Бидний хийдэг энгийн үйлдэл бүр хэдэн мянганы тэртээ хүн үүссэн цагаас эхлээд л байгалийн шалгарал, амьдралын шаардлага зэргээс улбаалан бүрэлдэн тогтсон байдаг. Тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн харилцаа нь анхандаа зөвхөн үр төлөө үлдээх зорилготой байжээ. Харин тэдний уруул уруулаараа үнсэлцэж, дотно буйгаа илэрхийлэх зан үйл хэзээнээс бий болсон юм бол? Судлаачдын өгүүлж буйгаар хүнээс өөр "үнсэлцдэг" амьтан байхгүй аж. Уруул хэмээх хоол тэжээл хүртэх, дуу авиа гаргах зэрэг олон чухал үүрэгтэй, мэдрэмтгий эрхтнийг бид яагаад дотно энхрий харилцааны хэлбэрт "ашиглах" болсныг эрдэмтэд дараах байдлаар тайлбарладаг.
Нялх хүүхэд төрөлхийн уруулаараа хүрэлцэх дуртай байдаг. Энэ нь бид төрөнгүүтээ шууд хөхний сүүгээр тэжээгдэж, амьдралын анхны үйлдэл маань хөхөх рефлекс байдагтай холбоотой. Уруулын хүрэлцэх мэдрэмж энэ үеэс л хөгжиж эхэлдэг аж. Мөн эх үрийн харилцаа үнсэлтээр дамжин дотно болдог нь хүний өвөг дээдэс үр хүүхдээ амандаа зажилж буталсан хоол хүнсээр тэжээдэг байсан гэх таамаглалтай холбоотой. Ингэж хооллох үзэгдэл бидний хамгийн ойрын хамаатнууд болох Шимпанзе болон бусад төрлийн сармагчингуудад ч ажиглагддаг байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан 168 төрлийн соёл иргэншлийн судалгаанаас үзэхэд тэдний 46 хувь нь л романтик харилцааны үеэр үнсэлцдэг зан үйлтэй болох нь тогтоогджээ. Харин бусад нь үнсэлцэхээс өөр, төрөл бүрийн үйлдлээр дотно харилцаанд оролцдог гэж Лас Вегасын их сургуулийн антропологийн профессор Уильям Янковиак ярьжээ. Жишээлбэл зарим соёлд эмэгтэй нь доош сууж, эрэгтэй нь дээрээс нь дарж, бие биенээ үнэрлэн дурлалцдаг байна.
Тробрианд арлууд дахь Папуа Шинэ Гвинейн зүүн эрэг дагуух омгуудад хосууд нүүр тулан сууцгааж, сормуусаа шүргэлцүүлэх нь хамгийн дотно байгаагийн нэг илрэл юм. Ийнхүү хоёр хүний бие биедээ хайраа илэрхийлж, ойр дотно байх арга замууд соёл бүрд өөр ажээ.
Мөн үнсэлт нь үнэрлэх явцаас үүссэн байж болзошгүй бөгөөд олон амьтад ямар нэгэн зүйлийг хортой хоргүй, аюултай үгүйг мэдэхийн тулд үнэрлэж үздэг байна. Монголчууд ч бас сэтгэлтэй хүнийхээ духыг үнэрлэх, хол явахаар зэхсэн хүүхдийнхээ хацрыг нь үнэрлэх зэрэг заншилтай билээ.
Эх сурвалж: BBC
