Хайх зүйлээ бичнэ үү

29 мин

С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм


Энэхүү ярилцлага манай сайтад 2022 оны зургадугаар сарын 23-нд нийтлэгдэж байсан болно.

Гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ тайз, дэлгэцээр харагддаг шигээ том биетэй хүн биш аж. Саравчтай малгай дараад өмсчихсөн, шоотой цамц, уранхай жийнс, цагаан пүүзтэй түүнтэй Улаанбаатарын гудамжинд олны дунд таарвал амар танихгүй. Ярилцагчийн хувьд ч амар байсангүй. Улсын драмын эрдмийн театрын үүднээс жүжигчдийн өрөө хүрдэг хонгилоор араас нь дагаад явж байхдаа түүнийг нээчихнэ л гэж санасан. Гэхдээ тэр өөрийнх нь хэлснээр “дэлгээтэй ном” байхыг хүсдэггүй юм билээ. 

-Та Эгэрэг түшмэлийн дүрийг 70 удаа бүтээлээ. Тавилан нь тодорхой зурагдсан нэг шугамаар 70 удаа ив ижил алхсан гэж ойлгож болох байх. Жүжиг эхлэхийн өмнө сэтгэлзүйн хувьд хэрхэн төвлөрч дүрдээ ордог юм бэ? Бодит амьдралын өдөр тутмаас “Тамгагүй төр”-ийн цор ганц сөрөг шугам дээр 70 удаа хазайлгүй зогсохын тулд яаж ажилласан бэ?

-Мэргэжил болгон онцлогтой байдаг шиг бидний мэргэжлийн онцлог гэх юм уу даа, наад яриад байгаа чинь жүжигчний хийх ёстой л ажил нь юм. Мэдээж ямар ч ажил мэргэжилтнээ туршлагажуулж байдаг шиг жүжигчин бүрд сэтгэл зүйн бэлтгэлээ базаах өөр өөрийн арга барил байж таарна. Миний хувьд жүжигчин хүн сонгодог жүжигт тоглохоосоо хоёр цагийн өмнө театртаа ирчихсэн байх ёстой гэдэг шаардлагад гол учир бий гэж үздэг. Би бодит амьдрал дээр тантай яриад сууж байна, хоёр цагийн дараа жүжигтэй бол би одоо бие сэтгэлээ бэлдэнэ шүү дээ. Дүрийнхээ хувцсыг өмсөөд, нүүрээ будуулна, дүрийнхээ нөхцөл байдал, сэтгэл зүйн онцлогт шилжинэ. Тоглолтын дараа буцаад дүрээсээ гараад өөрийн амьдралдаа ороод явна. Энэ чинь л мэргэжил шүү дээ. 

-Театрт жүжгийн хуваарийг уртдаа гурван долоо хоног тавьдаг санагдах юм. “Тамгагүй төр” жүжгийг 52 хоногийн турш 70 удаа тоглолоо. Танд энэ тоо хэр ачаалал өгөв, хэр ядрав, хэрхэн давав? 

-Тасралтгүй 70 удаа тоглосон нь тоон үзүүлэлт талаасаа энэ жүжгийн онцлог яриангүй мөн. Зарим өдөрт хоёр удаа тоглож байлаа. Миний л мэдэхийн Монголын театрын түүхэнд нэг жүжгийг нэг бүрэлдэхүүнээр нэг өдөр алгасахгүй 70 удаа тоглосон түүх байхгүй. Тоглолт болгон үзэгчдээр дүүрэн, алга ташилт, халуун уур амьсгал дундуур энэ тоон рекордыг тогтоолоо шүү дээ. Хамтарч ажилласан уран бүтээлчид, жүжигчид, бүжигчдийн баг хамт олон, арын албанд ажилласан хүмүүс гээд бүгдээр нь бахархаж сууна. “Тамгагүй төр” жүжгийг шинэчлэн тавьсан Б.Баатар найруулагчид баяр хүргэхийг хүсэж байна.
 Үнэхээр ядарлаа гэх, хамт тоглосон жүжигчдээсээ уйдаад ч байх шиг нэг тийм мэдрэмж хэн хүнгүй л төрсөн байх. Гэхдээ би эхнээс нь дуусах хүртэл маш их баяртайгаар ажилласан. Яагаад гэхлээр УДЭТ, Үндэсний урлагийн их театр, “Хэро энтертайнмэнт” гэсэн гурван байгууллага хамтарч, жүжигчид, бүжигчид, циркчдийн чадвар, найруулга, дэглэлт, хөгжим, хувцас хэрэглэл, гэрэл, саунд гээд урлагийн хүч, гоо сайхныг нэгэн цогц болгосны дунд би нэгэн эд эс нь болоод урамтай сайхан. Тоон үзүүлэлт, рекордын наана уран бүтээлийн чанар чансаа ямар байж болохыг манай уран бүтээлчид бүтээн дархалсан маш том алхмыг театрын түүхэнд хийж чадлаа.

Өдөр алгасахгүй 70 удаа нэг жүжигт тоглоно гэдэг жүжигчин хүнд жүжиг нь үг, үйлдэлтэйгээ дадал болон тогтож амжих хэмжүүр юм. Одоо магадгүй бүтэн жил завсарлаад “Тамгагүй төр” дахин тоглогдлоо гэхэд жүжигчдийн бие сэтгэлд дадал болоод тогтчихсон юм болохоор уншлага, сургуулилалт хийгээд л тайзан дээр гарахад шууд сэргээд ороод ирнэ. Тархийг хард гэж үзвэл “Тамгагүй төр” файл болоод хадгалагдчихсан гэсэн үг. 

-Б.Баатарын найруулгаар тавигдсан “Тамгагүй төр” жүжгийг физикл, монгол драм гэх хоёр тодотголоор танилцуулсан. Танд аль нь илүү нийцтэй тодорхойлолт болов?

