Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Дэлхийн кино урлаг дахь хамгийн хайр татам хосууд | Tegshee's Movie Corner


Тунгалаг оюуны мөнхийн гэгээ (Eternal Sunshine of Spotless Mind)

“Тунгалаг оюуны мөнхийнө гэгээ” бол 2000 оноос хойш гарсан хайрын тухай хамгийн гоё кино ч байж мэднэ. Нэр нь хүртэл “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” шүү.

Жоел (Жим Кэрри) муудалцаж салсан найз бүсгүйгээ аргадаж эвлэрэхээр ажил дээр нь очтол найз бүсгүй Клем нь (Кэйт Уинслет) түүнийг таньдаггүй, тэр байтугай өөр эртэй их л дотно байдалтай яриа өрнүүлж зогсоно. Төдөлгүй Клем Жоелтой холбоотой бүхий л дурсамжаа ой санамжнаасаа устгуулсан болох нь илэрдэг. Клемд гомдож хорссон Жоел ч түүнийг оюун ухаанаасаа арчиж хаяхыг хүснэ. Клемийг ой санамжнаасаа устгуулснаар гэвч Жоелийн дотор шинжлэх ухаан, логикт ч үл захирагдах хүчирхэг, шижир хайр сэтгэл өндийнө…Жоёл, Клем хоёр бол орчин цагийн кино урлагийн түүхэн дэх хамгийн хайр татам хосууд билээ.

Чункинг экспресс (Chunking Express)

Гуниг, шаналал, ганцаардал гэсэн мэдрэмжүүд Вон Кар Вайн кинонд үргэлж л үзэсгэлэнтэй оршдог, мөнхүү Вон Кар Вайн дэлгэцэнд урладаг хайр "аниргүй" байдлаараа үзэгчдийн сэтгэлийг сандаачин үймүүлэх хүчтэй байдаг. Чункинг экпсресст хайртай бүсгүйгээсээ салсан хоёр эрийн түүх сөөлжлөн өрнөнө. Гадуур нь хэдэн сая хүн хөлхих их хот Хонг Конгд онгоцны үйлчлэгч найз бүсгүйгээсээ салсан цагдаа хайртыгаа санан гуниглах авч удалгүй түлхүүрээ орхиж явдаг явуулын хоолны газрын нэгэн бүсгүйтэй танилцсанаар өөр нэгэн хайрын түүх эхэлнэ. Азийн алдарт жүжигчин Тони Люн, Фая Вонг хоёрын хослол болсон сайх дүрүүд хар зөнгөөрөө л хэн хэнийхээ төлөө үйлдэж, нэгнийгээ эдгээдэг нь хайр татам…

Халамцуу хайрын хүч (Punch Drunk Love)

Америкийн өнөө цагийн хамгийн алдартай Инди найруулагчдын нэг П.Т.Андерсоны бүтээл. Найман эгчтэй, айлын отгон хүү, жижиг гарын бизнес эрхлэгч Барри Эган шалтгаангүйгээр уйлдаг, гэнэт тэсэрч уурлахдаа юм хум эвдэж хэмхэчдэг гэх мэт сэтгэцийн жижиг сажиг асуудалтай нэгэн. Ажилдаа цэнхэр өнгийн хослол өдөр алгасалгүй өмсөх, урамшууллаар насан туршдаа онгоцоор аялах эрх хожихын тулд тоо томшгүй их пуддинг худалдан авах зэрэг “хэвийн бус” авиртай тэрээр нэг л өдөр эзнээрээ юуг ч хийлгэж мэдэх хазааргүй, эрэмгий хайртай учирдаг…

Зоригтой дурлах ч чадваргүй болсон хэт тооцоотой, хэвийн, завгүй  орчин цагийн зарим “ухаалаг” залуусаас “эрүүл бус” Барригийн сэтгэл хавгүй уудам, шижир, зоригтой болохыг дурлал нь гэрчилнэ…

Гэртээ харих зам (The Road Home)

Хятадын найруулагч Жан Имоугийн сор бүтээлүүдийн нэг. Эгэл жирийн тосгоны бүсгүй, багш залуугийн эгэлгүй хайрын түүх. Дорнын “Титаник”.

