UBLife Logo
Newsfeed
Улаанбаатарын намрыг илүү гоё болгодог 8 жижиг зүйл

Улаанбаатарын намрыг илүү гоё болгодог 8 жижиг зүйл

“Намар үнэртэж байна.Ер бусын гунигтай, найрсаг, үзэсгэлэнтэй зүйл. Би үүнийг аваад тогоруутай хамт хаа нэг тийш нисэх болно.”

А.П. Чехов

Намар цаг гэдэг юутай сонин улирал вэ? Уртхан санаа алдаж, хэсэг бодолд автан суумар ч юм шиг. Шарлан унах навчсыг чимээгүйхэн ширтэж, үл ялиг гунигт автах ч юм шиг. Эсвэл хэн нэгнийг хайрлаж, дурлахад хамгийн тохиромжтой, романтик улирал ч юм шиг. Гуниг, дурсамж, тайвшрал, догдлол гээд олон өөр мэдрэмжийг нэг дор төрүүлдэг нь намрын онцлог ч байж мэднэ.

Тэгвэл Улаанбаатарын намрыг илүү гоё болгодог 8 жижиг зүйл юу вэ?Намрыг хамгийн сайхнаар мэдрэхийн тулд заавал том зүйл хэрэгтэй биш бололтой. Өдөр бүр бидний анзааралгүй өнгөрөөдөг жижигхэн мөчүүд, энгийн зүйлс ч энэ улирлыг илүү дотно, сайхан болгож чадна.


1. Шарлаж унасан навчаар дүүрэн хотын гудамжаар алхах

photo by tulgaaskizz

“Намрын хамгийн романтик дүрслэл юу вэ?” гэж асуувал ихэнх хүн шарлан унасан навч, шар, улаан, бор өнгөөр будагдсан хотыг төсөөлөх байх. Энгийн хэр нь Улаанбаатарын намрыг илүү сайхан болгодог зүйлсийн нэг нь энэ. Замын хажуугаар салхинд хийсэх навчис, хөлд шаржигнан дуугарах навчны чимээ, намрын сэрүүхэн агаар...

Хотын хөл хөдөлгөөн дунд хэсэгхэн зуур өөрийнхөө хэмнэлээр алхах нь намрын хамгийн энгийн атлаа сайхан мөчүүдийн нэг билээ.

2. Хотын оройн гэрэл

Зуны урт өдрүүдэд бид оройн хотын гэрлийг тэр бүр анзаарч, утгаар нь мэдэрч чаддаггүй. Харин намар өдөр богиносож, орой эрт харанхуй болох үед Улаанбаатарын өөр нэг төрх илүү тод харагдана. Ажил, хичээлээ тараад гадагш гарахад гудамжны гэрэл аль хэдийн асчихсан, барилгын цонх бүрээс дулаахан шаргал гэрэл тусна. Хөл хөдөлгөөнтэй хотын дунд тэрхүү гэрлүүдийг харах нь өөрийн эрхгүй дотно, дулаан мэдрэмж төрүүлнэ.

Өдөр бүрийн хардаг хот маань орой болохоор арай өөр, илүү романтик харагддаг нь намрын бас нэг сайхан тал.

3. Сургууль, их сургуулийн хөл хөдөлгөөн

Намар болоход Улаанбаатар хотын хэмнэл хүртэл өөрчлөгддөг. Хичээл, сургууль эхэлж, хотын хаа сайгүй арван жилийн сурагчид, оюутнуудын хөл хөдөлгөөн нэмэгдэнэ.

Найзуудтайгаа инээлдэн алхах сурагчид, хичээлээ ярилцан явах оюутнуудыг харах нэг л гэгээлэг. Зуны турш нам гүмхэн байсан хот маань ийнхүү аажмаар сэргэж, Улаанбаатар буцаад өөрийнхөө ердийн хэмнэлээр амьдарч эхэлснийг мэдрүүлнэ. Хотын хөл хөдөлгөөн нэмэгдэх нь хүртэл намрын нэг сайхан өнгө ажээ.

