Зуны амралт эхэлж, далай тэнгисийн эрэг дээр наранд шаран хэвтэх хүний тоо нэмэгдлээ. Далай хүмүүсийг урин даллаж байгаа ч далайн гүнд хүн төрөлхтний эртний дайсан болох алуурчин аварга загас хүлээж байгааг мартаж болохгүй. Аварга загас ямар аюултайг кино ертөнц танилцуулаад 50 жил өнгөрчээ. Дэлгэцэн дээр ус цалгих бүрд айдас төрүүлдэг аймшгийн киноноос эхлээд алдарт Стивен Спилберг ч энэ сэдвээр туурвиж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энд гарах бүтээлүүдийг үзээд та далайн усанд сэлэхээсээ өмнө сайн бодох болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Jaws, 1975

Улс: АНУ
Төрөл: триллер, аймшиг
Найруулагч: Стивен Спилберг
Асар том цагаан аварга загас амралтын нэгэн хотыг сандаргана. Хотын Цагдаагийн газрын дарга, хашир туршлагатай загасчин, залуу судлаачтай нийлэн, алуурчин загасыг устгахаар далайд гарна. Энэ киног саспенс төрлийн киноны оргил бүтээл гэж үздэг.
Deep Blue Sea, 1999
Улс: АНУ, Мексик
Төрөл: аймшиг, тэмцэл, уран зөгнөл
Найруулагч: Ренни Харлин
Усан доорх асар том лабораторид эрдэмтэд аварга загас дээр туршилт хийж, Альцгеймер өвчний эсрэг вакцин гаргаж авахаар ажиллана. Харин туршилтад орсон аварга загас тун ухаалаг болж байгааг тэд анзаарсангүй.
Open Water, 2003

Улс: АНУ
Төрөл: аймшиг, триллер, драм, адал явдал
Найруулагч: Крис Кентис
Залуу хос далайн усанд шумбах аялалд явна. Гэвч багийн анхааралгүйн улмаас хөлөг онгоц тэднийг аварга загасаар дүүрэн газарт орхиод яваад өгнө. Энэ бол Лонерган гэр бүлд тохиолдсон бодит түүх. Тусгай эффект ашиглалгүй, жинхэнэ аварга загас дунд зураг авалтаа хийжээ.
The Shallows, 2016

Улс: АНУ
Төрөл: аймшиг, триллер, драм
Найруулагч: Жауме Кольет-Серра
Залуу серфинг тамирчин Нэнси Мексикийн хүнгүй эрэг дээр ирж, ээжийнхээ дурсгалыг хүндэтгэнэ. Усанд дасгал хийж байх үед нь том цагаан аварга загас дайрч, бүсгүй шархдах юм. Эргээс 200 метр зайтай нэгэн жижигхэн газар дээр тэр үхэх сэхэхээ үзнэ.
47 Meters Down, 2017

Улс: Их Британи, АНУ, Доминикан
Төрөл: аймшиг, триллер
Найруулагч: Йоханнес Робертс
Мексикт амарч байсан эгч дүү хоёр хамгаалалтын тороор далайд бууж, аварга загас харах аялалд орно. Гэвч буур үеэр тросс тасарч, тэдний тор далайн ёроолд унана. Ганцхан цагийн агаартай тэд яах бол?
The Meg, 2018

Улс: АНУ, Хятад
Төрөл: аймшиг, зөгнөл, тулаан
Найруулагч: Жон Тертлтауб
Олон улсын станцын хөлөг санамсаргүй далайн ёроолын мөнхийн хөлдүү тагийг нээж орхино. Тэндээс 20 метр урт том аварга загас гарч ирнэ.
The Reef, 2010

Улс: Австрали
Төрөл: триллер, аймшиг
Найруулагч: Эндрю Трауки
Хэсэг найзууд Австралийн эргээр зугаална. Гэвч хөлөг онгоц нь осолдож, тэд эзгүй арал дээр очихоор шийднэ. Харин замд нь аварга загас хүлээж байх ажээ.
Kon-Tiki, 2012

Улс: Норвег, Их Британи, Дани, Герман, Швед
Төрөл: адал явдал, намтар, түүх, драм
Найруулагч: Йоаким Реннинг, Эспен Сандберг
Норвегийн залуу судлаач Тур Хейердал таван хүний хамт Номхон далайг эртний инкүүдийн аргаар хийсэн модон салаар туулахаар гарна. Асар том далайн сүр хүчийг бүрэн гаргасан кино.
The Life Aquatic with Steve Zissou, 2004

Улс: АНУ
Төрөл: тулаан, драм, мелодрам, инээдэм, адал явдал
Найруулагч: Уэс Андерсон
Далай судлаач Стив Зиссугийн хамтрагч нь нэгэн этгээд аварга загаст бариулан, амиа алджээ. Өшөөг нь авахаар шийдсэн Стив багаа бүрдүүлэн, анд гарна.
Soul Surfer, 2011

Улс: АНУ
Төрөл: драм, спорт, намтар, гэр бүл
Найруулагч: Шон Макнамара
Залуухан ч тун авьяаслаг серфингчин Бетани Хэмилтон багаасаа л далайн давалгааг давж сурсан тамирчин. Хавайн аралд бэлтгэл хийж байхад нь маш том аварга загас дайрч, зүүн гарыг нь таслаад одно. Бодит түүх.
