Хайх зүйлээ бичнэ үү

24 мин

Москвад мэндэлсэн од


-Энэ хүүгийн нэр?

-Өлзийжаргалын Мөнхжин, 10 настай.

“Миний нүдэнд шууд л туссан. Царай төрх, биеийн өгөгдөл...”. Х.Гэрэлчимэг багшид энэ хүүг мартахгүй санаж үлдэх учир шалтгаан энэ мөчөөс ургана. Пермийн балетын сургуульд элсэгчдийг шалгаруулах комисс УДБЭТ-т ажиллах хугацаанд “Мөнхжин! Хүүе Мөнхжин!” гэж хамгийн их нэрээ дуудуулсан, томчуудыг хашгируулсан хүүхэд мөн тэр л байлаа. Тэр үеэс өдгөө 12 жил өнгөрчээ. “Мөнхжин багадаа тогтож өгдөггүй хачин сахилгагүй хүүхэд байсан юм. Түүн шиг театр буулгачих дөхсөн хүн ер нь ховор шүү” хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетмэйстэр Х.Гэрэлчимэг толгой сэгсрэв. 

“Одоо цэцэрлэгт байсан үеийнхээ зургуудыг харахаар би ихэвчлэн л бүжгийн хувцастай, ганган. Цэцэрлэгийнхээ концертод ардын бүжиг, цэнгээнт бүжиг ч бүжиглэдэг байсан юм билээ. Дунд сургуульд ороод спортын гимнастикаар хичээллэж, улсын аваргаас алт, мөнгө, хоёр хүрэл медаль авсан байгаа юм. Нэг, хоёрдугаар ангид байсан тэр үеэ тод санадаггүй л дээ. Харин миний ээж балетад дуртай, жинхэнэ үзэгч байж. Намайг балетчин болгох гэсэн нь ээжийн хүсэл, ээжийн минь шийдвэр. Пермьд очсон хойноо л балетыг ойлгож, ирээдүйд эзэмших мэргэжилдээ дурлаж эхэлсэн. Ээж намайг зуны амралтаар гэртээ ирсэн үед зүгээр байлгах дургүй ээ. Сунгалтаа хийгээрэй гээд л, хөлөө сунгаж байгааг харахаараа хоёр хөл тэгш сунгалттай байх ёстой гээд л, нэг талаа муруй тавьчихвал зэрэгцүүлүүлчих гээд л үздэгсэн...”. УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Москвагийн олон улсын балетын жүжигчдийн уралдааны дипломант Ө.Мөнхжин ийн дурслаа.    

“Пермь бол гэрээсээ хол өсвөр насаа өнгөрүүлсэн, үе тэнгийн охид хөвгүүдтэй найзалж нөхөрлөж, балетын урлагт хамтдаа сурч боловсорч найман жил амьдарсан миний нандин газар. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Пермийн дуурь, бүжгийн театрт “Арабеск-2022” олон улсын уралдаан болох товыг хараад яг л гэртээ харих гэж байгаа юм шиг догдолж байлаа”. Гэтэл нэг л өглөө Москвагийн уралдаанаас найман жүжигчин оролцох урилга театрт ирснийг Гэрэлээ багш дуулгав. Москвагийн олон улсын балетын жүжигчдийн уралдаан бол дэлхийн А зэрэглэлийн ижил төстэй уралдаан дотроо хамгийн өндөр шалгууртай, хатуу дэг жаягтай “балетын олимп” гэх онцгой нэршил бүхий цор ганц уралдаан. “Большой театрын тайзнаа бүжиглэнэ гэдэг миний хувьд маш холын мөрөөдөл, балетчин бүрт олдоод байдаггүй ховорхон боломж. Тэгээд л Пермийн уралдааны бэлтгэл Москвагийнх болж хувирсан. Гэрэлээ багшийн удирддаг бэлтгэл улам чангарч, шаардлага ч илүү ширүүссэн. Нэг вариац бүжиглэж дуусаад амьсгаа дарах гээд суумагц багш миний гаргасан алдааг даруй засуулж, давтуулах гэнэ. Энэ нь надад хэцүү санагддаг ч би босоод дахиад бүжиглэнэ. Хамгийн сонин нь Орост сурах үед л намайг багш нар загнаж байсан үг Гэрэлээ багшийн одоо байнга хэлдэгтэй яг адилхан. Хоорондоо тэд үгсээгүй байлтай. “Балетчин болоход бүх юм нь бэлэн. Хөл, гарыг нь тээр, хар даа. Даанч залхуу” гээд л. Би бэлтгэл дээр нэг өдөр залхуурдаг ч маргааш нь нөхөж сайн хийхийг хичээдэг. Ийм тууштай биш хандлага багш нарын уурыг их хүргэдэг байх”. 

Х.Гэрэлчимэг: Бүжигчний ур чадвар бэлтгэл сургууль дасгалтай шууд холбоотой. Өнгөрсөн хоёр жилийн хөл хорионы дараа болж байгаа анхны том тэмцээндээ орох гэж байгаа хүмүүс шүү дээ. Мөнхжин бол бурханаас балетад заяасан хүүхэд. Үсрэлт, эргэлт бүх юм байна. Муур шиг гоё хөнгөхөн, цэмцгэр бууж чадна. Төгсөлт бүрт л ийм сайн хүүхдүүд ирдэг, гэхдээ эрчүүд ховор таардаг. Мөнхжин миний үгийг сонсохгүй царай гаргана аа, бас. Гэхдээ хэсэг хугацааны дараа миний үг түүний бүжигт яг л шингэчихсэн харагддаг. Уур нь хүрсэн ч тэр хичээж байдгийг би анзаардаг. Гэхдээ л Мөнхжин залхуу шүү, илүү хөдөлмөрлөх хэрэгтэй.  

