UBLife Logo
Newsfeed
Хэрэв танд Obsession таалагдсан бол эдгээр кинонууд ч бас таалагдах нь гарцаагүй

Хэрэв танд Obsession таалагдсан бол эдгээр кинонууд ч бас таалагдах нь гарцаагүй

2026 оны тавдугаар сарын 15-нд 26 настай YouTuber залуугийн бүтээсэн Obsession кино дэлгэцнээ нээлтээ хийсэн билээ. Гарсан цагаасаа эхлэн үзэгчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, цахим орчны хамгийн халуун ярианы сэдвүүдийн нэг болсон. Ердөө 750 мянган ам.долларын төсвөөр бүтсэн тус кино өнөөдрийн байдлаар дэлхий даяар 234.5 сая ам.долларын орлого олж, оны хамгийн том амжилттай бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж байна.

Тиймээс танд Obsession-тай ижил мэдрэмж төрүүлэх 6 киног танилцуулж байна. Аймшиг, гэмт хэрэг, өшөө авалт, хайр дурлал зэрэг олон төрлийн жанрыг хамарсан эдгээр бүтээлүүд таныг дэлгэцээс салгахгүй биз ээ.


1. Ruby Sparks (2012)

IMDb үнэлгээ: 7.2

Obsession киноны анхны трейлер цацагдах үед олон үзэгч уг бүтээлийг Ruby Sparks-тай төстэй санагдаж байна хэмээн цахим орчинд ярилцаж байв.

Тус кино нь анхны номоороо алдар нэрд хүрсэн ч дараагийн бүтээлээ бичиж чадахгүй гацсан, мөн хайр дурлалын харилцаа тогтооход бэрхшээлтэй нэгэн зохиолчийн тухай өгүүлдэг. Нэгэн өдөр түүний сэтгэл зүйч дурласан бүсгүйнхээ талаар ямар ч хязгаарлалтгүйгээр бичих даалгавар өгснөөр тэрээр Ruby Sparks хэмээх төгс мэт эмэгтэйг зохиож эхэлнэ. Гэвч удалгүй түүний бүтээсэн дүр бодит амьдрал дээр гарч ирснээр зохиолчийн амьдрал санаанд оромгүйгээр эргэж, бүх зүйл эмх замбараагүй болж эхэлдэг.

2. Fatal Attraction (1987)

IMDb үнэлгээ: 6.9

Fatal Attraction киног олон хүн эмэгтэйчүүдийг сөргөөр дүрсэлсэн, эмэгтэйчүүдийг үзэн ядсан өнгө аястай бүтээл хэмээн шүүмжилдэг. Феминист судлаач, зохиолч Susan Faludi 1991 онд хэвлүүлсэн Backlash номдоо уг киног 1980-аад оны сүүл үеийн нийгэмд гэрлээгүй, бие даасан эмэгтэйчүүдэд чиглэсэн айдас, үл итгэх хандлага хэрхэн түгээмэл байсны нэг илэрхийлэл хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл энэ кино яг юуны тухай өгүүлдэг вэ?

Гол дүрийн Дэн Галлахер бол Нью-Йорк хотод амьдардаг амжилттай хуульч. Тэрээр ажлын шугамаар танилцсан Алекс Форрест хэмээх бүсгүйтэй нэгэн шөнийг хамт өнгөрүүлдэг. Дэний хувьд энэ нь түр зуурын алдаа төдий байсан бөгөөд цаашид ямар нэгэн харилцаа үргэлжлүүлэх хүсэлгүй байв. Харин Алекс эсрэгээрээ түүнд улам гүнзгий татагдаж, сэтгэлзүйн хувьд хүчтэй хамааралтай болж эхэлнэ. Улмаар уулзахыг шаардах, дарамтлах, заналхийлэх зэрэг үйлдлүүд нь Дэний амьдралыг аажмаар хар дарсан зүүд мэт болгож хувиргана. Танил сонсогдож байна уу?

