Манай хөлбөмбөг сонирхогчид Японы хөлбөмбөгийн домог “Кинг Казү”-г санаж байгаа байх. Гэхдээ түүнийг одоо болтол мэргэжлийн багт тоглож байгаа гэдгийг мэдээгүй болов уу. Казү одоо 59 настай, тоглосоор байгаа, гоол ч хийдэг. Өнгөрсөн амралтын өдрөөр тэр Эзэн хааны цомын тэмцээнд “Иваки Фүрүкава” багийн хаалганд гоол хийсэн юм.
Казүёши Миүра одоо Японы гуравдугаар дивизионы “Фүкүшима Юнайтед” багт зээлээр тоглож байгаа. Багийнхаа ахлагчийн албыг гүйцэтгэнэ. “Иваки Фүрүкава” багийг тэд нийт 7:0 ялсан бөгөөд Казү гоолоо хийгээд 3 минутын дараа сэлгээнд суусан юм. Тэр үүргээ гүйцэтгэсэн.
Казү одоогийн байдлаар зодог тайлах бодолгүй байна. Тэр 2005 оноос “Ёкохама” багт харьялагдаж байгаа ч сүүлийн жилүүдэд байнга зээлээр тоглож байгаа. Португал, Австралид тоглоод харин одоо Японд эргэн суурьшаад байгаа юм.
● “Сүзүга ПГ”, 2022-2023;
● «Оливейренсе», 2023-2024; Португал
● «Атлетико Сүзүка», 2024-2026;
● «Фүкүшима Юнайтед», 2026-н.в.
Тэр яагаад одоо болтол тоглосоор байна вэ? Хариулт амархан – Казү хөлбөмбөгт дуртай. Энэ жил тэр мэргэжлийн замналынхаа 42 дахь улиралд оролцоно. 44 жилийн өмнө 15 настайдаа сургуулиа хаяад хөлбөмбөгчин болохоор ганцаараа Бразилд очиж байлаа. Бразилын “Жувентус” багтай гэрээ байгуулж байв.

Казү Миүра “Би хөлбөмбөг тоглох хүслээр дүүрэн хэвээр байгаа. Өдөр бүр бэлтгэл дээр хамаг чадлаараа хичээдэг. Боломжтой бүхнийг хийж байна. Би ер нь хэзээ ч зодог тайлахгүй байх. Хөлбөмбөг бол миний амьдрал. Хөлбөмбөгөөр би амьдардаг. Тоглолт болгон аз жаргал. Намайг рекорд тогтоохын тулд байгаа гэж хэлэх хүн байдаг. Үгүй дээ, рекорд надад хэрэггүй. Гол нь надад багтаа лай болохгүй байх чухал. Багт хэрэгтэй бол би аз жаргалтай” гэж хэлж байлаа.
