Японы нэрт зохиолч Харуки Муракамигийн 2014 онд хэвлүүлсэн "Men Without Women" өгүүллэгийн түүвэрт багтсан "Drive My Car" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт кино бүтээл олон улсын 19 кино наадмын 39 төрөлд нэр дэвшсэнээс 19 төрөлд ялалт байгуулжээ. Каннын кино наадмын "Шилдэг зохиол", Нью-Йоркын кино шүүмжлэгчдийн шагналын "Шилдэг кино", Готам хотын кино наадмын "Шилдэг гадаад кино" шагналыг тус тус хүртэж, энэ оны буюу 94 дэх удаагийн Оскарын кино наадамд Японыг төлөөлөн "Шилдэг гадаад кино" төрөлд өрсөлдөх юм. 2022 онд зохиогдох долоон кино наадмын дүн хараахан гараагүй байна.

Уг бүтээл нь олон улсын тэргүүлэх сайтуудын 2021 оны шилдэг кино жагсаалтын эхний 10-т бичигдсэн бөгөөд кино шүүмжлэгчдийн Rotten Tomatoes сүлжээнд 98%, IMDb сүлжээнд 8.0 оноо аваад буй.

Найруулагч Рюсукэ Хамагутигийн эл бүтээлд дөрвөн настай охиноо алдаад удаагүй театрын жүжигчин Кафуку болон түүний эхнэр Ото нарын амьдралыг өгүүлэх аж.