Сүүлийн үед дэлхий дахинд өрнөж буй эерэг үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1. Хуванцар хаягдлыг дахин боловсруулах дэлхийн хамгийн том үйлдвэр Швед улсад нээгдлээ. "Site Zero" гэх тус үйлдвэр нь жилд 200,000 метр тонн хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд карбон диоксид (CO2) болон бусад хүлэмжийн хийг огт ялгаруулахгүй онцгой давуу талтай юм.

2. Агаарын бохирдлыг бууруулахаар Барселона хотод нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих картыг иргэддээ тарааж эхэлжээ. Гурван жилийн хугацаанд ашиглах уг картын хүчээр иргэд автомашинаас татгалзаж, улмаар замын түгжрэл буурах, агаарын чанар сайжрах сайн үзүүлэлтүүд гарч байна.

3. Лондон хотын хувцасны үйлдвэр Филиппиний хаягдал хан боргоцойны хальсаар веган арьсан хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Филиппинд жил бүр дунджаар 13 тонн хан боргоцойн хальс хаягддаг бөгөөд бүрэн боловсорсон жимсний 45 хувь нь шууд хаягддаг аж.

4. Германы амьтны асрамжийн газраас нохой, муур, тэжээвэр амьтдыг эзэдтэй нь холбож өгөхөөр "Tinder" шиг ашиглах "Captian Kirk" нэртэй аппликейшн зохион бүтээснээ танилцууллаа. Нохой, муурын зургийг үзэхэд танилцуулга хэсэгт тухайн амьтны мэдээлэл, сонирхол, өвөрмөц онцлог гарч ирэх юм. "Амьтад өөрсдийн гэсэн шинэ гэр, шинэ хамтрагчтай болох нь насан туршийн шийдвэр тул бид хөнгөхөн хандахыг хүсээгүй. Тэд хаягдсан амьтад биш, зүрх сэтгэлтэй бүхэл бүтэн амьдрал юм" гэж "Captian Kirk"-ээс мэдээлжээ.

5. Их Британийн Уэльс мужид шинэ хүүхэд төрөх бүрт 9,000 км зайд байрлах Уганда улсад мод тарьсаар сүүлийн гурван жилийн хугацаанд 15 сая гаруй модыг тарьж ургуулжээ. "Size of Wales" нэртэй уг төсөл 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхэд төрөх бүрт төрөлх Уэльс мужид нь нэг мод, Уганда улсад нэг мод тарих юм. Мөн хүүхэд бүрт өөрийнх нь хүчээр тарьж ургуулж буй Уганда дахь ой модонд очих урилгыг илгээдэг гэнэ.

6. 180 орны 50 сая гаруй сайн дурынхан нэгдэн Дэлхийн Их цэвэрлэгээний өдрөөр (жил бүрийн есдүгээр сарын 15) гол мөрөн, нуурын эргээр хаягдсан их хэмжээний хог хаягдлыг түүн цэвэрлэжээ. Герман улсад л гэхэд 900 гаруй бичил хэмжээний эвэнт зохиогдсон бол Францад 600, Италид 500 гаруй бүлгэмүүд цуглан сайн дурын цэвэрлэгээ хийжээ.

7. Испани улс жимс, хүнсний ногооны нэг удаагийн хуванцар баглаа боодлоос бүрэн татгалзаж, 2023 он гэхэд хэрэглээнээс бүрэн халахаар хуулийн төсөл баталлаа. Тус улсад л гэхэд жил бүр 1.6 тонн хуванцар хаягдал гардаг бөгөөд талаас хүрэхгүй хувийг нь дахин боловсруулдаг байжээ.

8. Ердөө 73 тоо толгой үлдээд байсан Өмнөдийн махчин халим нь нэн ховордож буй амьтдын нэг. Тэгвэл Хойд Номхон далайд орших уг махчин халимын гурав нь "жирэмсэн" буюу үр төлөө тээж буйг судлаачид олж тогтоожээ. Махчин халимын тоо толгойг цаашид бууруулалгүй хадгалах, өсгөн нэмэгдүүлэх нь экосистемийн өндөр ач холбогдолтой юм.

9. Европын Парламент амьтан дээр судалгааны зориулалтаар лабораторийн туршилт хийхийг бүрэн хориглолоо. Жил бүр Европын орнуудад 10 сая гаруй амьтан дээр туршилт, судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд үүний 70 хувь нь биоанагаахын зориулалттай байжээ.

Эх сурвалж: Happy Broadcast