Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Эрэгтэй хүнийг илүү сайн ойлгоход туслах 10 кино | Tegshee's Movie Corner


Их Британийн Элчин Сайдын яам, Ub.life сайт хамтран “OK TO BE DIFFERENT” аяныг өрнүүлж байна. Аяны хүрээнд бид хүн бүхэн өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэ нь жам ёсны зүйл гэдгийг таниулж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой мэдээ, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Ялгаатай байдлаа нандигнаж, сурталчилж, өөр бүхнийг эгнээндээ нэгтгэн, хаалганы гадна хэнийг ч үлдээдэггүй ээлтэй нийгмийг бүтээхэд та, бидний ойлголцол, дэмжлэг чухал билээ.

Кино урлагт эр хүнийг олон талаас харуулж дүрсэлсний дийлэнх нь хүйсэд нь төдийлөн утга оноолгүй, хүн хэмээх өнцгөөс харуулах нь элбэг. Харин зарим кино эр хүн болохоор эдэлдэг сэтгэлзүй хийгээд нийгмийн хүчин зүйл, эцэг байхуй, амьдралын зоргоор, дураар хэв маяг, сэтгэлзүйн өөрчлөлт, улайрал, харилцаанд давамгайлах хандлага, гэр бүлийн харилцаанд эрэгтэй хүн байхуй, эго, эр хүний үүрдэг амьдралын буулга зэргийг гол болгон гарамгай үзүүлсэн байдаг. Дэлхийн кино урлагт чансаатай бүтээл хэмээн хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн доорх 10 кинонд эр хүний эл олон талт байдлыг кино хэлээр туйлын сонирхолтой байдлаар үзүүлснээрээ уг жагсаалт эрэгтэй хүнийг илүү сайн ойлгоход туслах бүрэн зураглал болно гэдэгт итгэлтэй байна. 

Бютифул (Biutiful)

Бютифул бол дэлхийн кино урлагт амьдрах гэж зүдэж яваа эцэг хүний тухай өгүүлсэн, нэр шигээ “бютифул” кино билээ. Уксбал бол Барселон дахь нэгэн давчуухан орон сууцанд хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг эцэг. Хүүхдүүдийнх нь эх Марамбра архинд донтох болон хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр шаналах тул эх хүний үүргээ гүйцэтгэж үл чадна. Өнчин өссөн Уксбалд барилгын бизнестэй арай дөнгүүр чинээлэг ахаас нь өөр хамаатан садан үгүй. Уксбал хууль бус цагаачдад ажил олж өгөх, зарим оршуулган дээр уригдаж үхэгсдийн үгийг амьдад нь хэлмэрчлэх ажил хийн амь зууна. Тэгж байтал хорд хавдартай нь оношлогдож Уксбалын амьдрал орвонгоороо эргэхэд хүрнэ…Эцсийн амьсгаа хүртлээ хоёр хүүхдийнхээ төлөө шантралгүй зүтгэсэн Уксбал киноны төгсгөлд өөрийг нь дөнгөж төрмөгц нас барчихсан аавтайгаа зүүдэндээ уулзаж буйгаар дүрслэгдэх бөгөөд кино төгсөн дэлгэц харанхуйлахад “Миний үзэсгэлэнт аварга царс аавдаа зориулав” хэмээн бичиг гарахад ямар ч үзэгчийн сэтгэл хөндүүрлэн өвдөх нь дамжиггүй. Мексикийн нэрт найруулагч Александр Гонзалес Иньяриту аавын тухай эл сэтгэл шимшрэм киногоо аавдаа зориулан бүтээсэн аж. Уксбалын дүрийг бүтээсэн жүжигчин Хавиер Бардем эл дүрээрээ Каннын кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан юм.

