыг таслахад тусалдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...