-Манай театр бол жүжигчид микрофонгүй тоглоход зориулагдсан тайзтай. Гэтэл олон чанга яригч угсарчихдаг юм байна. Тайзыг засаж байх үед аварга том дэлгэц суурилуулан тоноглохыг анх хараад л “За, энд ч тэс өөр юм болох нь” гэж таамагласан. Миний таамаг алдаагүй, “Тамгагүй төр” үнэхээр шинэлэг болж чадсан. Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” зохиол язгуур сэтгэлгээ, эх хэлний яруу үгс, тансаг хэл найруулга, гүн ухааны өгүүлэмжээр ширгээн бичсэн жинхэнэ монгол драм гэж би боддог. Ч. Найдандорж найруулагчийн 1998 онд хийсэн анхны тавилт бол Б.Лхагвасүрэн гуайн хэл найруулгын яруу тансаг, гүн гүнзгийг илтгэн харуулахад анхаарсан, жүжигчдийн тоглолтоос үзэгч тэр шүр сувдыг нь сонсохгүй өнгөрчих вий гэж бодон бодон хийсэн сонгодог хувилбар гэж би боддог. Гэтэл Баатар яаж хийв? Түүний өнцөг бол Б.Лхагвасүрэн гуайн зохиолоос хүртэж болох бүх мэдрэмжийг үзэгчдэд тултал өгөхөд байсан нь дүрүүдийн дотоод сэтгэлийг, зөрчлийг хөдөлгөөнөөр үзүүлэх физикл драмд тулгуурласан. Би лав анх бүжигчид, циркчид тайз дүүрэн ороод ирэхэд эхлээд эргэлзсэн. Жүжигчдийн тоглолтууд хөдөлгөөндөө дарагдаад үзэгдэхгүй болох магадлалтай шүү дээ. Зохиолын яруу тансаг үг хэл яах болж байна, сонсогдохгүй бол? 

Монгол драмаа ч, физикл хөдөлгөөнөө ч тун нарийн хослуулсан, зөв холбож, зөв гаргасаннь энэ жүжгийн онцлог. Тэгээд би дээр хэлсэн чанга яригчийн үүрэг маш чухал болж байгаа юм. Жүжгийн хөгжмийг ямар гайхалтай бүтээв. Энэ хөгжмийг, жүжигчдийн хэлж байгаа текстийг тод сонсголонтойгоор, яаж амьсгалж байгааг нь хүртэл мэдрүүлэхэд дуу цацруулагч хэрэгтэй болж байна шүү дээ. Дуу хоолойг хамгийн цэвэрхэн татдаг өнцөг хүний дух байдаг юм байна л даа. Тиймээс энэ жүжигт зориулж духанд байрлуулдаг микрофон захиалж авчирсныг нь бид хэрэглэсэн. 

-Б.Баатар драмын анхны жүжгээ найруулсан учраас УДЭТ-ын тайзнаа тоглож сурсан жүжигчидтэй яаж ажилласан нь сонирхол татаж байна л даа. Олон найруулагчтай ажиллаж үзсэн хүний нүдээр түүний арга барил, онцгой чанар нь юундаа байна гэж анзаарав?

-Театрт олон сайхан найруулагчтай ажиллажээ. Монгол Улсын ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойнхорын Найдандорж, Баярцагааны Баатар, Найдангийн Ганхуяг, Чимэддоржийн Түвшин, Төрийн шагналт Намнангийн Наранбаатар. Ингээд нэрлэхэд л бөөн цог суу, театрын сүүлийн 25 жилийн түүх харагдаж байгаа биз дээ. Дэлгэцийн уран бүтээлд ч энэ цаг үеийнхээ киноны хөгжилд хүчээ үзэж байгаа олон найруулагчтай ажиллажээ.

Бат-Өлзийн Баатар найруулагчийн “Хэро энтертайнмент” ажиллах арга барилаа олчихсон, өөрийн гэх тогтсон соёлтой хамт олон юм байна. Маш их хариуцлагатай, жүжигт хамаарах хүн, деталь бүрийг бүрэн анхаарч ажлын ард гардаг юм байна. Яг энэ “Хэро”-гийнхны соёл дээр 70 удаагийн тоглолтын хүч явж байсан. Ачаалал, дарамт, уур бухимдлаар биш, өөрийнхөө ололт амжилтыг бусадтай хуваалцаж хүмүүсийг дагуулдаг, удирдан чиглүүлдэг төрлийн лидер. Б.Баатар жүжгийнхээ 70 тоглолтыг нэг ч орой таслалгүй ирж үзлээ. Сүүлийн тоглолтууд синхрон орчуулгатай явж, Улаанбаатар дахь дипломат корпус, олон улсын байгууллага, аялал жуулчлалын компанийн төлөөлөгчдөд үзүүллээ. Сар гаруй засварлаад долоодугаар сард үргэлжлүүлэн тоглохоор болж байна. 

-Энэ жүжгийг Баатар өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд чухам ямар мессэж өгөх гэж тавив гээд л хүмүүс ашиг сонирхлын ямар нэг далд агуулга хайж байлаа. Таныхаар “Тамгагүй төр”-ийн шинэ тавил дахь улс төрийн хүсэл, эсвэл шаналан нь юу байв?

-Энэ жүжиг бол аль ч цаг үед таарах, мөнхийн сэдэвтэй. Төрт улс, хайр сэтгэл, шунал хүсэл гээд хүний оршихуйн уг углуургыг ойлгох санааг өгдөг ийм л жүжиг шүү дээ. “Өөрийг идэх өт бие дотроос гардаг Төрийг идэх өт түшмэд дотроос гардаг гэдгийг ихийн их мэдэх атлаа Эгэрэг чамайг гэж даанч мэдсэнгүй” гэх Арчуг хааны үг байна даа. Миний авсан улс төрийн шаналан юу вэ гэх юм бол энэ үгэнд л зангилагдсан. 

-Эгэрэг түшмэл У.Уранчимэгийн бүтээсэн их хатантай олон хэсэгт хоршдог шүү дээ. Түүн шиг хөдөлгөөний эвслээр гойд жүжигчинтэй биеийнхээ хэлэмжээр тачаал зэрэгцэх, хүсэл зөрчилдөж үзүүлэхийн тулд Та хэр удаан бэлтгэл хийсэн бэ? 

