Испани – Аргентин 1:0
Тоглолт таамаглаж байсанчлан Испанийн бүрэн "ноёрхолд" болж өндөрлөв. Дэлхийн аваргын шигшээ тоглолтын түүхэнд үндсэн цагт буюу 90 минутад өрсөлдөгчийнхөө хаалга руу ганц ч цохилт хийж чадаагүй баг Аргентин боллоо.
Испани зөвхөн бөмбөгөө бүрэн эзэмшиж, өрсөлдөгчдөө бөмбөг алдвал тэр доор нь багийн шахалт хийж, буцаан авч байлаа. Яах аргагүй талбай дээрх шилдэг баг нь, ялах ёстой баг нь "Ялагдашгүй Армада" (Испани) байлаа даа.

Харин ч Аргентиний хаалгач Мартинес олон ч удаа (11) багаа аварч, нэмэлт цагт хөтөлсөн. Сэтгэл догдлуулсан онцгой мөчүүд цөөнтэй, ерөнхийдөө уйтгартай ч гэхээр тоглолт болсон.
Аргентинчүүд бөмбөгт бараг хүрэхгүйдээ шаралхаж нилээд олон удаа бохир тоглолт хийлээ, таван шар, нэг улаан "жавтий" хүртсэн (Тоглолтын дараа бас Паредес толхилцоон үүсгэсэн) бол испаничууд ганц ч шар хуудасгүй тоглолтыг дуусгалаа. Өөрсдөдөө итгэлтэй, тайван байж чадлаа тэд. Багийн тоглолтын төгс хувилбарыг Испани бүгдэд харууллаа.

Тэмцээний шилдэг тоглогчоор Испанийн шигшээгийн ахлагч Родриго Эрнандес Касзанте буюу Родри шалгарч "Алтан бөмбөг" хүртсэн. Ёстой л нүдээ олсон шагнал. Родри бол Испанийн багийн уураг тархи болсон тоглогч. Тоглолтын хэмнэл, довтолгоо эхлэх, шийдвэр гаргалт бүгд Родригоос шалтгаалж байсан.
Мөн шилдэг залуу тоглогчийн шагналыг Испанийн Кубарси хүртлээ. 19 настай "хүүхэд" ийм том тэмцээнд ийм өндөр төвшинд тоглоно гэдэг гайхалтай.
Харин Унай Симон шилдэг хаалгач болсон нь сонин. Испани энэ ДАШТ-ий туршид хаалгандаа ганцхан гоол алдсан нь Симоны гэхээс Испанийн өрсөлдөгчдөө бөмбөг алддаггүйн , эсрэг багт довтлох боломж олгодгүйн гавьяа. Бөмбөггүй баг яаж ч довтлох билээ дээ.
Уг нь зөвхөн статистик харалгүй багаа аврагч Возинья, эсвэл Пикфортод шилдэг хаалгачаа өгсөн бол гоё байлаа.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