Ө.Мөнхжин: Би бэлтгэлтэй үед 78, бэлтгэлгүй бол 80 кг-аас хэтэрдэггүй. 183 см өндөртэй хүнд ийм жин туранхай харагдуулж байна гэж хүмүүс хэлдэг бол ганцхан Гэрэлээ багш л намайг тарган гэдэг. Би Москвад очоод яг тэмцээнд орохдоо жин дээр зогсоход 75 кг байсан. Уралдааны өмнө бэлтгэл “цөмөрснийх” байх (инээв). 

Москвагийн Олон улсын балетын уралдаан 1969 оноос эхтэй. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг түүхэн уламжлал цар тахлын улмаас XIV уралдааны өмнө анх удаа зөрчигдөж таван жил өнжин 2022 оны зургадугаар сарын 3-11-нд товлогдсон юм. Энэ удаагийн уралдааныг ЗХУ-ын ардын жүжигчин, бүжиг дэглээч, балетын домгуудын нэг Юрий Николаевич Григоровичийн мэндэлсний 95 жилийн ойд зориулан зохион байгуулав. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, 33 орны 343 балетчин тэмцээнд оролцох хүсэлтээ ирүүлснээс видео бичлэгээр нь шалгарсан Орос, Армен, Австри, Их Британи, Итали, Румын, Бразил, Аргентин, Казахстан, Өмнөд Солонгос, Вьетнам, Япон, Турк, Монгол зэрэг 30-аад улсын 112 балетчныг уралдааны нэгдүгээр шатанд оролцохыг урьсан байна.

Нэгдүгээр шат эхлэхэд Большой театрын тайзнаа нийт 105 балетчин өрсөлдөхөөр болжээ. Мунхжин Улзийжаргал, Монголия, номер шестьдесят два. Ө.Мөнхжинг зарлав. Гэрэлээ багш түүний нуруу руу гурван удаа хүчтэй цохиж сандралыг нь үргээхэд тэр тайз руу гарахад бэлэн боллоо.  

***

Москвагийн Олон улсын балетын 1969 онд зохиогдсон анхдугаар уралдаанд хожим Ардын жүжигчин болсон балетчин О.Ганбаатар 25 настайдаа Монголоос анх оролцсон түүхтэй. Гавьяат жүжигчин Т.Туул тэгэхэд хамтран бүжиглээчээр нь тун амжилттай бүжиглэсэн байна. Хөдөлмөрийн баатар, балетмэйстэр Б.Жамъяндагва 1973 оноос тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан нь Монголоос төдийгүй Ази тивээс ажилласан анхны шүүгч байлаа. Ардын жүжигчин Ю.Оюун энэ уралдаанд хоёр удаа оролцохдоо 1977 оныход хоёрдугаар шатанд шалгарч байсан бол удаахид буюу 1981онд “даага нэхэн” хүрэл медаль хүртэн Монголын анхны медалийг авчирсан түүхтэй. 1981 оны уралдаанд балетчин О.Батсайхан мөн Монголын анхны дипломант болсон бөгөөд судлаачид, шүүмжлэгчид түүний талаар Москвагийн хэвлэлүүдэд бичсэн нь олон улсын балетчдын дунд шуугиан тарьж байжээ. “Монголдоо сонгодог бүжгийн мэргэжил эзэмшсэн О.Батсайхан дипломант болж байгаа нь энэ улсын балетын хөгжил, түвшин нь дэлхийтэй зэрэгцэж чадсаныг гэрчилж байна”, “Монголын балетчин О.Батсайханы үндэснийхээ “Хөгжмийн эгшиг” балетаас орчин үеийн бүжгийн төрөлд үзүүлсэн номерыг мэргэжилтнүүд онцолж байгаа бөгөөд дэглэсэн Б.Жамъяндагва уралдааны шилдэг бүжиг дэглээчээр шалгарлаа”. 

Ардын жүжигчин Ю.Оюуныг Монгол Улсаас Хүндэт зочноор урьж оролцуулсан 1993 оны Москвагийн Олон улсын балетын уралдаанаас гоцлол бүжигчин У.Бат-Эрдэнэ соло төрөлд мөнгөн медаль авсан нь өнөөдрийг хүртэл монгол жүжигчин “балетын олимпоос” хүртсэн дээд амжилт юм. У.Бат-Эрдэнэ АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж амьдран уран бүтээлчийн замналаа үргэлжлүүлж буй бөгөөд World Ballet Grand Prix-ийн уран сайхны удирдаач, Korea International Ballet уралдааны шүүгчээр ажилладаг. “Бид сая Москва явахаасаа өмнө Бат-Эрдэнэтэй онлайнаар бэлтгэл хийсэн. Эрэгтэй жүжигчдэд эрэгтэй багшийн зөвлөмж авсан нь бүжгийн техник талаасаа зөв болсон” гэж Х.Гэрэлчимэг багш ярьлаа. Гэрэлээ багш өөрөө 1985 онд 26 настайдаа Москвагийн уралдаанд оролцож, хоёрдугаар шатанд шалгарч байжээ. 