-Жүжигчин, ялангуяа театрын хүн тайзан дээр ямар л бол ямар биеийн хэлэмжийг үзүүлэх чадвартай байх ёстой юм. Зуурсан гурил шиг байж гэмээнэ уян хатныг ч, хатуу хөшингийг ч биедээ хувиргаж хэлнэ. Физикл драмд тоглохын өмнө бид бүжгийн бэлтгэлээс гадна жүжгийнхээ хөдөлгөөнүүдийг сургуулилсан. Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Д.Баярбаатар, Х.Хашхүү нар маань “Тамгагүй төр”-ийн бүжиг, хөдөлгөөнийг дэглэсэн. Эхний тоглолтуудад үгээр хэлж байсан санааг сүүлийн тоглолтуудад хөдөлгөөн болгож өөрчилсөн нь ч бий. Олон удаа тоглохын нэг давуу нь турших, өөрчлөх, ахиулан баяжуулах хугацаа гардагт юм билээ, бас. Төрт улсын сүр хүч, хүмүүний хайр, хүсэл хясал, атаа хилэнгийн өгүүлэмжүүдийг хөдөлгөөнөөр үзүүлсэн нь миний бодлоор тун уран, оновчтой болсон. Одоо тэгээд жүжигчдийн ур чадвар ямар байв, хэр физикл драма болов оо гэдгийг мэргэжлийн судлаачид, шүүмжлэгчид хөндлөнгөөс харж дүгнэдэг л байх. 

-Амьдралд тань тохиолдсон чухам ямар үйл явдал Таны хувь хүний гол цөм бүрэлдэхэд нөлөөлсөн бэ?

-Гагц тэр л гэж тэмдэг тавьж онцлох юм санаанд алга. Өдөр тутмын хэмнэлд хүн өөрөө ч анзаарахгүйгээр хөгжөөд, өөрчлөгдөөд л явж байгаа. Өнөөдрийг хүртэлх чухал, чухал биш бүхий л үйл явдал намайг нээсэн, сорьсон, хөгжүүлсэн л гэж бодож байна. Бороонд ганцаараа алхаж байхдаа борооноос сайхныг олсон мөчийн мэдрэмж намайг хүн болоход дусал нэмсэн л байгаа. Түүнээс хойш би бороонд дуртай хүн болж амьдардаг байж ч болно шүү дээ. Олж харсан, өрөөлөөс, орчноос өөрт нэгийг ойлгож үлдсэн эгэл мөчүүд л хүний амьдралд үлддэг шүү дээ. 

Би нэг бол их азтай хүн байх. Аав ээжийнхээ гэрт мэндэлсэн минь над маш чухал хувь заяа гэж санадаг. Төрж өссөн гэр бүлийн орчин миний хувь хүний суурийг сайн нөхцөлдүүлж өгсөн байна. Тэгээд хожим өөрөө гэр бүл зохиохдоо аз ерөөлөөр сайн хүнтэй учирсан. Гэр бүлийн хүн маань миний хувьд маш том амжилт, намайг тулж түшиж байдаг их хүч. Ханиараа бахархмаар байна. Хүн чинь ер нь баярлаж, талархах сэтгэл үүсэхэд амьдралд нь эргэлт гарч байдаг юм биш үү. Би үеийнхнээрээ бахархдаг. Манай үеийнхэн бол өөрсдийн гэсэн цаг хугацаагаа өөрсдөө бүтээлцэж, яг тодорхойлж чадсан бүхэл бүтэн үе юм гэж би ойлгодог. Энэ цагийн Монголын тайзны урлагт өөрсдийн гэсэн нэгэн үеийг бий болгож, өөрсдийн найруулагчтай, өөрсдөө жүжигчид нь болж, өөрсдөө баг хамт олноо байгуулж явжээ. Эргээд эхэлж байсан цаг хугацаагаа бодохоор үе тэнгийнхнээрээ бахархахгүй байхын аргагүй. 

Дэлхийн сонгодог жүжгийн гурван ноён оргилоос Уильям Шекспирийн “Гамлет” жүжгийн Гамлетад одоогоос 10 жилийн өмнө 35 настайдаа тоглолоо. Дараа нь “Фауст” жүжгийн Фаустын дүрд тоглолоо. За, тэгээд “Дон Кихот”-ын гахайчны дүрд мөн тоглосон. Зөвхөн энэ гурван жүжиг гэхэд миний хувь хүний хөгжилд том түлхэц өгсөн. Хүн төрөлхтний оюун санааны ийм том сонгодог зохиолуудад чирэгдэж зүүгдэж суралцаж явна аа. Сонгодог жүжигт нэг дүр авлаа гэдэг нь түүнийгээ ойлгох, түүндээ орох нөр их судалгааны ажил болдог. Тухайн жүжгийн зохиолыг уншаад л дуусчихдаг юм биш шүү дээ. Дагалдаж гарсан олон судалгааны ажил, шүүмжүүдийг уншина. Дэлхийд хэн хаана яаж тавьсан, яаж тоглосон бүхий л бүтээлийг үзнэ, өөрийнхөө судалгааг ханатал хийхгүй бол сайн болдоггүй. Хамгийн сүүлд тоглосон “Тамгагүй төр” жүжиг надад өөр сэтгэмж, өөр нэг гоё мэдрэмж төрүүлж байна. Би өөрийнхөө Эгэрэгийн текстийг англиар орчуулсан байгааг уншиж, сонсож үзлээ. Энэ жүжгийн багийн өмнө англи хэлээр тоглох төлөвлөгөө тавигдаж байгаад би хувьдаа маш их олзуурхаж байгаа. Дараагийн үе маань дэлхийд гарах зорилгоо биелүүлэхэд нь урьтал болно гэж итгэх надад лав гоё байна. Энэ чинь цаг өөр болж, дагаад шаардлагууд ургаж байна шүү дээ. Бид хөгжих хэрэгтэй байна. Театрууд хөгжих хэрэгтэй. 

