Узбекистаны Самарканд хотноо үргэлжилж буй Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад оролцож буй манай шатарчид өнөөдөр ес дэх өргөө наадлаа.
Их мастер С.Билгүүн, ОУМ Г.Амартүвшин, М.Амилал, Х.Итгэлт, Ү.Агьбилэг нарын бүрэлдэхүүнтэй манай эрэгтэй баг Венесуэлийг 2,5:1,5 -аар хожин 9 өргийн дараа 6 хожил, гурван хожигдолтой болж, 205 орны 206 багаас 42 дугаарт бичигдэж байна. Маргааш манай эрэгтэй баг Австрийн шатарчидтай оюун ухаанаа уралдуулна.
Манай эмэгтэй ОУМ Б.Мөнгөнзул, эмэгтэй Их мастер Т.Мөнхзул, эмэгтэй Кандидат мастер Х.Баясгалан, ОУМ Б.Мөнгөнтуул, эмэгтэй ОУМ Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй шатарчид ес дэх өрөгт тэмцээнийг хошуучлагчдын нэг, хожигдолгүй яваа Казахстаны багтай наадан 2:2- оор "эвийн гэрээ" байгууллаа.
Эмэгтэй шатарчид маань есөн өргийн дараа 7 хожил, 1 тэнцээ, 1 хожигдолтой, 15 оноотойгоор 188 орны 189 багаас дөрөвт бичигдэж, олимпиадыг хошуучлагчдын нэг хэвээр үлдлээ. 9 өргийн дараа эмэгтэйчүүдээс БНХАУ-ын баг 8 хожил, нэг тэнцээ, 17 оноогоор тэргүүлж, Энэтхэг (7 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол, 15 оноо), Казахстан (6 хожил, 3 тэнцээ, 15 оноотой) эхний гуравт бичигдэж байна.
10 дугаар өрөгт манай охид долоод бичигдэж буй Польшийн багтай тоглоно.
Мөн манай гурван шатарчин ширээндээ шилдэг 15-д бичигдэж байна. Тухайлбал нэгдүгээр ширээнд Б.Мөнгөнзул 13-т, гуравдугаар ширээнд Х.Баясгалан тавдугаарт, дөрөвдүгээр ширээнд Б.Мөнгөнтуул 13-т бичигдлээ, 9 өргийн дараахь байдлаар.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