***

Урилгыг дагалдсан уралдааны удирдамжид балетмэйстэр Х.Гэрэлчимэг гол анхаарлаа хандуулан бүжигчдийн Монгол дахь бэлтгэлийг удирдав. Токио, Нью-Йорк, Сөүлийн уралдаантай харьцуулахад Москвагийнх хамаагүй хүнд тэмцээн болдог билээ. Соло бүжигчин гурван шатанд нийт долоон бүжиг, дуэт зургааг бүжиглэнэ. П.Чайковскийн “Нойрсож буй гоо бүсгүй” жүжгийн гуравдугаар үзэгдлийн па де де Мариус Петипагийн тавилт. Гэх мэтчилэн шат тус бүрийн хөтөлбөрийг удирдамжид нарийн заажээ. 

Монгол Улсаас таван эрэгтэй, гурван эмэгтэй, нийт найман бүжигчин эрх авсан нь олуулаад тооцогдоно. Дасгалжуулагчаар Х.Гэрэлчимэг багшаас гадна УДБЭТ-ын гоцлооч Б.Баасансүрэн явсан юм. Б.Баасансүрэн багшаар бэлтгэгдэж байгаа учраас олон улсын уралдаанаас маш ихийг харж, дасгалжуулагчийн хувиар суралцаад ирсэн нь сайн хэрэг болов. 

Москвад буухад Улаанбаатарын цагаар унтаж амрах цаг болсон ч тэднийг уралдааны хөтөлбөр ёсоор Большой театрт бэлтгэл хийх хуваарь угтаж байлаа. Ингээд 15 градусын налуу тайзан дээр манай найман бүжигчин хоёр багштайгаа гарцгаахын өмнө бэлтгэл хийж байгаа оролцогчдыг хажуугаас нь харангаа өөрсдийн ээлжийг хүлээж таарав. Сургуулилалтын үеэр бүгд өөрсдийнхөө театрын тайзан дээр яаж бэлтгэж, яаж бүжиглэдэг байснаараа хийх гэж оролдон бүтэлгүйтэж байлаа. Нэг бүжигчний бэлтгэл хийх хугацаа 15 минут. Налуу тайзанд дасан зохицоход үнэхээр хэцүү бөгөөд энэ шинэ сорилтыг давахад 15 минут маш хурдан өнгөрөх аж. Үсрэлт эргэлтийн төв, буулт өөрчлөгдөж байгаагаа мэдэрч ажиллацгаав. Ийм хянуур бүжиглэж байхад өчүүхэн эмоц нэмэхэд л шууд унаад өгөх гэмтэй. Манайхны ээлж ирэхэд тэнд бүжигчидтэйгээ ирсэн дасгалжуулагч нар монголчуудын сайн дэг сургуультай, өндөр бэлтгэлтэй байгааг гайхаж буйгаа хоёр багшид нь зориуд ирж магтан амжилт хүсэж байлаа.

Большой театрт өнгөрүүлсэн нэг өдрийн орой буудалдаа ирээд утсан дээрх эрүүл мэндийн апп-аа харахад Гэрэлээ багш 10 мянга гаруй алхчихсан байх. Тайз, бэлтгэлийн танхимын хоорнд явахад л төөрөх аварга том театр. “Тайз бол үнэхээр сүрдмээр. Манайхтай харьцуулшгүй том учраас хүүхдүүд тэр тайзыг дүүргэн жүжиглэж, өөрийгөө харуулж бүжиглэнэ гэдэг бол балетчнаас маш их чадвар, эрчим шаардана. Манай тайзнаа ёслоод ороход хэд алхаад хүрчихдэг бол тэнд хэдэн арван метр ч явж байгаа юм, бүү мэд”.

-Сүүлийн жилүүдэд дэлхийн балетад хуучин сонгодгоо санагалзах, гүн рүүгээ тэмүүлэх үйл явц маш хүчтэй орж ирж байна уу гэж миний анзаарсныг Москвагийн олон улсын балетын жүжигчдийн XIV уралдааны удирдамж нотлох шиг л санагдсан. Барууны орнуудад балетыг үзүүштэй болгохын тулд хүндрүүлсэн, сонирхолтой трюкүүдээр баяжуулж, тэднийг даган дуурайх үзэгдэл дэлхийд хавтгай болж ирсэн. Оросын мэргэжилтнүүд хүртэл англи, америк маягийн балетын тавилтуудад хуйлраад байсан гээч. Ялангуяа солонгос, хятад, япон балет дотоод сэтгэл, жүжиглэлт, академизмгүй техник л байдаг юм шүү дээ. Нэгдүгээр шатанд манай Х.Галтулгын өмнө нэг япон балетчин бүжиглэсэн юм. Түүний үсрэлт маш өндөр, яг л робот сармагчин шиг үсэрч буугаад л, техник нь гайхмаар. Москвад уралдааны шүүгчдийн дунд ч маргаан гарсан нь балетын дэг жаягаа л хөндсөн юм билээ. Дэлхийн балетыг оросууд үндсэн сонгодог руу нь эргүүлж байгааг би энэ удаагийн уралдаанаас олж харлаа. Бид ч бас алдаа гаргасаан. Б.Марал, А.Тэмүүлэн хоёр маань нэгдүгээр шатнаас  шалгараагүйн гол шалтгаан “Нойрссон гүнж”-ийг рояль балетын дэгээр бүжиглэснээс шүүгчид хүлээж авсангүй гэж би үзсэн. Маралаа Тэмүүлэн хоёр сайн бүжиглэсэн, одоо яая гэх вэ, бидэнд том сургамж боллоо. 