-Танд “Фауст”-ын гол дүрээ өгсөн М.Батболд найруулагч өнгөрсөн жилийн сүүлээр “Гэм зэм”-ийг тавьж бас шуугиан дэгдээлээ шүү дээ. Тэр яагаад Таныг шинэ жүжигтээ уриагүй юм бол?

-Урьсан. 2021 онд манай театрын 90 жилийн ойн тэмдэглэлт жил байсан учраас “Гэм зэм”-ээс татгалзахаас аргагүйд хүрсэн. Сонгодгууд дотроо хүний дотоод сэтгэлийн зөрчлийг ялгамж нюанстай хамгийн тод гаргасан хоёр зохиолын нэг гэж үздэг болохоор өөрийгөө сорихыг хорхойссон. Бас Эрдэнэбилэгийнхээ “Тэгри чину” киноноос татгалзсан. Би уг нь Эбид бүр зөвшөөрчихсөн байсан. Харамсалтай нь гэх юм уу, бас л болоогүй. 

-“Гэм зэм”-д ямар дүрд тоглох санал ирсэн бэ?

-За, хэлэх нь хэр оновчтой юм бол доо, дүрийн нэрийг нууцалъя. Гол дүрийн нэг л гэе.  

-Таны тоглосон дэлгэцийн бүтээлүүд энэ хавраас шил даран нээлтээ хийлээ. Танд театрт ажиллахаас гадна чөлөөт уран бүтээлчидтэй хамтрах боломж нээлттэй байдаг уу?

-Тэр чинь хөл хорионы үеэр тоглосон кинонууд маань. Театрын тайзнаас өөр уран бүтээлд тоглохоор бол асуудал үүсдэг л дээ. Яагаад гэвэл, энэ миний үндсэн ажил. Театр намайг өөр уран бүтээлд хамтрахыг боломжоороо дэмждэг ч давын өмнө хүлээн зөвшөөрдөггүй. Би театртаа бага залуугаасаа ажиллаж, одоо ч хүчин зүтгэсээр байгаа болохоор миний хүслийг ойлгодог ч болоосой гээд тоглохыг хүссэн бүтээлүүдээсээ үлдэх, хоцрох үе бишгүй л гарч байна. 

-Жүжигчний гэр бүлд төрж өссөн учраас жүжигчин гэж ямар ажил мэргэжил болох тухай төсөөлөл Танд их эрт суусан байж таарна. Гэхдээ яг энэ мэргэжлээр ажиллана, ирээдүйн амьдрал энэ ажил мэргэжлээс хамаарахыг шийдсэн нь хэдийд вэ?

-Манай аав С.Сугар театрын найруулагч, багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн хүн байлаа. Хүүхэд залуучуудын театр гэж байхад тэнд ерөнхий найруулагчаар ажилласан. Аймгуудын театруудад ч ажиллаж байлаа. Багшийн дээд сургуулийн кино драмын тэнхим гэж байх үеэс  жүжигчний уран чадварын багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, дараа нь СУИС байгуулагдахад багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан доктор, профессор хүн дээ. Эгч С.Болормаа маань мөн жүжигчин мэргэжилтэй, аавын эрдмийн ажлын мөрөөр замнаж СУИС-д багшилж байна. Саяхан урлаг судлалын докторын зэргээ хамгаалсан. Ээж маань жүжигчин, ах маань хөгжим тоглодог. Ийм гэр бүлд төрж өссөн болохоор урлагийн хүмүүсийн ажлын орчны тухай хар багаасаа мэддэг болсон байж таарна. Хөдөө гадаа бригадаар аялан тоглоход нь дагаад хамт явчихдаг хүүхэд нас надад байлаа. Жүжгийн сургуулилалт, бэлтгэл хийж байхад нь хараад сууж л байв. Чин үнэнээ хэлэхэд би жүжигчин болно гэж огтоос бодож байгаагүй. Дунд сургуулиа төгсөх дөхчихсөн, аав намайг хийх дуртай ажил мэргэжлээрээ суралц гэхгүй юү. Дуртай юмаа олно гэдэг чинь бас хэцүү юм билээ. Тэр л мэргэжилд дуртай гэх шинж тэмдэг над илэрсэнгүй ээ. Тэгээд тухайн үед хамгийн эрэлттэй байсан МУИС-ийн харьяа ОУХДС-д шалгалт өгсөн юм. Гэтэл тэнцээгүй. Тэгээд ээжтэйгээ хамт наймаанд явлаа. 1994 он гэдэг чинь хүмүүс наймаагаар амьдралаа болгодог байсан үе. Нэг жил нэг л мэдэхэд өнгөрчихсөн, ээж намайг “Миний хүү ерөөсөө жүжигчин бол, би чамайг шалгалтад бэлдье” гээд байдаг. Надад үнэндээ урлагаас өөр сайн мэддэг ажил мэргэжил байгаагүй нь ч нөлөөлсөн биз, би ээжтэй бэлдээд СУИС-ийн шалгалтад тэнцээд орж байлаа. Яг тэр жил аав манай ангийн багшаар таараад аавынхаа шавь болсон ийм л түүхтэй юм. За ингээд жүжигчний ангийн оюутан боллоо, оюутнууд ямар байдаг билээ, яг тийм л янзаар их сургуулийн дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Мэргэжлээр нь сурч байгаа хүн чинь тэр үеэс дур сонирхол биежиж, миний ирээдүйн ажил жүжигчин гэх итгэл үнэмшил төрж эхэлсэн. 

-Таны шүтсэн анхны жүжигчин хэн байсан бол?

-Том Хэнкс.

-Театрын тухай анхны дурсамж?