Би Даниэл Блэйк (I, Daniel Blake)

Английн найруулагч Кен Лоач ядуурал, орон гэргүйдэл, ажилчдын эрх зэрэг нийгмийн асуудал хөндсөн кинонуудаараа алдартай. Энд танилцуулж буй “Би Дэниэл Блэйк” киногоо найруулагч 80 настайдаа хийсэн бөгөөд эл киногоороо Каннын кино наадмын дээд шагнал Алтан дал модыг авснаараа Каннын кино наадмын түүхэнд дээд шагналыг хоёр удаа хүртсэн есөн найруулагчийн нэг болсон юм.

“Би Даниэл Блэйк” бол гаднаа учиргүй боловсронгуй, хөгжсөн мэт үзэгдэвч жирийн ажилчинд ээлгүй нийгмийн хүнд сурталт тогтолцоо, хүнийг хүн бус асуудал гэж хардаг цэвдэг нийгмийн хандлагад Дэниэл Блэйк хэмээх амьдралын төлөө гүрдийтэл зүтгэх учиртай болдог жирийн мужаан эрээр дамжуулан “Би бол нийгмийн асуудал биш, амьд хүн. Би бол Дэниэл Блэйк” хэмээн хашгирсан кино урлаг дахь нэгэн тод дуу хоолой билээ.

Улайрсан бух (Raging Bull)

Мафитай кино хийдгээрээ гаргуун, алдарт найруулагч Мартин Скорзесийн сор бүтээлүүдийн нэг. “Улайрсан бух” бол 1970-иад онд ид мандаж байсан Жэйк Ламотта хэмээх боксчны тухай намтарчилсан, спорт төрлийн кино юм. Эр хүний төрөлхийн догшин, түрэмгий, улайрсан зан авир ажил мэргэжлийнх нь онцлог, карьерынх нь давуу тал болдог талбар бол бокс. Жэйк Ламотта бол өөрийн нэр хүнд, эд баялгаа нударгаараа олж авсан нэгэн. Харин ах дүүгийн хайр, амрагийн хайр сэтгэлийг нударгаараа олж авч чадах болов уу? “Улайрсан бух” бол дэлхийн кино урлагийн түүхэнд спорт төрлийн киног тухайн тамирчны хувийн амьдрал, хувь хүний зан чанартай нь уялдуулан хэтрүүлсэн реалист байдлаар туйлын сонирхолтой хийж болох хичээлийг дэлхийн кино урлагт заасан ховор шидээврүүдийн нэг юм. Тиймээс боксын спортыг төдийлөн сонирхдоггүй үзэгчийг ч хором ч уйдаахаргүй “чанга” хийцтэй, сонирхолтой кино. “Нударгын хүч”-ээр бүхнийг шийдэх гэдэг эр хүний зан чанарыг илүүтэй ойлгуулах бүтээл. 

Эцэг (The Father)

Сэтгэцийн ямар нэгэн эмгэгийг кино урлагт үзүүлэхдээ тухайн өвчтөний байр байдал ойр орчмынх нь хүмүүст хэрхэн тусаж, нөлөөлж буйг буюу голчлон хөндлөнгийн этгээдийн байр сууринаас харуулах нь элбэг. Харин “Эцэг” кинонд нэгэн эцгээр дамжуулан “зөнөгрөх өвчин”-ийг тухайн өвчтөн өөрөө хэрхэн хүлээн авч буйг, сэтгэцийн эл эмгэг тухайн хүндээ хэчнээн төөрөм, шаналгаатай байдгийг хувьчлан үзүүлснээрээ энэ сэдвийн киноны хувьд найруулгын шинэчлэл болсон бүтээл юм. Зөнөгрөх өвчинд зугуухнаар идэгдэж буй эцгийн нүдээр үйл явдлыг харж буй. үзэгч эгээ өөрөө л ийм өвчинд нэрвүүлэн, уймарч буй мэт ойр тусхуйц хүчтэй бүтээл болсноороо онцлог. Английн жүжигчин Энтони Хопкинс “Эцэг” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн билээ. 

