Германы жүдо бөхийн лигийн тэмцээний үеэр гарсан нэгэн хэргийг ХБНГУ-ын Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “JC Leipzig” багийн гүрж жүдоч Акакий Джапаридзе “TSV Abensberg” багийн тамирчин Тимо Кавелиуст ялагдсаныхаа дараа цохиж, эрүүг нь хугалж, шүдийг нь цөмөлжээ. “Die Welt” сонинд бичсэнээр Тимог эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засалд оруулсан байна. Кавелиус ийнхүү ДАШТ-д оролцож чадахгүй болж байгаа юм.
“JC Leipzig” багаас Олон улсын жүдо бөхийн холбоонд гүрж тамирчны барилдах эрхийг насаар нь хасах шийтгэл оноохыг хүссэн байна. Харин эсрэг багаас Тимо ялчихаад жүдоч хүнд байж болшгүй араншин гаргасан тул Акакий Джапаридзе хяналтаа алдсан гэж тайлбарлаж байгаа юм.
Германы жүдо бөхийн лигийн Гүйцэтгэл зөвлөлөөс 24 настай гүрж тамирчны барилдах эрхийг бүх насаар нь хассан шийтгэл оноолоо. Гэхдээ энэ нь зөвхөн Германы нутаг дэвсгэр дээр үйлчлэх шийтгэл бөгөөд одоо Олон улсын жүдо бөхийн холбоо, Гүржийн жүдо бөхийн холбооноос ямар шийдвэр гаргах нь сонирхол татаж байна. Мөн Германы цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.