-Оюутан байхаас театр мөрөөдөл болж хувирч байгаа юм. Дөрөвдүгээр курст дадлага хийхээр ирэхэд бидэнд УДЭТ-ыг албан ёсоор танилцуулсныг би огт мартдаггүй. Бид бараг өлмий дээрээ явж байсан, тийм бишрэлтэйгээр. Жүжигчдийн өрөөгөөр оруулаад л, тайзан дээр бэлтгэл хийж байгааг харуулаад л. Би сургуулиа төгсөөд эндээ, театртаа ирсэн хүн. 1999 онд Уильям Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжигт оролцсон минь ёстой л нэр төрийн хэрэг байлаа. Түүнээс хойш 23 жил ажиллаж байна. Одоо ингээд тайзанд гарахгүй удлаа гэхэд их санана. Хүнгүй хоосон, ямар ч гэрэл, чимээ аниргүй байхад нь орж ирэхэд хүртэл үргэлж амьд, сэтгэл дүүрэн гоё мэдрэмж төрдөг. 

-Та анх залуухан шинэ жүжигчин театрт орж ирж байхдаа чухам хэнд өөрийгөө харуулчих юмсан, тоогдчих юмсан гэж яарч, хичээж байв?

-Өө, аймаар мундаг хүмүүс байлаа шүү дээ. 20 номерын өрөөнд Дагваа ах (Ардын жүжигчин П.Цэрэндагва), Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай, Ц.Гантөмөр гуай, С.Дамдин ах сууна. Тэдний яриаг чагнана, миний гарсан нэг жижиг юмыг “Тэр Болд-Эрдэнэ хүү ямар аятайхан тоглов” гээд ганц дуугарчихгүй байгаа гээд л сэм хүлээчихнэ. Урам авчих санаатай, бас. 

-Таныг урамшуулсан анхны магтаал хэнээс ирсэн бол?

-Тухайн үед театрт Чинзориг гэж их гоё жүжигчин байсан юм. “Хаан түүх” жүжгийн Цоонги гэж хааны бүх хэргийг мэддэг, сайн муу бүх явдалд нь оролцож байдаг хэлгүй түшмэлийн дүрд тоглодог байлаа. Хэлмээр яримаар зүйл ихтэй ч тэгж чаддаггүйн гачланг яаж тэсэрч үзүүлдэг байсан гээч. Үнэхээр гоё жүжигчин байсан юм. Чинзориг ах театрт ирээд удаагүй, хоёр гуравхан жүжигт тоглоод байсан үе нь юм билээ л дээ. Тэр ах надад “Чи гоё жүжигчин болно оо, ах нь дүүдээ итгэж байна. Чи лаг шүү” гээд жүжигт хэрэглэж байсан бололтой, лаазаар хийсэн алтадсан медальон бэлэглэж билээ. Би тэгэхэд дөнгөж орчихоод л байсан үе минь болохоор их ичиж, бас их баярлаж байлаа. Чинзориг ах маань талийгаач болсон л доо, хөөрхий. Тэр медаль нь одоо ч миний өрөөний ширээний нүдэнд хадгалаастай байгаа. 

-Жүжигчин хүн хувь хүнийхээ хувьд өвөрмөц, сонирхолтой, эсвэл бие даасан байх зэрэг ямар нэг онцгой талуудтай байх ёстой юу? Толгой муутай хүн урлагт хол явдаггүй гэдэг нь ямар учиртай гэж Та боддог вэ?

-Жүжигчин хүн гэхээр л амаа мэдэхгүй яриа хөөрөөтэй, хурдан түргэн хөдөлгөөнтэй, задгай зайдан хэдэн нөхөр байдаг юм шиг ойлголт одоо тун хуучирсан байх. Минийхээр бол жүжигчин хүн хувь чанараа, ажил амьдралаа бүрэн нээсэн, хүн бүхэнд ном шиг уншигддаг байх утгагүй. Тэр ч бүү хэл жүжигчин хүн тайзан дээр бүтээж байгаа дүрээ хүртэл нууцлаг үлдээх ёстой гэж би үздэг. Дахиад юу болох бол, цаашид яаж өрнөдөг бол гэж үзэгчдийн сонирхлыг төрүүлсээр байгаад дуусгавал сайн тоглолоо гэж хэлнэ. Дүр эхнээсээ илхэн байх ёсгүй. Дүрээ хүмүүст бүрэн өгч болохгүй. Тоглолтоос чинь чиний дүр заримдаа илчлэгдээд байгаа ч юм шиг, заримдаа чандлагдахад, нууцлаг мэдрэмжид автуулахад, далд асуулт дагуулахад бүх хүч, авьяас чадвараа дайчлахыг жүжигчин гэх. Энэ жор тун жүжигчний толгойд тохируулагдана, мэдээж. Толгой муу бол тохируулж хүчрэхгүй л дээ. 

-Танайхыг олон хүүхэдтэй айл гэж дуулсан. Та гэртээ хүүхдүүдтэйгээ харилцахдаа нас, сэтгэхүйн онцлогт нь хэр тохируулж чаддаг аав бол?

-Манайх 9-24 насны дөрвөн хүүхэдтэй. Би жишээ нь нэг их өндөр шаардлага тавьдаггүй. Эцэг хүн ялангуяа өдөр тутам цаг үргэлж харилцаж, ярьж, зааж зөвлөөд байхаасаа өөрийнхөө биеэр үлгэр дуурайл болж яваагаа ямагт ухамсарлах нь аль ч насны хүүхдүүдтэйгээ харилцах хамгийн сайн арга, зөв зүйтэй тохируулга нь юм болов уу даа. 

-Жүжигчин хүн бүхнийг чадах ёстой гэвэл ёстой сайхан хэлсэн, үл бүтэх шаардлага байх л даа. Гэвч жүжигчин юуг чадах ёстой юм? Бусдаас ахиу ямар сахилга батыг хичээхгүй бол дуусдаг юм? 