Өвлийн ичээ (Winter Sleep)

Гурван цаг гаран үргэлжлэх хүмүүний сэтгэлзүйн тууль гэж болмоор эл киног түркийн найруулагч Нури Билге Жейлан оросын зохиолч Антон Чеховын “Эхнэрүүд” өгүүллэг, Ф.М.Достоевскийн “Кармазовын ах дүүс” романаас сүлжилдүүлэн сэдэвлэж бүтээжээ. 

Айдин бол Каппадокиад хэд хэдэн сууц эзэмшдэгээ орон нутгийнханд түрээслэн амьдардаг, тэр бүс нутагтаа бусдаас хавьгүй бэл бэнчинтэй, боловсролтой, залуу эхнэртэй хижээл насны эр. Залуу эхнэр Нихал нь Айдины төдийлөн ойшоодоггүй алслагдмал суурингийн тарчиг сургуулиудад хөрөнгө босгох ажилдаа гол төлөв анхаарна. Юугаар ч л үл дутах нам гүм, цатгалан тэдний амьдрал нэгэн өдөр туслахтайгаа уулын бэлээр машинтай давхиж явахад нь түрээслэгчийнх нь хүүгийн шидсэн чулуу машиныг нь онож бууж ирснээс болж алгуурхан ганхаж эхэлдэг. Үүнээс эхлэн чинээлэг хийгээд ядуугийн, эрх мэдэлтэйн хийгээд сул доройн тэмцэл өрнөх бөгөөд хүмүүний нийгмийн байр байдлын эл ялгааны дунд хижээл эрийн ёс суртахуун хийгээд амьдрал, гэр бүлийн мухардлыг тун нарийн үзүүлснийг үзэгчид эрхгүй анзаарах биз ээ. “Өвлийн ичээ” кино 2014 оны Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн юм.

Ичгүүр (Shame)

Английн найруулагч Стив Маккуйны шуугиан дагуулсан бүтээл. Брэндон (Майкл Фасбендар) бол нью-иоркод төвлөн амьдардаг, нэгэн компанид давгүй албан тушаал хашдаг эр. Брэндон ажлаас бусад цагийг порно үзэж, гар хангалга хийж, эсвэл янхан авч өнгөрүүлэх нь олонтой. Товчхондоо тэр бол секс донтон. Брэндоны секс донгийн илрэл болох сайх үзэгдлүүлд кинонд тун ч ил тодорхой гарах тул кино нэг хэсэгтээ эротик, порно ч юм шиг өнгө аястай болно. Нэг өдөр Брэндон дээр баарны дуучин, охин дүү нь ирж гэртээ хэсэг амьдруулахыг гуйна. Охин ч гэсэн дотно харилцааны хувьд нэг л учраа олж өгдөггүй янзтай, утсаар найз залуугаа уйлан гуйх, Брэндоны гэр бүлтэй даргатай сээтэгнэн нэг оронд орох зэргээр тогтворгүй ааш аяг гаргана. Брэндон ч тэр сексээс өөр зүйлээр хүнтэй холбогдох чадваргүй, сэтгэл зүрхээрээ ганцаардан тарчилж буй нэгэн болох нь аяндаа мэдрэгдэнэ. “Ичгүүр” кино сексэд донтсон эрийн бэлгийн замбараагүй амьдралыг эрээ цээргүй дэлгэсэн мэт боловч үймээн, шуугиант их хотын дундах хүмүүний орь ганцаардлыг тун “цэвэр ариун” янзаар үзүүлсэн бүтээл билээ.

