Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн зөвлөлөөс тэмцээний дараа хийдэг хурлаа хийж, Нагоя башёг дүгнэлээ.
Зөвлөлийн тэргүүн Оошима Тадамори хэвлэлийн бага хурал дээр сүүлийн үед гэмтэл бэртэл их байгаа хоёр ёкозүнаг шүүмжилсэн ч ямар нэг сануулга өгөхгүй гэлээ. Гэхдээ анхааруулга, сануулга өгөхийн яг өмнөх шат гэдгийг тодотголоо.

Тэрээр “Хоёр ёкозүнад аварга хүний хувьд үүрэг, хариуцлага гэж бий. Бэртэл гэмтлээ эдгээгээд ард түмний өмнө ёкозүна хүн гэж ямар байдгийг харуулан барилдах үүрэг байгаа. Тэмцээний 14 дэх өдөр ёкозүна Хоошёорюү гэмтлээр тэмцээнээс гарсан нь маш харамсалтай. Түрүүлэх бөхийн өрсөлдөөнд явж байсан Киришима нэг даваа барилдалгүй авлаа. Хоошёорюү ёкозүна болоод нэг ч удаа түрүүлсэнгүй. Ёкозүна болж байсан үед хэлж байсан шигээ хичээн зүтгэж, бэлтгэлдээ шамдах хэрэгтэй гэсэн санал бодол зарим гишүүнээс гарсан. Ёкозүна Ооносато 15 хоног өнжилгүй барилдсан нь талархмаар. Гэхдээ 9 л давсныг нь харахад нэг л тогтвортой харагдахгүй байна. Урьд өмнөх шигээ сайн барилдах өдөр байхад заримдаа тун итгэлгүй нь харагдаж байсан. Ёкозүна цолны болзол сонсоод байсан озэки Киришимагийн талаар дэвшүүлэх санал гараагүй. Хүчирхэг ёкозүна болохын тулд маш сайн амжилт гаргах ёстой. Түрүү бөх Аонишики үнэхээр гэмтэл бэртлээ даван барилдсан. Сэтгэлийн хүч, хичээл зүтгэлийг түүнээс харлаа. Хоёр ёкозүнагаас ч гэсэн үүнийг хармаар байна” гэж мэдээллээ.
