UBLife Logo
Newsfeed

"e-Mongolia" шинэчилсэн хувилбараас мэдвэл зохих 7 БАРИМТ

Г.Сүрэн
Г.Сүрэн
"e-Mongolia" шинэчилсэн хувилбараас мэдвэл зохих 7 БАРИМТ

Төрийн үйлчилгээг интернэт ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжтой e-Mongolia үйлчилгээ өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр анх ашиглалтад орж байв. Энэ хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй болж, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байв. Тэгвэл өнөөдөр /2021.10.01/ тус аппликейшний шинэчлэгдсэн 2.0 хувилбар хэрэглээнд нэвтэрлээ. Шинэчилсэн хувилбар бидний амьдралыг хэрхэн хөнгөвчилж чадах вэ? 

#1 Иргэн бүрт Digital ID үүсч, иргэний бичиг баримт цахимжлаа

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримт цахим хэлбэрт шилжлээ. Ингэснээр жолооч e-mongolia гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй гэсэн үг.

Цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсны дагуу үйлчлэх юм. 

#2 Нэр дээр бүртгэлтэй мэдээллээ шууд харна

Тухайн иргэн өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй мэдээллээ “e-Mongolia” системээс харж болдог боллоо. Уг системээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 24 төрлийн лавлагаа, иргэний бүртгэлийн 3 үйлчилгээг иргэд авах боломжтой байсан бол энэ удаагийн шинэчлэлээр хуулийн этгээдийн 10 төрлийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо. 

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 20 гаруй үйлчилгээ шинэчлэгдэж буй “e-Mongolia” системд оржээ. Үүний зэрэгцээ тус системээс 100 орчим тусгай зөвшөөрлийг авах, сунгуулах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой юм.

#3 Нэвтэрч орох илүү хялбар 

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системд иргэдийн танилт, нэвтрэлтийг хялбаршуулжээ. www.e-mongolia.mn сайт дээр QR байршсан бөгөөд тус QR кодыг e-mongolia гар утасны аппликейшнээр уншуулмагц систем рүү хялбар нэвтрэх боломжтой болох юм. Мөн пин кодоор нэвтрэх хөгжүүлэлт хийгдсэн ажээ.

#4 Танд шаардлагатай төрийн үйлчилгээнүүдийг хиймэл оюун (AI) санал болгоно

Хиймэл оюун ухаанд суурилсан “e-Mongolia” систем нь иргэн танд ажлын байр, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, боловсролын тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт Монгол Улсын иргэн бүрд хэрэгтэй төрийн үйлчилгээ, хөтөлбөрүүдийг санал болгох юм. Мөн цаашид иргэний гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг иргэний бичиг баримтын хугацааг дөхөж буйг сануулах хөгжүүлэлтийг хийж байна.

#5 Зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ үнэгүй харна

Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой.

#6 Хамгийн их гомдол бүртгэгддэг ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрөл цахимжив

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Авилга хүнд суртлын эсрэг  11-11 төвөөр дамжуулан иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн хүнд сурталтай, шат дамжлага ихтэй үйлчилгээг цахимжуулж байна. Хамгийн их гомдол бүртгэгддэг ачаа тээвэрлэлтийн С зөвшөөрлийг цахимжууллаа. 

#7 Шинэчлэл үргэлжилсээр... энэ сард нийт 92 үйлчилгээ шинээр нэвтэрнэ

Шинэчлэгдсэн “e-Mongolia” системд улсын бүртгэлийн 60 гаруй үйлчилгээнүүд нэмэгдэж ороод байна. Мөн энэ аравдугаар сард багтан "e-Mongolia" системээр дамжуулан компани байгуулах, хуулийн этгээдийн гэрчилгээг онлайнаар авах гэхчлэн 92 үйлчилгээ шинээр хэрэглээнд нэвтрэх юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.