Залуу балетчдын хувьд энэ уралдаан хэн болохоо ойлгодог, ид бүжиглэж байгаа мэргэжил нэгтнүүдийнхээ чансааг дэргэдээс нь хардаг, эх орныхоо соёл урлагийг дэлхий дахинд тодорхойлдог нэн хариуцлагатай үйл явдал. Балетын ноён оргил болсон энэ тайзан дээр хэн тод байв, түүнд дэлхийн театрууд хаалгаа нээдэг. Маралаа Тэмүүлэн хоёрт л гэхэд Их Британийн хотуудаар аялан тоглох олон улсын балетчдын багт бүжиглэх санал ирэв. Тэд энэ саналыг хүлээн авах эсэхийг Гэрэлээ багш өөрсдөд нь үлдээжээ.  

Монгол Улсын зургаан бүжигчин хоёрдугаар шатанд орсноос Ө.Мөнхжин ганцаараа эцсийн буюу гуравдугаар шатанд шалгарав. “Би баярлах, харамсах ухаанаа олохгүй болчихсон. Багш хүний нүдээр харахад, манай зургаагийн дотор гүйцэтгэлээрээ Мөнхжингөөс гадна О.Анужин, Х.Галтулга хоёр сайн бүжиглэсэн. Манай Х.Галтулга оноогоороо Мөнхжингийн ард нэг оростой тэнцүү шахам шил дарахад шүүгчид бүжигчнээ дэмжих шийд гаргана лээ. О.Анужин нэгдүгээр шатнаас л олны дундаас ялгарч байлаа. Хөл нь маш хөнгөхөн. Энэ янзаараа би түүнийг хоёрдугаар шатаа ч амжилттай давчихна гэж харж байсан. Тайзны налуугийн уруу хэсэгт ганцхан хором анхаарал нь сарниад л алдаа гаргачихсан. Анужин ч, танхимд үзэж байсан хүмүүс яг адилхан шооконд орсныг би мэдэрсэн. Ямар ч байсан бид Монголын балетыг дэлхийд харууллаа. Энэ л чухал. Биднийг дэмжиж тусалсан Соёлын яам, Москва дахь ЭСЯ-ны удирдлагад гүн талархал илэрхийлэхийг хүсэж байна”. 

Москвагийн уралдааныг дэлхийн балетын цуутнууд шүүж ирснээрээ мөн алдартай. Галина Уланова, Майя Плисецкая, одоогийн бүрэлдэхүүнд л гэхэд Николай Цискаридзе шүүгчээр сууж байна. 53 жилийн түүхэнд энэ уралдаанаас дээд шагнал Гран-При хүртсэн ердөө дөрөвхөн жүжигчин төрсөн нь Надежда Павлова (Зөвлөлт, 1973), Ирек Мухамедов (Зөвлөлт, 1981), Андрей Баталов (Орос, 1997), Денис Матвиенко (Украин, 2005) нараар зогсоод байна. Энд өгүүлэн буй 2022 оны уралдаан эмэгтэйчүүдийн соло төрлийн алтан медалиа хэнд ч өгөлгүй нэгдүгээр байрыг эзгүй өндөрлүүлэв. Хамгийн өндөр оноотой Казахстаны жүжигчин Ельчибаева Маликад хоёрдугаар байр эзэлсэнд нь баяр хүргээд буцаасан. “Монгол Улсын Дуурь, бүжгийн театр дэлхийн сонгодгуудын баялаг урын сантай, мэргэшсэн баг хамт олонтой, академик статустай түүхт театр учраас бид энэ уралдаанд шүүгч ажиллуулах хүсэлтээ албан ёсоор тавих ёстой. Энэ уралдааныг санаачлагчдын нэг, 95 насны ойгоо тэмдэглэж буй Юрий Николаевич бол 1969 оноос хойш ээлжгүй ажиллаж буй цорын ганц шүүгч юм. Би түүнтэй зохион байгуулагчдаар дамжуулан Монголын балетын урлагаа төлөөлөн уулзаж ярилцах хүсэлтээ уламжилсан боловч эрхэм хүн уралдаанд онлайнаар оролцсон учраас завшаан тохиосонгүй”. 

***

Ө.Мөнхжин хоёрдугаар шатанд “Жизель” балетын Альбертын вариацыг бүжиглэв. 1997 онд Н.Цискаридзе Альбертын дүрийг бүтээхдээ өмсөж байсантай ижил өмсгөл Мөнхжин өмсчээ. “Би 2018 онд сургуулиа төгсөж ирээд ДБЭТ-т дөрвөн жил ажилласан, “Цөмөөхэй”-н ханхүү, “Хунт нуур”-ын Зигфрид, “Жизель”-ийн Альберт гээд гол дүрүүдэд бүжиглэдэг учраас надад Москвагийн уралдаанд оролцоход өмсөх хувцас бэлэн гэж үзэж байлаа. Гэтэл Гэрэлээ багш “Дэлхийн хамгийн том тэмцээнд явах гэж байж зориулаад шинэ хувцас захиалж хийлгэх ёстой шүү” гэсэн. Тэгээд өөрийнхөө мөнгөөр шинэ хувцас оёулсан юм. Цискаридзе шүүгчийн ширээнээс өөрийнхөө хувцсыг хараад таньсан байх даа. Альбертын шинэ хувцсыг богино хугацаанд маш гоё оёж өгсөн театрынхаа Ариунаа эгчдээ баярлалаа. Надад тусалж дэмжсэн ДБЭТ-ын Саруул, Нандиа, Бааскаадаа маш их баярлалаа”.

