UBLife Logo
Спорт

"QUAD QUEEN" эргэн ирнэ

"QUAD QUEEN" эргэн ирнэ

Есдүгээр сарын 4-6-нд Японы Токио хотноо болох "Кinoshita Cup" олон улсын уран гулгалтын тэмцээн энэ спортыг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татах төлөвтэй байна.

Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) “ISU Challenger series” цувралд багтдаг энэхүү олон улсын тэмцээнд ОХУ-ын уран гулгагчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, спортын болон бүжгийн хосын төрөлд бүгдэд нь оролцоно. ("Милан - 2026" Өвлийн олимпод ОХУ-ын гулгагчид зөвхөн ганцаарчилсан төрөлд хатуу шалгуурын доор оролцсон)

Мэдээж нилээн урт хугацаанд олон улсын тэмцээнд оролцоогүй Оросын гулгагчид ийнхүү эргэн ирж буй нь өрсөлдөөн, сонирхолыг нэмэгдүүлж, тэмцээний нэр хүнд, чанар чансааг өргөх нь ойлгомжтой.

Түүнээс гадна бараг 4 жил уралдаан, тэмцээнд гараагүй олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Александра Трусова (Игнатова) энэ тэмцээнд оролцох нь.

Ультра Си буюу хамгийн хүнд хэцүү элемент, дөрвөн эргэлттэй үсрэлтүүдээрээ алдаршиж, "Quad Queen" хэмээн нэрлэгдэх болсон Трусова "Бээжин-2022" олимпын эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ чөлөөт хөтөлбөртөө дөрвөн эргэлттэй үсрэлт тавыг гүйцэтгэн шуугиулж байсан билээ.

Бээжингийн олимпоос хойш олон улсын мөсөн дээр гараагүй Трусова өнгөрсөн хугацаанд "зүгээр" суусангүй ээ. ОХУ-ын уран гулгагч Макар Игнатовтой гэр бүл болж, (хосууд 2025 онд хүүтэй болсон), Александра 2026 онд Москвагийн Улсын Их сургуулийг (МГУ) сэтгүүлч мэргэжлээр төгсчээ.

Тэрбээр  нэрт дасгалжуулагч Этери Тутберизегийн багт эргэн ирсэн бөгөөд энэ улиралд богино хөтөлбөрөө Францын хореограф, дасгалжуулагч Бенуа Ришогийн найруулсан "Lara", чөлөөт үзүүлбэртээ Этери болон Глейхенгаузын бэлдсэн "Running Up That Hill" хөтөлбөрөө толилуулах ажээ. Эдүгээ 22 настай "Quad Queen" мөсөн талбайд хэрхэн эргэн ирэхийг харах цаг иржээ.

Дашрамд дуулгахад "Милан - 2026" олимпод оролцсон ОХУ-ын  Аделия Петросян өнгөрсөн зун Этери Тутберизегийн багаас гарч, одоогоор Инна Гончаренко дасгалжуулагч дээр бэлтгэлээ хийж буй гэнэ.

Ц.Энхтүвшин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...