UBLife Logo
Нийгэм

Хөгжлийн салхийг мэдрэх “Ханбогд марафон 2026”

Ub.life
Ub.life
Хөгжлийн салхийг мэдрэх “Ханбогд марафон 2026”

Говь нутгийг уудам их тал, элсэн манхнаар төсөөлдөг бидний төсөөллийг өөрчлөх онцгой нэгэн марафон Галбын говьд болж өнгөрлөө. Тодруулбал Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Ханбогд марафон 2026” -ийг Өмнөговь аймгийн ЗДТГ, Рио Тинто Монгол, Оюу толгой, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн дэмжлэгтэйгээр Монголын шигшмэл гүйгчид холбоо зохион байгууллаа.

Сүүлийн жилүүдэд Ханбогд суманд хөгжлийн салхи сэвшиж, суурин хүн ам 8600, хөдөлгөөнт хүн амын тоо нь 28 мянга орчим хүрч багахан хот болон тэлж буй билээ. Монгол орны хамгийн өмнөд цэг болох энэ газар 420 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, сумын хүн ам, айл өрхийн тоо өсөж, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байна. 

Энэ нь "Оюу толгой” компанийн Ханбогд сумыг хөгжүүлэх 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Хурдасгуур сангийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан  5 жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх зорилготой Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Ханбогд сумыг аюулгүй, гэр бүлд ээлтэй орчин бүхий тогтвортой хот болгон хөгжүүлэхээр нийгмийн болон бизнес хөгжлийн, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хугацаанд Ханбогд говийн бүсийн тогтвортой, хүртээмжтэй, цогц, ухаалаг загвар сум болон хөгжих суурийг тавьж, хүн амьдрахад таатай, ээлтэй орчныг алхам алхмаар бүрдүүлсээр байна.

10 дугаар сарын 10-нд болсон “Ханбогд марафон 2026” арга хэмжээнд орон нутгаас болоод нийслэлээс 700 гаруй хүн гүйхээр бүртгүүлж, говийн байгаль, сумын хөгжлийг хамтад нь тольдох сонирхолтой маршрутаар гүйжээ.  

55.6 сая төгрөгийн шагналын сантай тус марафон 5 км, 10 км, 21 км -ийн маршруттай ба хагас марафон нь Дэмчогийн хийдийг тойрсон авто замаар үргэлжилсэн бол бусад нь Галбын цэцэрлэгт хүрээлэнгээс гарч, сумын төвийн гол замууд, бүтээн байгуулалтууд дагуу гүйснээр буцаад Галбын хүрээлэнд бариалжээ. 

Гүйгчид Монгол Улсын хамгийн урт буюу 25 км хатуу хучилтат авто замтай сумаар, байгалийн өвөрмөц тогтоц, алдарт Дэмчогийн хийд, сумын бүтээн байгуулалт, жишиг хороолол, спорт комплекс, цэцэрлэгт хүрээлэн зэргийн дундуур гүйж сонирхолтой туршлага хуримтлуулсан нь гарцаагүй. 

“Хамтдаа гүйе, Хамтдаа бүтээе” уриатай тус марафоны үеэр оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, олон улсын стандартын дагуу усны зогсоол, анхны тусламжийн цэг зэрэг шаардлагатай бүхий л стандартыг хэрэгжүүлэн ажилласан нь сайшаалтай. Энэхүү марафоныг цаашид уламжлал болгон зохион байгуулж олон нийтийн оролцоо, эв нэгдэл, эрүүл амьдралын хэв маягийг илэрхийлэх арга хэмжээ болгох зорилготой буйгаа зохион байгуулагчид илэрхийлээд буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...