Францын хөлбөмбөгч Килиан Мбаппе “Алтан бөмбөг” шагнал авч чадсангүй дээрээ нэмээд олон улсын асуудалд ороод байна. Энэ бол Мбаппе “The Bridge” ток-шоунд оролцож байх үеийн асуудал. Шигшээ багт хэт нөлөөтэй болсон түүнийг ДАШТ-ий үеэр бүгд “дарангуйлагч” хэмээн нэрлэж байсан билээ. Хөтлөгч энэ талаар асуухад Мбаппе “Маш олон гэрэл зураг, бичлэг гарч байлаа. Хамгийн инээдтэй нь намайг Хятадын дарангуйлагчтай адилтгасан зураг байлаа. Би тэр зургийг найзууддаа байнга илгээдэг” хэмээн жирийн хариулсан. Харин тэр хятад дарангуйлагч нь Мао Зэ Дун байсан юм. БНХАУ-ыг үндэслэгч Мао. Мбаппегийн оролцсон нэвтрүүлгийг яаралтай хаасан ч хятадууд үзэж амжжээ. Спортын “Dongqiudi” сайт тус мэдээг дамжуулахдаа “Хятадын ард түмнийг доромжилсон тэр үгийг бид орчуулахаас татгалзаж байна” гэж бичсэн байлаа. Хэдхэн цагийн дотор Хятадын цахим ертөнц Мбаппетай дайн зарлаж, түүний тухай мэдээллийг устгаж эхэлжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Цзякунь “Манай иргэдээс маш их гомдол санал ирж байна. Хятадын ард түмнийг доромжилсон ямар ч үг, үйлдлийг бид эсэргүүцнэ. Удахгүй нийгэм хариу цохилт өгнө” гэсэн нь биеллээ олсон юм. Тэр дороо Мбаппетай хамтран ажилладаг Хятадын 3 компани гэрээгээ цуцаллаа. Сүүний “Mengniu”, ундаа үйлдвэрлэгч “Dongpeng”, бяслагны брэнд “Milkground”. Тэд бүгд Хятадын ард түмнийг доромжилсон хүнтэй хамтран ажиллах боломжгүй гэжээ.

Хятадын олон нийтийн сүлжээнүүд Килианы тухай нийтлэл, мэдээнүүдийг устгаж эхэллээ. Мбаппе тун шуурхай хүлцэл өчсөн. Хүлцлээ тэрээр франц, англи, хятад хэл дээр гаргаж “Саяхан болсон нэгэн ярилцлага дээр би үг хэлсэн. Маш хариуцлагагүй үг хэлж, маш олон хятад хүн, дэлхий дээрх хятад иргэдийн сэтгэл санааг доромжилсондоо уучлал гуйж байна. Би ингэх зорилгогүй байсан. Би Хятадын түүх, ард түмнийг хүндэтгэдэг. Би их харамсаж байна” гэсэн байлаа.
Дээрх гурван компанийн сурталчилгааны гэрээг алдсанаар Мбаппе 10 сая еврогийн алдагдал хүлээсэн. Гэхдээ цаашдын таамаглал, ирээдүйг тооцоод үзэхэд тэрбум хол давсан Хятадын зах зээлийг алдаад Мбаппе нийт 100 сая ам.доллар алдаж байгаа хэрэг гэж шинжээчид үзжээ. Харин энэ тоог яаж гаргаснаа тэд тайлбарласангүй.

Өөр гарсан уршгууд:
● Хятадын төрийн CCTV телевиз энэ сарын 26-наас эхлэн Испанийн Ла лигийн тоглолтыг дамжуулахаа зогсоолоо. Мөн Мбаппегийн бүх дүрсийг устгажээ.
● Ла лигийн гол цахим түнш Migu одоогоор хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан талаар мэдээлэл хийгээгүй. Тэд Испанийн хөлбөмбөгийг БНХАУ-д дэвшүүлэх, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх талаар гэрээ байгуулсан байлаа. Гэхдээ Ла лигийн тэргүүн Тебас хэдийн Хятадын талаас уучлал гуйсан байгаа.

● Харин Хятадын тал Ла лиг төдийгүй Мадридын “Реал” багаас уучлал хүлээж байна. Хятадын хөлбөмбөгийн холбооноос “Реал” багтай холбогдож, албан ёсны уучлал гуйхыг шаардсан гэжээ.
● Барууны хүмүүсийн хувьд Мао Зэ Дун жирийн нэгэн түүхэн зүтгэлтэн байж болох ч БНХАУ-д түүнийг тахин шүтэж байсан үе бий. Тэрээр БНХАУ-ыг үүсгэн байгуулж, 1976 онд нас барах хүртлээ удирдсан. Түүний зураг Тяньаньмэнь талбайд мандаж, Бунхан нь сүндэрлэж, мөнгөн дэвсгэрт дээр ч зураг нь бий.

2019 онд НБА лигийн “Хьюстон” багийн ерөнхий менежер Дэрил Мори Хонконгийн жагсаалыг дэмжсэн үг жиргэсэн. Үүний хариуд БНХАУ-ын CCTV телевиз бүтэн нэг жил Америкийн сагсан бөмбөг гаргаагүй. Тэр жил мөн Месут Озил уйгаруудыг дэмжсэн үг хэлээд Хятадад “Арсенал” баг гарахаа больж байсан түүхтэй.