Ө.Мөнхжин: Би “Жизель”-ийн вариацыг Пермьд байх 15 настайгаасаа сурч, давтсан. Долоон жил бэлдэж байгаа, хөдөлгөөн бүр нь биед суучихсан учраас сандраагүй ганц тоглолт энэ л болсон. Большой театрын тайзан дээр шүүгчдийн өмнө гарахаас өмнө бэлтгэл дээр хамаагүй сайн хийж байсан хэмжээндээ хүрээгүй. Гэтэл тэнд байсан жүжигчид сайн байлаа гээд баяр хүргэсэн. Нэг жаахан алдаа гаргасан. 

Х.Гэрэлчимэг: Мөнхжин маш сайн гүйцэтгэсэн. Бүжиглэж дуусаад над дээр “Би алдчихлаа” гэсээр ирсэн. Тэр их тайван харагдаж байсан ч өөрийгөө хэт шүүгээд, алдаагаа том болгож хараад байсан нь буруу л даа. Олон улсын тэмцээн тэр чигээрээ сэтгэл зүйн дарамт. Тиймээс бүжигчдийнхээ сэтгэл зүйг ойлгох, хянах, ажиллах шаардлага багш хүнд хамгийн чухал болдог. Залуу жүжигчид мундаг бүжигчин харахаараа айчихдаг, тааруухан хүн харахаараа эрдчих гээд байдаг. Алдсан хүний араас гарвал сэтгэл зүйд шууд түгшүүр үүсэж, яг тэр алдааг давтах магадлал өндөр. Уралдаанд сэтгэл зүйгээ зөв удирдахгүй л бол таагүй нөлөө үзүүлдэг.

Ө.Мөнхжин: Нэгдүгээр шатанд манай Пермийн сургуулийн надаас хоёр дээд курсийн төгсөгч Кирилл Макурины бүжиглэхийг хараад зогсож байтал тэр уначихсан. Шууд би өөр дээрээ хүлээж авах юм билээ. Энэ налуу шалан дээр яг ингэж алдах вий дээ гээд л. Бидэн шиг анх удаа л тийм налуу тайзан дээр гарсан бүжигчид дийлэнх нь байгаа шүү дээ.  Бэлтгэлийн заал нь хүртэл налуу. Бие халаалтын үеэр “Чи сайн юм аа. Гоё бүжигчин байна, чиний бүжиг таалагдаж байна” гэх мэт найрсаг хандлага цөөнгүй сонсоод урам авч л байлаа. Хүүхдүүд тайзны ард бас их сонин зан гаргахтай ч таарсан. Марийнскийн театрын нэг банди партнёр охин руугаа алдааных нь төлөө хашгираад л байсан. Хамтрагч охин нь өрөвдөлтэй санагдаад, дотор хачин болж байгаа юм чинь. Бас маш сайн бүжиглэдэг нэг охины ур чадварыг би бүр биширчихсэн тоглолтыг нь их харж явав аа. Тэгсэн партнёр эрэгтэй рүүгээ уурлаад, төсөөлөхийн аргагүй ааш гаргадаг юм. Би тэрнээс хойш харахаа больчихсон. 

Хоёрдугаар шатны хоёр дахь номер орчин үеийн бүжгээ төгсгөн ёслохдоо Мөнхжингийн мөр илт унжчихсан харагдав. “Баасансүрэн бид хоёр тэр тоглолтыг яг тайзны урдаас харсан суудлаас үзсэн юм. Мөнхжингийн баруун мөр мултарсан “дүнтэйгээр” гуравдугаар шатанд өрсөлдөхөөр шалгарч, монгол балетчдаас ганцаараа үлдсэн. Бидэнд эцсийн шалгаруулалт хүртэл хоёр хоногийн хугацаа бий”. 

Эцсийн шатанд тунасан жүжигчид Большой театрын “Исторический” тайзан дээр найрал хөгжимтэй бүжиглэнэ. Гэрэлээ багш Мөнхжингийн хоёр өдөр оркестртой хийх бэлтгэлийн эхнийхийг бэртсэн мөрөө амраан оркестроо сонсож өнжихөөр шийдэв. Харин хоёр дахь өдрийн бэлтгэлийг бүтэн хийх ёстой. Гэтэл Мөнхжингийн эхний номерын бүжгийн хэмнэлээс оркестр түрүүлж дуугараад огт таарсангүй. 

Ө.Мөнхжин: Оркестр арай л хурдан тоглоод байсан. Миний бүжиг темпээрээ оркестроос хоцроод байгааг хэлтэл “Бид нийлж амжихгүй, чи өөрөө тааруулаад бүжиглэх хэрэгтэй” гэв. Оркестр бүжигчний темпэд тааруулж тоглодог. Хоёр дахь номер ч мөн адил ер болж өгсөнгүй, бэлтгэлийн цаг дууслаа. Гэрэлээ багш энэ талаар хөтлөгч найруулагчид хэлж, дахин нэг давтах боломж хайтал “Санаа зоволтгүй, бид тэмцээн дээр удирдаачид анхааруулна” гээд сонсоогүй. 