Зоргоор зүрхтэн (Wild at Heart)

Хүний сэтгэлзүйгээр наадагч жигтэй кинонуудын эзэн найруулагч Дэвид Линчийн хамгийн романтик, оргилуун кино нь. “Бид хувцсаа урагдтал тохой шүргэлцсэн боловч гал авалцаагүй” гэж анхнаасаа л нэг болж өгөөгүй учрал тохиолын тухайх гунигт эшлэл тун хөндүүр санагддаг. Харин зоргоор зүрхтэн киноны Бари, Лула хоёр бол тохой шүргэлцэх байтугай ширтэлцэхэд нь л гал дүрэлзэн асахуйц зоргоор, бадрангуй хайрын эзэд…

Баянбүрд (Oasis)

Солонгосын орчин цагийн кино урлагийн хамгийн алдартай Auteur-уудын нэг Ли Чан Доны бүтээл. Жун Ду бол хүн дайрч алсан хэргээр шоронгоос саяхан суллагдсан, гэрийнхнийхээ толгойн өвчин болсон “бүтэлгүй” этгээд. Нарснаас наранд гармагцаа тэрээр хохирогчийн гэр бүлтэй очиж уулзах гэж яваад хохирогчийн том охин, тархины саажилт өвчтэй Гун Жутай санамсаргүй танилцдаг. Гар нь татаж, нүүр ам нь эвгүй мурилзан татваганах Гун Жу бүсгүйг хүмүүс нэг бол өрөвдөж, эсвэл харахаас ч жийрхэн нүүр буруулцгаах нь элбэг. Харин бүтэлгүй этгээд Жун Ду л эрэмдэг бүсгүйтэй анх удаа хүн ёсоор харилцдаг. Тэдний анхны учрал тун “эвгүй” эхлэх боловч цаашлах тусам нийгэм, ойр тойрныхондоо шаарлагдаж гологдсон хоёрын сэтгэл уярам хайрын түүх хөвөрнө…Киноны төгсгөл тийм эмгэнэлтэй эсвэл гунигтай биш л дээ, гэхдээ яагаад ч юм би лав уйлсан.

Ли Чан Дон ер нь гоё найруулагч шүү, хүсвэл та түүний “Poetry”, “Secret Sunshine” зэрэг кинонуудыг үзээрэй, харамсахгүй.

Орчуулгын алдаа (Lost in Translation)

Хүн цөөтэй, хөнгөн хөгжим эгшиглэсэн, нам гүмхэн бааранд ганцаараа “Suntory” виски шимэн дотроо халааж суух хижээл насны эр Боб хэзээд хүний хөлд дарагдаж, “амьдрал” буцалж байдаг  эрч хүчтэй шөнийн гудмаар шот татаад л бааруудаар хэсэж баймаар залуу халуун Скарлет хоёр Токиод “учирдаг.” Боб хорин таван жилийн гэр бүлийн харилцаанаасаа түүртэж залхан дунд насны хямралыг туулж яваа нэгэн. Скарлет харин гол төлөв эзгүй байдаг алдартай гэрэл зурагчин нөхрөө санагалзан буудлынхаа өрөөнд уйтгарлаж суудаг. Нас, хүйс, амьдралын хэв маяг, ер гаднаас нь харахад бүх л зүйлээрээ ялгаатай эл хоёр хүнийг ганц л зүйл нэгтгэж буй нь ганцаардал. Мөн хэн хэн нь “энэ амьдралдаа чухам юу хийгээд буйгаа” өөрсдөөсөө битүүхэн шалгаан шанална. Эр, эмийн учралыг нялуун үнсэлт, элдэв романтиклалд хутгалгүй “хүн ёсоор” нь, халуун дулаан, ханьтай дүрсэлсэн орчин цагийн шидээвэр гэвэл гарцаагүй “Орчуулгын алдаа” юм.
Өнөө цагийн хамгийн алдартай эмэгтэй найруулагч Софи Коппола 2003 онд 32 насандаа нөхөр Спайк Жонсоосоо (“Her”киноны найруулагч) салсныхаа дараа “Lost in Translation”-аа хийсэн нь ч нэгийг өгүүлэх биз.