-Өөртөө ханаж болдоггүй л юм шиг байгаа юм. Манай багш нар, миний аав хэлдэг л байсан. Жүжигчин хүн ерөөсөө сэтгэл ханаж болдоггүй гэх энэ үгтэй би одоо л санал нийлэх ухаанаа олж байна шүү дээ. Харахаар л дутуу санагдаад унадаг. Энэ чинь зөв байхгүй юу. Гэхдээ уран бүтээлийн хувьд л тийм байх ёстой. Хүн муу хэллээ гээд л нэг их санаагаар унаад л доошоо орох шаардлага байхгүй. Магтлаа гээд ч бас тэнгэр газраа салгахгүй омогших асуудал ерөөсөө байхгүй. Магтаал, шүүмжлэл аль алийг нь сонсоод, ойлгоод, авах юмыг нь аваад, хаях юмыг хаяад, явдгаараа л явах ёстой. 

-Магтууллаа гээд хөөрөөд байхгүй, загнууллаа гээд л нялцайгаад байхгүй тэр сэтгэл зүйн чадавх чинь хүнд жүжигчин болохоос хамаагүй өмнө, бүр бага наснаас төлөвшиж эхэлдэг байх аа? 

-Би тэрийг мэдэхгүй юм. Янз янз байж болох байх. Миний хувьд зөвхөн сэтгэл зүй ч биш, бүх зүйл хэм хэмжээндээ байхыг гоо сайхан, гоо зүй, амар амгалан гэж үздэг л хүн байхгүй юу. Баяр хөөр, жаргал цэнгэл хүртэл хэтрэхээрээ зовлонтой болдог юм шиг байна лээ шүү дээ. 

-Тоглохыг ихэд хүсдэг ч Таны зүгээс өөрийгөө хараахан бэлэн болоогүй гэж үздэг мөрөөдлийн дүр тань юу бол?

-Өө зөндөө шүү дээ. Дэлхий даяар өчнөөн гоё жүжгийн зохиол, маш олон киноны сайхан санаанууд байна. Ер нь хүн байна шүү, бүх мөрөөдлөө ил тавиад байх чинь бас утгагүй л байхгүй юу. Чи нандин байх ёстой. Тэрийгээ өөрөө л мэддэг байхад хангалттай. Гол нь хэрхэн яаж ажил хэрэг болгох талаарх бодлоо л хаяж болдоггүй.  

-Та одоо театрт тавьж байгаа бүх л чухал дүрд хувирч байна. Жүжгээс жүжигт, дүрээс дүрд яаж ингэж юу ч болоогүй юм шиг “цэвэрхэн” шилждэг юм бэ? 

-Дүр болгон хоёр хөлтэй, хоёр гартай адилхан хүн л байдаг. Нийтлэг, нийтлэг бус, сайн, муу, өөрт байх, байхгүй чанартай янз бүрийн дүр авна. Жүжигчин хүн чинь түүнийг өөрөөрөө дамжуулж бүтээх ажил хийдэг. Нэгээс нөгөөд бэлтгэл сургууль хийж, тодорхой цаг хугацаатай шилжинэ, мэдээж. Уншлаа, судаллаа. Дүрийнхээ онцлогийг бодож олно. Текстийн задаргаа хийнэ. Миний дүр хэн юм, яах гэж ингэж хэлж байгаа юм? Энэ текстийн далд утга нь юу гэж байгаа юм? Энийг нь ингээд хэлчихвэл яадаг юм гээд л түмэн янзаар бодсоноо найруулагчтайгаа ярилцаж зөвлөлдөөд нэг шийд гаргана. Нэг шугам бариад авсан байхад яаж тоглохоо мэдээд ирдэг. Энэ хэсэгт чимээгүй байвал зөв болно, энэ дээр маш удаан, тайван ярья, харин энэ дээр хурдтай, энэ дээр бүр бачимдвал зөв болно гээд график гаргана гэсэн үг. Толгой ажиллах ёстой. Эхлэл, өрнөл, төгсгөлтэй бүхэл бүтэн систем ажиллаж байхад тэр дотор чиний дүр гэж бас нэг схем ажиллана гээд төсөөл. Хаана нь дүрээ ямар хэмжээтэй өгвөл дүрийн авир, онцлог гарах юм гэдэг чинь цэвэр тооцоо шүү дээ. Ингэж ажилладаг учраас дараагийн ийм ажиллагаа руу дахиад л цэвэрхэн ороод явж чадна гэсэн үг юм. 

-Жүжигчдийн дундаас найруулагчид цөөнгүй төрж байна. Театр, дэлгэцийн уран бүтээлд хэрэв жүжигчнээс өөрөөр өөрийгөө сорих гэвэл Та ямар үүрэг хариуцлагыг тун ч сайнаар гүйцэтгэчих нөөц боломжтой хүн бэ?

-Би “Хөлтрөг” киноны ерөнхий найруулагчаар ажиллаж үзсэн. Кино гоё шүү дээ. Би кинонд их сонирхолтой, гоё кино хийх юм сан гээд л янз янзаар их боддог. Санаанууд байдаг, гэхдээ тэрийгээ хэрэгжүүлэхэд нөхцөл, цаг хугацааны хувьд бүрэлдэж тогтоогүй л байна.

-Таны уран бүтээлийн гол шүүмжлэгч, хөгжүүлэгч ямар хүмүүс байдаг вэ. Эсвэл Та өөрөө өөртэйгөө ажилладаг төрлийн хүн үү? 

-Манай театр жүжгийн бэлтгэл ер нэлээд ханах үест дотоод үзлэг гэж явуулдаг юм. Театрын найруулагч нар үзэж найруулагч болон жүжигчдэд санаа оноогоо хэлээд, бид засаж сайжруулахаар ажилладаг. Дараа нь уран сайхны зөвлөлөөр орно. Тэнд найруулагчийн ажил, жүжигчдийн тоглолт, хөгжим, гээд тал талаас нь шүүмжлэх зохиолч, судлаач, багш нар, найруулагч, хөгжмийн зохиолч, зураач гээд мэргэжлийн хүмүүс ирнэ. Тэгээд л юу нь болж, юу нь болохгүй байгаа талаар шүүмж, зөвлөгөө өгснөөр бид жүжгээ нээхээс урьтаж гүйцэтгэлээ гүйцэд болгохоор дахиад ажиллана. Дээрээс нь би чинь бас хувийн шүүмжлэгчидтэй, Болд-Эрдэнэ судлаачидтай ажиллаж байна (инээв). Ээж, эхнэр, эгч гэсэн гурван хүний хяналтаар байнга орно. Эд маань бүр мэргэшсэн шүүмжлэгчид болчихдог юм байна шүү дээ. Аа энэ хэсэгт чи буруу шүү, харин тэр чинь зөв байна шүү гээд л. Наадах дээрээ нэг л дутаагаад байх юм даа ч гэж байх шиг. 