Х.Гэрэлчимэг: Мөнхжингийн араас тайзан дээр гарсан орос бүжигчний бэлтгэлийг хараад зогсож байтал мань эр гурав эргэх гэж оролдоод унаад л бх юм, тэгсээр цагаа дуусгачихсан. Гэтэл түүнийг “Дахиад нэг үз” гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Та нар яагаад олон улсын нэр хүндтэй тэмцээн дээр ялгаатай хандаж, хоёр адилхан жүжигчинд хоёр өөр хариулт өгч байгаа юм” гээдэхлээ. Гэтэл урдаас “Танай хүүхэд унаагүй, энэ хүүхэд унаад байна” гэхээр нь би муудалцахаас аргагүйд хүрсэн. “Манай жүжигчин заавал унаж байж оркестртой хийх эрхээ авах ёстой юм уу. Би Олон улсын балетын ассоциацад гомдол гаргана. Москвагийн уралдаан танаас болж тэгш бус хандлагаараа шившиг болвол хохь чинь шүү” гээд л. Тэр үед хөндлөнгөөс харж байсан орос багш нар надтай санал нийлж миний талд дуугарцгаасан. Миний бүр шар гозойгоод “Та нар маргааш Мөнхжинг харж байгаарай” гэж дотроо хашгираад л гарсан. Энэ явдал жүжигчний сэтгэл зүйд дайралт болно шүү дээ, мэдээж. “Чи одоо зүгээр дайраад л гар, юун төлөө театрын гоцлоочоор хэдэн жил ажиллав” гэхээс өөр Мөнхжинд хэлэх үг над олдоогүй. Маргааш өглөө нь нөгөөх найруулагч чинь хайлсан тугалга шиг болчихсон бид хоёрт оркестроо гаргаж өгөөд тайзан дээр бэлтгэлээ хийхийг урих нь тэр. Ингэж уралдааны өмнөхөн амжиж нэг бэлдэхдээ оркестрын темпийг тааруулсан. Большой театрын оркестр шүү дээ. Ёстой л нөгөө “аймаар” гоё дуугарч байлаа. Тэр босоо ятгыг ээ, бурхан минь. Бэлтгэлийн дараа Мөнхжин инээсэн. Санаа нь амарсан байх. “За одоо хэнтэй ч өрсөлдөхгүй шүү. Зүгээр л өөрөө өөртөө зориулж, таашаалтай бүжиглэхэд болно” гэж хэлээд ар нуруу нь гурав цохиод гаргалаа. 

Гуравдугаар шатанд Мөнхжингийн үзүүлсэн хоёр бүжгийн эхнийх “Хунт нуур”-ын ханхүүгийн вариац, сүүлийнх “Корсар” балетын вариац. “Тун дажгүй гүйцэтгэсэн. Багшийн хувьд гуравдугаар шатанд Мөнхжин хоёрдугаар шатанд үзүүлсэн тоглолтоо гүйцээгүй л гэж хэлнэ. Гэхдээ Мөнхжин балетын дэг жаягийг академик түвшинд онц сурчээ. Тэмцээн дээр ерөөсөө энийг л харсан, тэгж л гол шүүлт явагдсан”.

Ө.Мөнхжин хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. “Энэ монгол хүн мөн үү” гэх асуултыг Х.Гэрэлчимэг багш Москвад олонтаа сонсов. Энэ нь түүнийг сайн бүжигчнээр тогтохгүй царайлаг сайхан байгаад гайхсан өнгөөр тавигдсан асуултууд байв. “Тийм ээ, тэр жинхэнэ монгол хүү”. Гуравдугаар шатны тоглолтыг онлайнаар шууд цацагдахад таван сая хүн үзэж, Мөнхжингийн “Корсар” бүжиглэх үеэр хөвөрсөн хүмүүсийн сэтгэгдлийн дийлэнх түүний гоо сайхны талаар бичигджээ. “Какой он красавец!”. 

***

2010 онд бяцхан Мөнхжинтэй танилцаж сахилгагүйг дэггүйг нь гайхаж байгаад Пермь рүү балетын сургуульд үдсэнээс долоон жилийн дараа бид эргэн уулзсан юм. Тэгэхэд Мөнхжин төгсөх курсэд орох зуныхаа амралтаар Улаанбаатарт ирсэн үе. Ангин охин Р.Булгантайгаа (Одоо Пермь хотын Дуур, бүжгийн театрын гоцлол бүжигчин) 2017 оны Бээжингийн олон улсын тэмцээний өсвөр насны ангилалд оролцох урилгаа авчихсан, надаас хичээл авах гээд театр дээр ирлээ. 17 настай Мөнхжин танигдахын аргагүй төлөвшчихсөн байсан. Өгөгдлүүд нь бүр янзын! Үсрэлт, эргэлт, дуэт бүжиглэхдээ партнёртойгоо харилцаж байгаа нь ээ. Балетын дуэтэд эрэгтэй бүжигчин хосоо эргэхэд түших, өргөх, буулгах, зогсоох, гараа өгөөд аваад явж байгаа тэр бүх харилцааг яаж хийж байна вэ гэдэг маш чухал. Мөнхжингөөс би маш цэмцгэр, зөөлөн, тулхтай байдлыг хараад тоосон. 