Зогссон цаг хугацаа (Cashback)

Дүрслэх урлагийн сургуулийн оюутан Бен  найз охиноосоо салснаар олон хоног дараалан нойргүйдэх болдог.Унтахгүй болсноор амьдралын цаг хугацаа нь гурав дахин сунаж урт шөнүүдийг барах гэж Бен шөнийн дэлгүүрт худалдагчаар ажиллах явцдаа цаг хугацааг зогсоох онцгой чадвараа олж нээдэг. Цаг хугацааг зогсоох нь кино ертөнцөд тийм онцгой сэдэв биш хэдий ч сайхь кинонд харин тун жигтэй байдлаар илэрнэ.Найруулагч Шон Эллисийн уг бүтээл аль нэг хормыг онцлох аргагүйгээр бүхэлдээ жигтэй боловч үзэсгэлэнтэй мөчүүдээр дүүрэн... 

Би бас Эрл бас Үхэж буй охин  (Me and Earl and Dying Girl)

Кино эхлэхэд нэгэн түүх хүүрнэх өсвөр насны хүү багаасаа Earl хэмээх найзтайгаа европын артхаус, сонгодог кинонд дурлаж найзтайгаа цуг кинонуудын нэрийг өөрчилж хувьхандаа өнөөх мундаг кинонуудыг дуурайж хийдэг байжээ. Хоёр бяцхан хүү жижигхэн камераа бариад усан сангийхаа өмнө хар хувцас нөмөрч суучихаад шатардаж байгаа дүр зураг, мэдээж суут Бергманы "Долоо дахь хориг" киноны алдартай хэсэг (Үхэлтэй шатар тоглодог!), энэ мэтээр олон артхаус сонгодгуудийг дуурайж хийж буй зураглалууд хөвөрнө. Мөн дуурайж хийсэн кинонуудынхаа нэрийг ч бас элдвээр өөрчилдөг гэж байгаа Eye Wide Shut-ийг Eye Wide Butt гэх зэргээр. 

Ахлах сургуулиа төгсөх гэж буй өнөөх өгүүлэгч хүүд Earl-ээс өөр найз байхгүй, гэхдээ кино найруулагч болохыг хүсдэг, кино найруулагч Вернер Херцогийг шүтдэг, хувьхан ертөнцдөө бүгсэн, өсвөр насны хямралыг туулж яваа жирийн л нэг царай муутай жаал. Нэг өдөр ээжийнхээ шахалтаар хорт хавдар туссан танил охиныдоо очиж сэтгэл санаагаар өргөж, хань болохоос аргагүй болно. Ээж нь л хүүгээ өвчтэй найздаа хань бол, дэмж гэж шахсан хэрэг. Үхэж буй охин хүү хоёрын дунд нэг нэгнийхээ нулимсыг арчиж мөрийг нь түшилцсэн, "чи өвчнөө ялж чадна" зэрэг урмын үгтэй элдэв уянгын харилцаа үүсэхгүй. Гэхдээ кино төгсөхөд түүнээс ч илүү догдлом зүйл болно. Товчхондоо “Me and Earl and Dying Girl” бол нөхөрлөл, өөрийнхөө хэн болохыг ойлгох, бэдрэх тухай өсвөр насны сэдэвт кинонуудаас ойрд хийгдсэн хамгийн сайн кино гэвэл хилс болохгүй.

Ногоон дэлхийгээ хайрлая (Save the Green Planet)

Элийрэл, эмгэнэл, инээдэм, ер юм юмны тухай кино. Магадгүй “Ногоон дэлхийгээ аваръя” бол солонгосын кино урлагийн түүхнээ гарсан хамгийн эх чанарт, онцлох бүтээлүүдийн нэг байх. Олон нийтийн зах зээл, үзэгчдийн хүрээнд төдийлөн нэвтэрдэггүй сайх киног ихэнх үзэгчид сонсоогүй байхад гайхах явдалгүй.