Ахин нэг хундага (Another Round)

Мартин, Томми, Петр болон Николаж дөрөв Копенхагены нэгэн дунд сургуульд багшилдаг, дөрвөн найз. Ажил дээр нь тэдний хичээлээс залхаж, уйдаж, үл тоомсорлох сурагчид, гэртээ ар араасаа босож ирэх ахуйн асуудлуудаас л амьдрал нь бүрдсэн мэт байна. Николажийн дөчин насны төрсөн өдрийг тэмдэглэж байгаад нэг нь Финн Скардеруд гэх сэтгэл судлаачийн хүн угаас 0.05 % алкохолын дутагдалтай төрдөг, эл дутагдсан хувийг нөхөх юм бол тухайн хүний амьдрал илүү бүтээлч, жаргалтай болдог гэсэн онол байдгийг дурдаж, дөрвөн найз ч энэ онолыг өөрсөд дээрээ туршиж, сонирхолгүй болсон амьдралдаа ямар нэг зүйл хийхээр сэтгэл шулуудна. 0.05 % бол байнга хоёр хундага дарс, нэг лонх шар айргаас хэтрэхгүй гэсэн үг. Дөрвөн найз гэвч тэрхүү дутагдсан 0.05 % байнга нөхөж таслахгүй байх бага багаар тасралтгүй ууж таарна. Эл туршилт тэдний амьдралд үнэхээр л мэдэгдхүйц өөрчлөлт авчран, үл ялиг халамцсан багш нар хичээлээ урам зоригтой зааж сурагчдынхаа талархал, хүндэтгэлийг хүлээж, гэр бүлтэйгээ илүүтэй холбогдож, бүх зүйл эхэндээ тун давгүй өрнөнө. Эл өөрчлөлтөд хөөрсөн эрчүүд алкхолын агууламжаа нэмэгдүүлж 0.1 % болгохоор шийднэ. Эндээс эхлээд л сайхан өрнөж байсан амьдрал нь зугуухнаар алкохолийн хөөрөл, хамааралд идэгдэн ахиад л сүйдэж эхэлнэ. Тэгсээр нэг нь харамсалтай төгсдөг. “Ахин нэг хундага” бол тун ч сонирхолтой, назгай өгөгдөл дээр амьдралын сайн сайхныг зарлан тунхаглахдаа эрчүүдийн дундаж насны хямралыг хурцаар хөндсөн, сэтгэл хөдлөм хүчтэй кино юм. Киноны төгсгөлийн бүжгийн хэсэг үнэхээр гайхалтай. 

Үл үзэгдэх шаглаас (The Phantom Tread)

Найруулагч П.Т.Андерсон, жүжигчин Дэниэл Дэй-Льюисийн дэлхийн кино урлагт барьсан гайхалтай “хамтын ажиллагаа”.  Рэйнолдс бол дээд зэрэглэлийн, чамин даашинз уурладаг өндөр зэрэглэлийн урлаач. Тэрээр өглөөний цай уух зэрэг ахуй амьдралын аар саархан дадал зуршилд ч тэр, өөрийн урладаг эрхэмсэг, чамин даашинзнуудынхаа нарийн ур хийц болгон дээр буюу ажил мэргэжлийнхээ хувьд ч тэр өөрийн оршихуй, өөрийн тогтоосон хэм хэмжээг тунхаглан тогтоож байдаг нэгэн. Түүний эл оршихуйн эзэгнэл, түүний эл нарийн чанд амьдралд нэгэн зоогийн газрын энгийн нэг үйлчлэгч эмэгтэй Альма орж ирснээр Рэйнолдс хайр сэтгэл гээч зүйл дээр өөрийн эрх мэдлийг тулгаж чадах уу гэдэг жигтэй асуулт ургана. Ер нь хайр сэтгэлд хосуудын эрх мэдлийн харилцаа, тэнцвэр гээч зүйл эгээ л үзэсгэлэнт даашинзнаа мэтгэсэн үл үзэгдэх шаглаас лугаа адил нарийн зүйл байдгийг далдуур өгүүлдэг үл үзэгдэх уртай кино гэвэл “The Phantom Tread” юм.