“Пермьд бэлдэж байгаад энд ирээд Гэрэлээ багштай сургуулилахад тэнд орос багш нартай хийж байсан бэлтгэл юу ч биш юм байна, олон улсын уралдаанд огт өөр бэлтгэл шаардлагатай болдог юм байна гэдгийг анх ойлгож байлаа. Тэр зун ээжийн бие нэлээд муудчихсан... Би ээжтэйгээ эмнэлэгт очиж уулздаг байсан. Намайг муугүй балетчин болохыг мэдэж амжсан байх гэж би боддог. Хүү нь Бээжингийн Олон улсын балетын уралдааны нэгдүгээр шатанд бичлэгээ илгээж тэнцээд оролцох урилга авсан гээд их л баярласан. Нэг сарын дараа ээж минь нас барсан. Хөдөөлүүлээд яг долоо хоногийн дараа уралдаандаа явсан. Миний ээжийг А.Анхчимэг гэдэг...”. 

“Ээж нь эмнэлгээс гэртээ хэсэг гарахдаа над дээр ирж уулзаад явсан нь бидний сүүлчийн уулзалт байсан юм. Хүүгээ л их ярьсан. Тэгээд удалгүй их хүнд зүйл болсон доо. Ердөө долоохон хоноод л би Мөнхжингөө аваад Булгантайгаа гурвуулаа олон улсын уралдаанд оролцоод ирж байлаа. Тэр тэмцээнээс Мөнхжин Бээжингийн Үндэсний урлагийн театрын нэрэмжит шагналыг хүртсэн”. 

***

-Гэр бүлийнхээ тухай ярихгүй юү? 

-Би аавтайгаа өсөөгүй. Ээж аав хоёр маань намайг багад салж хөндийрсөн улс юм билээ. Би ээжтэйгээ ам бүл хоёул байсан. Аавын ах, балетчин Д.Өлзийсайхан бид хоёр мэргэжил нэгтэй хүмүүс. 

-Айлын ганц хүүхдийн ямар зан Танд байдаг вэ?

-Ганц хүүхэд гэхээр хүмүүс намайг эрх дураараа ч юм уу, эсвэл зожиг байх гэж таадаг. Над тийм эрх танхи, эсвэл ганцаардмал зожиг юм байхгүй ээ. Ээжийнхээ дүү нартай ойр байсан болохоор гав ганцаархнаа өссөн гэж өөрийгөө боддоггүй. Харин ч нийтэч. Пермьд сурч байхад Р.Булгантайгаа үерхдэг хөвгүүнээс нь ч илүү олон цагийг өнгөрүүлдэг байсан гэхчлэн бодоод үзэхээр би харин ч их найзархаг хүн байх.  

-Балет бүжиглэх гэж төрсөн өгөгдөлтэй гэж олонтаа сонссон байх. Та өөрийгөө хэдийд яг ингэж мэдэрдэг вэ? 

-Бүжиглэж байхдаа л... “Энэ миний хийх ёстой зүйл яг мөн” гэж мэдэрдэг. 

-Балетчин хүнд өрсөлдөгч чанар зайлшгүй байх ёстой юу?

-Би өрсөлдөгч, бас хөдөлмөрч төрлийн хүн биш юм шиг байна лээ. Яг л хийх ёстойгоо хийчихээд гараад явдаг. 

-Таны хүссэн дүрийг, байр суурийг өөр хүнд өгчихвөл зам тавьж өгөөд холдох уу?

-Хор шар гардаггүй юм аа, надаас. Би ер нь хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ эвтэй найртай байвал илүү их эрч хүчийг авдаг. Муу санах, далдуур бодох, за тэгээд л өрсөлдөөд тэмцэлдээд, тэр гол дүр, байр суурь энэ тэрийг булаацалдаад унавал надад өөрт их зовлонтой, хэцүү болно байх. 

-Та одоо ямар чадварт суралцмаар байна?

-Би одоогоор бүжиглэж л байна. Гэвч балетад энэ хангалтгүй гэж үздэг. Балетыг хүмүүст илүү ойлгомжтой харагдуулахын тулд жүжиглэх ур чадварт суралцахыг хүсэж байна. Манай ангиас Москвагийн театруудад бүжиглэдэг сайн балетчид олон бий. Гэтэл нэг л хүүхдийг Большой театрт авсан. Яагаад гэвэл тэр жүжиглэх авьяастай байснаас биш техник ур чадвараар огт илүүрхэж байгаагүй л энгийн сурагч. Би Альбертыг бүжиглээд байгаа хэрнээ жүжиглэж чадахгүй л байх шиг байдаг. Миний хайр дурлал үнэн сэтгэлээсээ харагдахгүй болохоор Гэрэлээ багш ямар сайндаа л “Жизель”-ийг тоглож дуустал Нандиа та хоёр эсвэл үерхчихээч, яршиг” гэж байх вэ дээ. 

-Та Б.Жамъяндагва гуайтай амьд сэрүүнд нь уулзаж ярилцаж үзсэн үү?

-Жамъяндагва гуай тоглолтод уригдан ирж явахад нь би яг таарсан юм. 2020 онд л доо. Нэг гартаа таягаа тулчихсан. Би таяггүй талаас нь түшээд театр руу ортол “Чи Спартакийг хийнэ шүү” гэж хэлсэн. 

