ОХУ-ын Төрийн Думын хэдэн депутат “Авлигачдыг цаазлах” хуулийн төслийг өргөн барилаа. Тэд цаазын ялын ачаар авлига багассан БНХАУ-ын жишээг дурдсан байна. Гэхдээ Хятадаас ганц ялгаатай тал нь авлигачдыг толгой дараалан буудахгүй, улс эх орны батлан хамгаалах, аюулгүй байдалд хор хөнөөл учруулсан тохиолдолд хэрэглэх гэнэ.
Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын арми, БХЯ-нд маш олно дээд тушаалын офицер авлигын хэргээр баривчлагдсан. Тэд байлдаж байгаа армийн хоол хүнс, хувцас хэрэглэл, буу сум бэлтгэх тендерээс маш их мөнгө олж байжээ. Танил талдаа, эсвэл авлига өгсөн компанид тендерээ зарж, фронтын зарим хэсэгт байлдаж байгаа цэргүүдийн хангамж маш муу байсныг сэтгүүлчид илчилсэн юм.
Хуулийн төслийг санаачлагчид “Стратегийн чухал объект дээрх хулгай, хээл хахуулийг замын цагдаад мөнгө өгч байгаа ахуйн авлигатай нэг түвшинд авч үзэж болохгүй. Цэргийн бааз, батлан хамгаалах байгууламжийн барилгын ажил дээрх хулгай, буу, сум зэвсэг үйлдвэрлэх тендерийн авлига, армийн хэрэгцээнд зориулсан Засгийн газрын захиалга дээр “ажиллах”, дамлан зарах зэрэг хэргийг улс орноос урвасан, гадаадын тагнуул гэж үзэх ёстой. Ийм хэрэгт цаазаар авах хүртэл ял онооё” гэж мэдэгдсэн байна.
Мөн БНХАУ, Вьетнам, Тайландад авлигад холбогдсон төрийн албан хаагчдыг нийтийн өмнө цаазалж байгаа нь бусад албан хаагчдад маш том сургамж болдог гэдгийг онцолсон байна.
ОХУ-д Цаазын ялыг бүрэн халаагүй ч 1997 оноос хэрэглээгүй байгаа. 1996 онд хамгийн сүүлд гүйцэтгэсэн.