Хамтдаа жаргалтай (Happy together)

Гуниг, шаналал, ганцаардал гэсэн мэдрэмжүүд Вон Кар Вайн кинонд үргэлж л үзэсгэлэнтэй оршдог, мөнхүү Вон Кар Вайн дэлгэцэнд урладаг хайр "аниргүй" байдлаараа үзэгчдийн сэтгэлийг сандаачин үймүүлэх хүчтэй байдаг билээ. Найруулагчийн эл онцлогийн илрэл болсон “Хамтдаа жаргалтай” кино бол хоёр эрэгтэйн хайр сэтгэлийн адармаат түүх юм.

Ази төдийгүй дэлхийн дахинаа нэрд гарсан чадварлаг жүжигчид болох Тони Люн, Лесли Чун нар амраг хосын дүрд тоглосон нь л уг киног сонирхон үзэх хангалттай шалтаг болдог. Хоёр залуугийн амраглаж буй “цочир” дүр зургаар эхэлдэг “Хамтдаа жаргалтай” кино цаашлах тусмаа улам яруусна.

Киноны өгүүлэмж харин энгийн. Хо По Вин, Лай Ю Фай хоёр салах дөхсөн харилцаагаа аврахаар Аргентинд ирж хэсэг амьдарна. Тэгэх зуур хамтдаа Iguazu хүрхрээг үзэхээр замд гарах боловч хүрхрээгээ үзэж чадалгүй төөрч, маргалдсаар Аргентинд амьдарч буй байрандаа эргэн ирнэ. Хо По Вин илүү даруу, хөдөлмөрч араншинтай бол Лай Ю Фай хөнгөн, шаавай төрлийн залуу. Ийм эсрэг тэсрэг араншинтай хоёр салж, нийлсээр харилцаа нь дэгэн догонтой байсаар эцэстээ Хо По Вин хар ажил хийн нутаг буцах мөнгө цуглуулж ганцаараа Хонг Конг руугаа буцдаг. Кино салалтаар төгсөж байхад яагаад “Хамтдаа жаргалтай” гэж нэрлэснийг найруулагчаас асуухад “Таарахгүй хосууд салах нь хэн хэндээ шинэ ирээдүйг нээж буй хэрэг. Тэглээ ч хосуудын хамт байсан мөч тэдний хувьд яадаг ч байсан жаргалтай дурсамж. Тиймээс ийн нэрлэсэн” хэмээсэн байдаг.

Нүцгэн (Naked)

Английн найруулагч Майк Лид тухайн оны Каннын кино наадмаас шилдэг найруулагч шагналыг авчирсан бүтээл нь. Киноны гол дүр Жонни үнэхээр учир нь үл олдох зайгуул эр. Бүтэхгүй хэрэгт орооцолдсоноор төрөлх хот Манчестраасаа дүрвэн зүүн Лондонд ирдэг. Лондонд тэрээр хуучин найз бүсгүй Луйзынхаа гэрт хүчээр шахуу толгой хоргодоно. Энэ зуураа хотоор хэсүүчилж, тааралдсан нэгэнтэй балгаж, гүн ухаан ярин мэтгэлцэж, хүн төрөлхтний номхон даруу хэм хэмжээний эсрэг зориуд тэрсэн тэмцэлдэж буй аятай л зоргоороо амьдарна. Эр хүнд голчлон үзэгддэг хаана ч бат үндэслэхийг хүсдэггүй эл сул чөлөөтэй байдлыг жинхэнэ эрх чөлөө гэх үү, эсвээс хөөрхийлөлтэй ганцаардмал бидэрхүй гэх үү, үзэгчид чухам өөрсдөө л үзэж байж шийдсэн нь дээр биз. Юутай ч эл асуудлыг тун назгай, сонирхолтой байдлаар хөндсөн бүтээл. Жоннигийн дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Тьюлис тухайн жилээ Каннын кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
11
0
0
0
0
5

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч 2022.05.11 103.212.119.146

Тэгшзаяа үнэхээр сайн бичжээ... Үгийн сонголт, найруулга маш их таалагдлаа. Амжилт хүсье.

0 Хариулах