Өнөөдөр өглөө болсон ДАШТ-ий 1/8 финалын тоглолтод Норвегийн баг дэлхийн 5 удаагийн аварга Бразилыг буулган авч, түүхэндээ анх удаа ДАШТ-ий ¼ финалд шалгарлаа. Энэ түүхэн ялалтын гол баатар нь дэлхийн аваргуудыг өвдөг сөхрүүлсэн Эрлинг Холанд байлаа. Эрлинг энэ тэмцээнд Бразил төдийгүй ДАШТ-ийг тэр чигээр нь буулган авч байна гэж хэлэхэд хилсдэхгүй. Ингээд 2026 оны дэлхийн аваргын тэмцээн дэх түүний тоон баримтыг авч үзье. Гол хэдэн тоог харахад л тэр үнэхээр “киборг” мэт ажиллаж байгаа нь ил тод харагдана.
● Эрлинг 4 тоглолтод 12 удаа хаалга онож цохихдоо 7 гоол оруулжээ. Гоол хийх хувь нь 58,3% байгаа нь харь гарагийн амжилт мэт л үзүүлэлт. xG-Opta-гийн тооцоолсноор Холанд 4,25 гоол оруулах ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл тэр хүний боломжоос давж, ажиллаж байна гэсэн үг.
● Холандын 7 гоол дээр багийн андууд нь нийлээд 4 гоол (Иракийн багийн нэгэн автогоол мөн бий) нэмсэн. Тэдний хэрэг ч бараг алга мэт л Холанд хийсээр байна.

● Өрсөлдөгчийн 16 метрийн талбайн гаднаас Холанд ганцхан удаа цохисон. Тэр нь өнөөдрийн Бразилд хийсэн супер гоол.
● Холанд 4 тоглолтод ганц удаа л амжилттай хуурах оролдлого хийсэн. Болж байна.
● Эрлинг прессинг хийж, хамгаалалтад зүтгэж, хамгийн гол нь гоол оруулж байгаа. Нэг удаа тэрээр “Бөмбөгөнд таван удаа хүрээд таван гоол хийх нь миний мөрөөдөл” гэж хэлж байлаа. Энэ мөрөөдөл ДАШТ-д биелэх магадлал өндөр.
Түүний онцгой гэдгийг батлах 5 баримт
● Холанд Норвегийн шигшээд 54 тоглохдоо 62 бөмбөг оруулсан гэдэг нь үнэмшихэд бэрх рекорд амжилт.
● Тэрээр шигшээ багтаа 2024 оны намраас хойш албан ёсны бүх тоглолтод гоол хийж байгаа. 14 тоглолтод дараалан 27 гоол хийжээ. Гоолын машин.
● Энэ жилийн ДАШТ-ээс өмнө Норвегийн шигшээ түүхэндээ 3 удаа ДАШТ-д шалгарч, 7 гоол хийж байсан. Яг одоогийн ганц Холандын үзүүлэлттэй ижил.
● Эрлинг ДАШТ-ий эхний 4 тоглолтдоо 7 болон дээш гоол оруулсан түүхэнд хоёр дахь тоглогч. Агуу Герд Мюллер л 8 гоол хийж байжээ.
● Холанд нэг ДАШТ-д дөрвөн хожлын гоол оруулсан 4 дэх хөлбөмбөгч. Одоо тэр Гжегож Лято, Сальватор Скиллачи, Герд Мюллер нарын домгуудтай зэрэгцэх болсон.