-Та жүжигчид дотроо арай илүү байгаагаа мэддэггүй гэж битгий хэлээрэй? 

-Мэддэг л байх л даа. Мэддэг учраас өөртөө итгэлтэй ажиллаж, сайн дүрүүд гаргахыг хичээдэг байлгүй дээ.  

-Алдартай жүжигчин байхыг мөрөөддөггүй жүжигчин гэж байхгүй л дээ. Танд алдар хүндтэй байгаагаа мэдрэх таалагддаг уу? 

-Таалагддаг.

-Алдар хүндтэй, дандаа гол дүр авдаг, танд найруулагчид итгэдэг, үзэгчид дуртай... 

-Яг үнэнээ хэлэхэд энэ бүхэн хүнийг дотогшоо чигтэй, амархан эмзэглэчих гээд байдаг талтай болгочихдог. Чи ийм л болчихвол хүн гомдоодог юм шиг.

-Харин Та..? 

-Би ёдор зантай хүн шиг байгаа юм. Хайртай дотно хүмүүстээ л хатуурхчих гээд байдаг. Муухай зан гаргасан үедээ өөрийн бурууг андахгүй мэддэг хэрнээ дэмий л шаналдаг. Нөгөө хүнээсээ уучлал гуйгаад тайвшруулж бас чаддаггүй. Хэнд ч хэрэггүй тийм муухай ёдор. 

-Хамт тоглоход, хамт ажиллахад Танд аз авчирдаг, түшиг болдог, байхгүй бол дутагддаг тун хэрэгтэй хүн хэн бэ?

-Пара (Наранбаатар найруулагч) байна. Манай Эби, Амгаа, Ганаа (Д.Ганцэцэг) надтай цаанаасаа л эвлэчихдэг. Олон жил хамтрахаар нэг мэдэхэд л өөрийн гэсэн ийм хүмүүстэй болчихдог байх л даа.  

-Таны тоглосон сөрөг дүрүүд хүмүүсийн сэтгэлд үлдэж, Таны тухай мэдэх хүсэл нэмэгддэг юм шиг ээ. Сөрөг дүрээсээ Та юунд суралцдаг вэ? Жишээлбэл, хамгийн сүүлд тоглосон Эгэрэг юу өгөв? 

-Сөрөг дүрээс үзэгчид өөрт буй адил төстэй чанарыг олж харахад сэтгэл дотор нэг тийм хашгираан үлддэг байх л даа. Сөрөг дүрд тоглох жүжигчний арга ч бас л энэ. Сөрөг муу дүрээс сайн чанаруудыг нь олж харах, эерэг сайхан дүрээс муу чанарыг бас тодруулж байж тэр дүр амьдарна. Ийм сайхан хүн гээд л дан цавцайсан цагаан юм хийчихвэл амьд хүн биш болно шүү дээ. Хүн л учраас тэр чинь заавал алдаа оноотойгоо цогцолсон байдаг. Эгэрэг холыг харж, асар хурдан сэтгэдэг, түүгээрээ бол жүжгийн хамгийн ухаан зарж амьдарсан, маш зоригтой хүн байна лээ. Энэ чинь бас авууштай чанар биш үү. Гэтэл би амьдрал дээр шийдэмгий бус хүн байхгүй юу. Аль юманд арцалдаж явдаг юм, хаяя гээд л хойшоо суучихдаг. Эгэрэгийн тэр хаан, их хатан хоёрт яг тааруулаад ятгаж байгаа үгнүүдийг ээ. 

-Ер нь энэ жүжигчин хүн байна гэдэг чинь сонирхолтой ч юм шиг, аймаар ч юм шиг. Жүжигчин биш хүнд Тантай дотно найзлахад, ханилж амьдрахад олон талаар балчирдах байх аа?

-Яав л гэж дээ. Би ямар амьдрал дээр жүжиглэж чадах биш. Надтай амьдрах ямар байдаг юм бол доо, нээрэн. Лав л намайг жүжигчин учраас сонирхож дотносоогүй хүн гэвэл эхнэр минь байна. Бид хоёр дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Хар багадаа гэрлэчихсэн. Миний эхнэр санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн байдаг. Миний аймаар ч юу л бол. Зэрэгцээ орших амьдралд хэн ч болчихдог хэрнээ бодит амьдрал дээр нөхцөл байдал, хүн хард тохируулж санаатай хувирах чадваргүй тийм л хүн юм. Тайзан дээр аймаар сүрхий яриад л, аймаар шийдэмгий алхмууд хийж чадаад л. Тэгээд яг амьдрал дээрээ л тэгж чаддаггүй шүү дээ. Хүнтэй уулзахаар нөгөө хэл ам нь татчихаад гарч ирдэггүй, ёстой бүү мэд ээ. 

-Таныг яг ямар дүрд тоглохыг найруулагч л шийддэг үү? 

-Тэгнэ.  

-Гэхдээ Та найруулагчдаа нөлөөлж чаддаг уу? 