3. Companion (2025)

IMDb үнэлгээ: 6.9

Кино эхэндээ энгийн нэгэн хосын харилцааг харуулна. Гол дүрүүд болох Жош, Айрис хоёр аз жаргалтай хосууд мэт харагдавч удалгүй бүхнийг орвонгоор нь эргүүлэх нэгэн нууц ил болно. Айрис бол үнэндээ Жошийн удирддаг хиймэл оюун ухаант робот байжээ.

Үнэнийг мэдсэн Айрис айдас, эргэлзээ, уур хилэн зэрэг урьд өмнө нь мэдэрч байгаагүй олон төрлийн сэтгэл хөдлөлийг туулж эхэлнэ. Улмаар өөрийг нь хянаж, удирдаж байсан амьдралаас зугтан эрх чөлөөгөө олохыг хүсдэг. Харин Жош түүнийг буцаан хяналтдаа авахын тулд унтраахыг оролдсоор байна.

Obsession-ийн нэгэн адил энэхүү кино нь хайр дурлалын нэрийн дор үүсдэг эзэмших хүсэл, хяналт тогтоох оролдлого, хүнийг өөрийн өмч мэт үзэх сэтгэлзүйн тухай өгүүлдгээрээ онцлогтой.

4. Single White Female (1992)

IMDb үнэлгээ: 6.4

Single White Female бол сүнс, мангас, ер бусын хүчний тухай биш, харин нэг хүн нөгөөдөө хэрхэн хэт донтож, түүний амьдралд уусахыг хүсдэг тухай өгүүлдэг сэтгэлзүйн аймшгийн, триллер кино юм.

Кино Нью-Йорк хотод амьдардаг дизайнер Элли Жонсын түүхээр эхэлнэ. Тэрээр сүйт залуугаа өөрт нь үнэнч бус байсныг мэдээд харилцаагаа тасалдаг. Гэвч ганцаараа байр түрээслэх нь хэт өндөр зардалтай тул өрөөний хамтрагч хайж зар тавина. Удалгүй Хедра хэмээх даруухан, эелдэг зантай бүсгүй түүнтэй хамт амьдрахаар нүүж ирдэг.

Эхэндээ бүх зүйл хэвийн мэт санагдах ч Хедра аажмаар Эллид хэт татагдаж эхэлнэ. Тэр зөвхөн түүнийг биширч зогсохгүй, амьдралыг нь бүхэлд нь хуулбарлахыг оролдоно. Эллитэй ижил хувцас өмсөж, үсээ адилхан засуулан, түүний хэв маяг, зан чанарыг хүртэл дуурайж эхэлдэг. Цаашлаад Эллигийн хайр дурлал, нөхөрлөл зэрэг хувийн харилцаанд нь хүртэл оролцохыг хичээснээр нөхцөл байдал улам түгшүүртэй болж хувирна.

Энэхүү кино нь ганцаардал, сэтгэлзүйн эмзэг байдал, өөрийн гэсэн үнэлэмжээ алдаж, өөр хүний амьдралаар амьдрахыг хүсэх хүслийн харанхуй талыг хүчтэй харуулдгаараа онцлогтой.

5. Gone Girl (2014)

IMDb үнэлгээ: 8.1

Орчин үеийн хайр дурлалын ээдрээтэй триллер кино үзмээр байвал эргэлзээгүй Gone Girl киног сонгоорой. Харилцаа нь асуудалтай байгаа хосоор кино эхэлдэг. Нөхөр нь араар тавьж байгааг Эми нөхрөөсөө өшөө авах төлөвлөгөөндөө орж эхэлдэг. Үлдсэн үйл явдал маш сонирхолтойгоор өрнөдөг тул заавал ч үгүй киногоо бүтэн үзээрэй .

6. Possession (1981)

IMDb үнэлгээ: 7.2

Тус жагсаалтад орсон ихэнх кинонууд хосын харилцаа, хүн хүндээ хэт автах мэдрэмжийн талаар өгүүлдэг. Үүнийг сэтгэл зүйн аймшиг төрөлтэй хослуулан 1981 онд Possession кино харуулсан. Тус кинонд Анна, Марк гэх хоёр хосын гэрлэлт хэрхэн нурж байгаа талаар харуулдаг. Анна нөхрөөсөө салахаар шийдсэний дараа түүний зан авир улам л жигтэй болж эхэлдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...