Бён Гу харь гарагийн тухай фанатик бодолдоо хөтлөгдсөөр найз охинтойгоо нийлэн нэгэн корпорацийн захирлыг барьцаалдаг. Өнөөх корпорацийн захирлаа харь гарагийн туршуул хэмээн үзсэнээс тэр шүү дээ. Бён Гу л харь гарагийн туршуулуудыг илрүүлж, эх дэлхийгээ аврах цор ганц хүн хэмээн өөрийгөө бодно.

Бён Гугийн хувьд харь гарагийхан үсээрээ бусадтайгаа холбоо тогтоодог, арьсны хамгийн зөөлөн хэсгүүдэд нь дайснаа устгах хүчирхэг хэрэгсэл байдгийг олж тогтоосон болохоор барьцаалсан хүнийхээ үсийг хусаж, арьсны зөөлөн хэсгүүдийг нь төмрийн зөөлөн хуурайгаар юу ч үгүй үрээд хаячихна. Киноны энэхүү хэсгүүд дэндүү элий тул ухаалаг инээдэм, өөгүй гүйцэтгэл үзэж дадсан нэгний хувьд ихээхэн хэцүү санагдаж мэднэ.

Харин кино цааш өрнөх тусам тэрхүү элийрэл зугууханаар эмгэнэл рүү шилжинэ. Бён Гу зүгээр ч нэг фанатик бодолдоо хөтлөгдсөн гэмгүй жаал бус, харь гарагийн туршуулаад хэмээх шалтгаанаар чамгүй олон хүнийг барьцаалж, хорьж тамалсаар цааш нь харуулсан цуврал алуурчин аж. Элгийн инээдмийн кино үзэж байсан хүн гэнэт л эвгүй триллер маягийн киноны уур амьсгал руу ороод явчихаар гайхашрах нь дамжиггүй. Инээдмээс, драм, драмаас триллер гэх жанрын шилжилт хооронд өрнөх Бен Гу болон түүний эв хавгүй найз охин хоёрын хайрын холбоо харин тун хөөрхөн…

Фактотум (Factotum)

Фактотум бол америкийн зохиолч Чарльз Буковскийн ижил нэрт зохиол дээр сэдэвлэн хийсэн түүний тухай намтарчилсан кино. Зоргоор, задгай шүлгүүд, гажуу, сөөлжүү сэтгэлгээрээ алдартай яруу найрагч Буковскийн хайр чухам ямар байх бол? Киноны хамгийн хайр татам хэсэг нь яруу найрагч Буковский хайртай хүүхнийх нь хөл өвдөхөд өөрийнхөө парвигар том гутлыг, хүүхнийхээ өндөр өсгийтөөр сольж өмсөөд алхдаг хэсэг. Үнэхээр сэтгэл татам хором…

Хөл нүцгэн (Barefuss)

Хайрын тухай элдэв сүржигнэл, хэтрүүлэггүй “хүүхдэрхэг амьсгаатай” хөөрхөн кино. Хүн заавал гялалзсан амжилттай, мундаг нэгэнд дурладаггүй, хэнд ч дурлаж болно, дурлалд толгой эргүүлэм нүсэр, ярвигтай түүх ч хэрэггүй.

Кино эхлэхэд нэгэн эмэгтэй галзуугийн эмнэлгээс нэгэн залууг хөл нүцгэн дагасаар гэрт нь ирчихнэ. Оройтсон тул залуу хөл нүцгэн эмэгтэйг арга буюу гэртээ хонуулах болдог. Маргааш нь тэд яаж яваад ч юм өөр хот руу хуриманд цуг явахаар болно. Аялалын ахархан тэр замд л залуус нэгэндээ дурладаг. Киноны төгсөлд сэтгэцийн эмнэлэгтээ эргээд очсон хөл нүцгэн эмэгтэйгээс сувилагч “Чи түүнд хайртай гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ? гэж асуухад  хариуд нь “Бид нэгнийхээ зүрхний цохилтыг чагнасан, хамт сар ширтсэн, хамт зайрмаг идсэн, би түүнд хайртай” гэдэг юм. Магадгүй нэгнийхээ зүрхний цохилтыг чагнаж, хамт сар ширтэж, зайрмаг идээд л нэгэндээ дурлачихна гэхэд итгэхэд бэрх ч дурлал гэдэг хамгийн болзоогүй болохоор сайхан байдаг биш гэж үү?


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.