Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дууссанаас хойш үндэсний шигшээ багуудад зориулсан ФИФА-ийн өдрүүд анх удаагаа есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 6-ныг дуустал болж байна. ФИФА(Олон улсын хөлбөмбөгийн холбоо)-ийн дүрэм ёсоор үндэсний шигшээ багуудад дуудагдсан тоглогчийг клуб нь шигшээ багийн тоглолтоос дөрөв хоногийн өмнө чөлөөлөх үүрэгтэй байдаг.
Энэ үеэр шигшээ багууд тэмцээний урьдчилсан шатны болон нөхөрсөг тоглолтууд хийдэг. Жилдээ хоёр, гурав,зургаа, ес, арав, арваннэгдүгээр саруудад 8-12 хоног FIFA match days үргэлжилж, энэ үед шигшээ багууд 2-4 тоглолт хийх боломжтой болдог.
Энэ удаагийн ФИФА-ийн тоглолттой өдрүүд хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг гойд татаж байна. Учир нь:
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Лионель Месси аравдугаар сарын зургаанд Аргентиний шигшээгийн өмсгөлтэй сүүлчийн удаа хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө ногоон талбайд гарах нь.
21 жил Аргентиний шигшээд тоглохдоо Месси 2022 онд дэлхийн аварга болж, 2014,2026 оны ДАШТ-д аман хүзүүдэж байв.
Аргентиний шигшээ баг энэ өдөр Буэнос Айрес хотноо "Монументаль" цэнгэлдэхдээ Бениний шигшээтэй тоглох юм.
Ultimo partido... Сүүлчийн тоглолт
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Харин 41 настай, Мессигээс хоёр ах Португалын Криштиану Роналду өнөөдөр шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд 234 дэх тоглолтоо Уэльсийн (1:0) хийлээ. Дэлхийн аваргын дараа Португалын шигшээг 72 настай Жорже Жезуш удирдах болсноор КР7 шигшээ багтаа дахин тоглох магадлал өндөр болсон билээ. Учир нь Жорже Жезуш Криштиану Роналдуг "Аль Насср" багт дасгалжуулж байсан бөгөөд КР7-д маш өндрөр үнэлж, итгэдэг, ойлголцдог мэргэжилтэн.

Мэдээж 1000 гоолын босгонд хүрэхэд ердөө 21 гоол дутуу байгаа Роналду гоолоо ахиулах бүх боломжийг ашиглахыг хүсч буй.
Мөн Португалын өсвөр үе, идэрчүүдийн шигшээ багт шат дараалан тоглож буй 16 настай хүүтэйгээ Португалын шигшээд хамтдаа нэг болсон тоглохыг хүсч байж ч мэднэ. Мөн төрөлх эх орондоо, Португалд болох 2030 оны ДАШТ-д оролцоод зодог тайлах далдхан бодол ч байхыг үгүйсгэхгүй.
Уэльстай хийсэн тоглолтод КР7 гараанд гарч 67 минуд тоглохдоо хэд хэдэн аюултай довтолгоо хийж, бүүр гоол оруулсан ч VAR -аар отон тоглолт байсныг нягталж, тооцоогүй ээ. КР7 ба түүний нөхөд 27-нд Хааланд тэргүүтэй Норвегитой тоглох юм.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Хааланд гэснээс Норвегийн шигшээ өнөөдөр Данийг 3:2-оор хожиход Эрлинг Хааланд хоёр гоол орууллаа. Хааланд шигшээ багтаа 56 тоглохдоо 64 гоол оруулсан супер статистиктай явна. Сүүлийн зургаан тоглолтод ( клуб болон шигшээдээ) есөн гоол оруулж, "уяа сойлго" нь жинхэнэ ирэн дээрээ явна даа, Хааланд.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Өнөөдөр болсон бас нэг үзүүштэй тоглолт бол Нидерланд-Германы (1:1) шигшээ багуудын тоглолт. Хэзээний л "үзээтэй" болдог хоёр багийг хоёр шинэ дасгалжуулагч ( шигшээгийн хувьд) удирдсан. "Улбар шаруудыг" 1977 оноос хойш анх удаа гадаад дасгалжуулагч удирдсан нь Испанийн нэрт хөлбөмбөгч асан Хави.

Харин Германы шигшээг "Борусси Дортмунд", "Ливерпуль" клубыг амжилттай удирдаж, олон арван амжилтад хөтөлсөн цуут Юрген Клопп дасгалжууллаа.
Клопп шинээр " тохинуулж" буй шигшээдээ 44 тоглогч урьсан бөгөөд ойрын өдрүүдэд хийх 4 тоглолтод багаа хоёр хуваан хоёр хоёр тоглолтод тоглуулахаар шийдвэрлэсэн гэнэ.
⚽️⚽️⚽️⚽️⚽️
Домогт Зинедин Зидан Францын шигшээг удирдан Турк, Бельгийн шигшээтэй аялан тоглосны дараа аравдугаар сарын хоёронд "гэртээ" анхны тоглолтоо Италийн эсрэг хийх нь.

20 жилийн өмнө Зидан тоглогчийн хувьд шигшээ багтаа хамгийн сүүлд Италийн эсрэг ( тоглолт яаж дууссаныг бүгд мэдэх байхаа) хийсэн билээ.
Энэ тоглолтын 80 мянга гаруй тасалбар ганцхан хоногийн дотор зарагдаж дууссан гэнэ шүү!
⚽️⚽️⚽️⚽️⚽️
За тэгээд Англи-Испани, Хорват-Англи, Итали-Бельги, Португал-Норвеги, Испани-Хорват гэсэн ширүүн тулаан төдийгүй Аргентин-Бенин, Бразил-Энэтхэг гээд содон тоглолтууд бас мэлмий мялаах нь дээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