-Найруулагч шийдвэрээ жүжигчдэд хамгийн сүүлд хэлдэг юм. Сонгосон хойноо л намайг ямар дүрд ажиллахыг хэлдэг болохоор миний юу хүсэх, бодох хамаагүй. Харин дүрээ авсан хойно бол түүн дээрээ яаж ажиллах, яаж тоглохоо ярилцаж зөвлөлддөг, найруулагчдаа тодорхой хэмжээгээр нөлөөлөх боломж бол бий. Найруулагчийн сонголт гэдэг жүжгийн хувь заяаг шийдвэрлэх зүйл учраас найруулагч хүн жүжигт хэнийг ямар дүрд тоглуулахаа өөрөө дотроо хэдэн янзаар бодож, шаналж их л юм болж шийдэх нь зөв байхгүй юу. Жүжигчид бид мэдэхгүй шүү дээ. Өөртөө нэг дүр бодоод би л “урна” гэж хэчнээн төсөөлөөд найруулагчийн бодолд би байхгүй бол найруулагч зөв харжээ л гэсэн үг.  

-Театрын шүүмж, найруулагчийн ажлын шүүмж, жүжигчний ур чадварын шүүмж гэж бие даасан бүтээлийн төрөл зүйл байдаг. Манайд их ховор. Сэтгүүлчид хийх гэж оролддог ч тэр нь урлаг судлалын түвшинд гэхээсээ уншигчдадаа зориулсан контентоос хэтэрдэггүй, илүү нарийсгаад судалгааны ажил бичих гэх ч бас албагүй гэж боддог юм. Харин жүжигчид яагаад өөрсдөө энэ төрөл жанраар оролдож, бичиж нийтэлж болохгүй гэж? Ялангуяа Тан шиг хамаг чухал дүрийг бүтээсэн, хойшид бүтээх нөөцтэй яваа жүжигчин амбицгүй бол дуусдаг мэргэжил биз дээ? Аливаа улсын гол театрын жүжигчдэд энэ мэт амбиц, үүрэг хариуцлага байх ёстой юу? 

-Магадгүй, Таны зөв байж болох юм. Гэхдээ надаас илүү хийж чадах хүн зөндөө байдагт би ерөөсөө эргэлздэггүй. Надаас илүү мэдрэмжтэй, надаас илүү ном зохиол уншсан хүн олон бий. Нэгэнт л одоо яг энэ цаг хугацаанд энэ театрт ажиллаж байгаа л бол наад юмыг чинь бас бодож явах нь зөв л дөө. Манай алтан үеийнхний дурсамж тоглолтууд болж л байдаг, жүжигчдийн тоглолтын онцлогийг судалсан эрдэм шинжилгээний ажлын тайлангууд бичигдэж л байна. Киноны уран бүтээлчдэд бол гаргаад ярих баримт нь дэлгэцэнд өв болоод үлдчихсэн байдаг, театрт тийм юм тун ховор байлаа. Театрын жүжигчин тайзнаасаа буугаад ингэж тоглосон юм аа гээд фото үзүүлээд ярьдаг байсан. Орчин цагт харин жүжгүүдийн бичлэг хийдэг болсон байна. 

Тоглолтоос тоглолтод жүжигчний арга барил хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч, яаж хийв, юу болгочхов гээд уран бүтээлчийн ажлыг судалж байх ёстой гэдэг чинь бол зөв. Жишээ нь би ядаж өөрийнхөө ажилласан дүр болгон дээр үйл явцын тэмдэглэл бичээд байх юм бол энэ нь хожим гарын авлага, ном болохгүй гэх аргагүй. Харин бусдынхаа жүжиглэлтийн талаар ний нуугүй бичихээр заримд нь урам зориг өгөх бүү хэл эвгүй сэтгэгдэл төрүүлбэл яах вэ? Тухайн үеийн л ажиглалт, дүгнэлт юм чинь буруу болбол яадаг хэрэг вэ? Зүй нь үнэн үнэнээрээ бичигдэх чухал биз? Мэдрэмжид үнэн, худал гэж байх уу? Бид биенээ шүүмжилж чадахгүй тийм үе байдаг. Үнэнийг хэлнэ гэдэг өөрөө бас тухайн хүнээс зориг шаарддаг. Тэртэй тэргүй, надтай надгүй бид бүгдээрээ хэмжигдэх хойно би нэг бичиж үзэхсэн. Тааруу юм болбол шатаагаад л хаячихна биз. 

-Үзэгч театрт ирэхдээ дандаа илүү ихийг, өмнөхөөс давсан тоглолтыг, хүлээлтээс нь ч халихыг хүсэж ирдэг. Тэгвэл жишээ нь Та үзэгчдээс юу хүлээдэг вэ?

-Үзэгчид тэгэх нь аргагүй, зүй ёсны хэрэг. Миний зүгээс үзэгчээс юу хүсэх вэ гэвэл, жүжигт ирэхдээ зохиолыг нь уншсан байгаасай, тэгээд сэтгэл дотроо өөрийнхөөрөө найруулаад, жүжигчдийн тоглолтыг дүрслэн төсөөлөөд ирээсэй. Тэгвэл тухайн жүжгийг тайзнаас хэчнээн таашаалтай, дотроо ямар гоё зөрчилтэй хүлээн авах билээ. Энэ ялдамд, цагаасаа хоцрохгүй ирдэг байхыг мөн хүсье. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
2
3 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
3
2024.03.22
Венецийн биеннальд оролцох уран бүтээлчээр А.Очирболд сонгогдлоо
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
9
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.06.27 103.26.195.113

Баатарыг шидсэн асуултуудыг алгасаад уншсан. Таалагдсан.

0 Хариулах


Зочин Зочин 2022.06.26 66.181.181.144

Энэ цаг үеийн хамгийн сайн жүжигчин харц нь маш их таалагддаг шүү

0 Хариулах


Зочин 2022.06.24 192.82.66.25

Ямар сайхан нандин басхүү зоригтой асуултууд вэ?

0 Хариулах


зочин 2022.06.24 202.131.245.69

Энхцэцэг сэтгүүлчийн хамгийн муу ярилцлагуудын нэг байна да

1 Хариулах


Зочин 2022.06.25 192.82.70.64

Маш сайн ярилцлага байна, битий шуналт,

0 Хариулах


Оюу 2022.06.23 203.91.116.185

Сайхан ярилцлага болжээ. Б.Энхцэцэг сэтгүүлч мундаг юм. Асуултууд гоё байлаа

0 Хариулах