4. Найзуудтайгаа өнгөрүүлэх чанартай цаг

Зуны дэлгэр цагт найзуудтайгаа уулзах тэр бүр амар байдаггүй. Хичээл, ажил амралтын хуваарь зөрөхөөс гадна зарим нь хотоос гарч, зарим нь аялж, амарч явна. Ажлын хамт олон ч мөн адил амралтаа аваад хэсэг хугацаанд сураггүй болно. Харин зун дуусаж, Улаанбаатарын хөл хөдөлгөөн эргэн сэргэхэд бидний “Хэзээ уулзах вэ?” гэсэн яриа ч найзуудын дунд дахин эхэлнэ.

Заавал гоё ресторан, онцгой газар хэрэггүй. Хамтдаа кофе ууж, хотоор алхах зуураа хэдэн цаг ярилцахад л хангалттай. Удаан уулзаагүй найзтайгаа нэг өдрийг хамт өнгөрүүлэхээс илүү намрын сайхан өдөр гэж юу байх билээ.

5. Намрын “playlist”

Улирал солигдоход бидний сонсдог хөгжим хүртэл дагаад өөрчлөгддөг. Зуны урт өдрүүдэд хурдан хэмнэлтэй, бүжиглэмээр дуунууд түлхүү сонсогддог бол намар арай тайван, зөөлөн хэмнэлтэй дуунууд руу өөрийн эрхгүй татагдах үе бий.

Магадгүй намрын “playlist” гэдэг зүгээр л нэг дууны жагсаалт биш байх. Тухайн дууг сонсоход тодорхой нэг өдөр, хүн, газар эсвэл дурсамж санаанд ордог тийм л дуунуудын цуглуулга байж болох юм. Тэгвэл өөрийн намрын дурсамжаар хөглөгдсөн “playlist”-ээ бидэнтэй хуваалцаарай.

6. Зүгээр л орших амралтын өдрүүд

Намрын хамгийн сайхан зүйлсийн нэг нь юу ч төлөвлөлгүй, чимээгүйхэн өнгөрөөх амралтын өдрүүд байж мэднэ. Гэртээ тухтай байх, дулаан хувцсаа өмсөх, кино үзэх, эхлүүлсэн номынхоо хэдэн хуудсыг уншаад суух, цонхоор хэсэг ширтэх эсвэл зүгээр л утсаа оролдож хэвтэх...

Заавал ямар нэг зүйл амжуулах гэж яаралгүй, амьсгаа аваад тайван суух тэр мөчүүд намрын нэг сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Магадгүй намар бидэнд амьдралынхаа хэмнэлийг түр ч болов удаашруулж, зүгээр л өөртөө цаг гаргах боломж өгдөг байх.

7. Халуун кофе

Зуны турш мөстэй кофе ууж дассан бид намар болохоор аажмаар халуун кофегоо санаж эхэлдэг. Сэрүүхэн өглөө дулаан хувцсаа өмсөөд, гартаа халуун кофе барин алхах нь намрын нэгэн дүр зураг мэт. Аяганаас гарах зөөлөн уур, гар дээр мэдрэгдэх дулаан, сэрүүхэн агаар гээд л бүгд л намрын улирлыг мэдрүүлэх зүйлс.

8. Жилийн сүүлийн бороотой өдрүүд

Улаанбаатарын бороо үргэлж романтик байдаггүй. Заримдаа ширүүн аадар асгаж, цахилгаан цахилж, бүр үер ч бууна. Гэхдээ жилийн сүүлийн бороо, тэр дундаа намрын бороо цаанаа л нэг сэтгэлд дотно, зөөлөн. Дулаахан газар тухлан суугаад цонхны цаана бороо орохыг харах хэчнээн сайхан бэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...