-Энэ тэгвэл Монголын балетын “загалмайлсан эцгийн” Танд хэлсэн гэрээс юм биш үү?

-Харин тийм л байх. Гэхдээ надад одоогоор бодсон зүйл алга л байна. 

-Танд саяын уралдааны үеэр гадаадын театруудаас ажлын санал ирсэн үү?

-Москвад байхад хоёр, энд ирсний дараа нэг театраас санал ирсэн. Судалж үзээд татгалзсан хариу өгсөн. 

-Дэлхийн балетын олимп гэдэг том уралдаанаас Та дипломант боллоо. Харин Таны авсан гол сургамж юу байв? 

-Дасгалаа л сайн хийе гэж үнэн голоосоо бодлоо. Бид өглөө бүр ажилдаа ирээд нэг цаг арав, цаг гучин минут хийдэг. Би өнгөрсөн 12 жил тасралтгүй дасгал хийжээ. Гэхдээ би маш залхуу хийгээд сурчихсан юм билээ. Саяын уралдаанд дасгалаа цэвэр, номоор нь чанартай хийж байгаа хүмүүс л төгс бүжиглэж байгаа нь нүдэн дээр илт ялгарч харагдлаа. Бас яг “Жизель” шиг хэзээ ч алдахааргүй биедээ суулгасан дахиад хэдэн “цайны” вариацтай болох хэрэгтэй юм байна гэдгээ ч ойлголоо. 

-Таныг хэн нэг алдартантай адилхан гэж хэлэхийг сонсож байсан уу?

-Намайг бүжиглэж байгааг харсан гадаадын балетчид Жорж Барани гээд куба гаралтай бүжигчин шиг эргэдэг, пассе өндрөөрөө адилхан гээд байдаг юм. Энэ нэрийг олон газар сонссон шүү.

-Та хайр дурлалтайгаа учирсан уу?

-Би найз охинтой. Үерхээд хэдэн сар л болж байна. Б.Хулан маань бас балетчин. Энэ намраас бид театртаа цуг ажиллаж эхэлнэ. Намайг Москва руу гаргаж өгөхөд нь би үснийх нь боолтыг авч үлдээд гарандаа зүүгээд явсан. Хайртай бүсгүйнхээ зүүлтийг биедээ авч явбал аз авчирдаг гэж эрэгтэй балетчид ярьдаг юм. 

-Дипломант болсноо хамгийн түрүүнд дуулгасан уу?

-Интернэтээр бид бараг зэрэг мэдсэн дээ. Онгоцноос буунгуутаа гэртээ харьж усанд орж цайлчихаад л эргээд гарсан. Манай найз охин Улаанбаатарт энэ сарын 13-15-нд болсон Олон улсын балетын хоёрдугаар уралдаанд оролцож байсан учраас очиж дэмжих гэж л их яарсан. Хулан жюниор ангилалд алтан медаль авсан. 

-Их сайхан охин байх даа?

-Хүмүүжилтэй, сайхан сэтгэлтэй, эелдэг зөөлөн ийм л охин. Би ер нь хайр дурлалын ийм гүнзгий харилцаанд ерөөсөө орж байгаагүй юм билээ. Амархан гомддог, тэгээд амархан уучилдаг, үүгээрээ бид хоёр төстэй. Мэргэжилдээ ч мундаг. Жинхэнэ балетчны хөлтэй, бүр маш гоё. Би “Хунт нуур”-т Хулантай бүжиглэхийг мөрөөддөг болсон. 

-Гэрэлээ багш чинь мэдэх үү?

-Мэднэ ээ. Гэрэлээ багш бол яг л хүний ээж шиг миний хувийн асуудалд халдаж чадахаар хүн. “Чи нэг зөв л яваарай даа” гээд анхааруулж байдаг юм. Гэтэл Хулан бид хоёрын үерхлийн талаар надтай нухацтай ярилцаагүй, тэр нь их дэмжиж байна гэсэн үг байх. 

-Одоо дараагийн олон улсын уралдаан хэдийд вэ?

-Долдугаар сард Солонгост болох уралдаанд оролцоно. Одоо наадмын нээлтэд Пермийн театрын гоцлол бүжигчин Р.Булгантай бүжиглэхээр бэлтгэж байгаа. Булган найз маань зуныхаа амралтаар ирээд байгаа юм.

2022.06.27

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
34
1
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (12)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.04.02 66.181.161.199

Маш сайхан сэтгэгдэл төрлөө. Багш, шавь хоёрт аз жаргал хүсье! Гэрэл гэгээтэй муу бүхэн холуур байгаасай.

0 Хариулах


Зочин 2023.03.28 103.212.119.112

Батсайхан гэдэг балетчинтай адилхан юмаа.сайхан хүү байна амжилт хүсье

0 Хариулах


иргэн 2023.03.28 64.119.22.35

Баяр хүргэж, улам их амжилт хүсэн ерөөе.

0 Хариулах


Х 2022.10.07 64.119.24.113

Манайх гоё эрэгтэй баллетчинтай болж байгаа юм байна даа. Одоо залуу насандаа сайн хичээгээрэй. Чамайг олон амжилтын эзэн болно гэдэгт итгэж байна. Залуусдаа зөв үлгэр дууриалалтай байгаасай.

0 Хариулах


Зочин 2022.07.16 192.82.70.167

Маш гоё ярилцлага уншлаа. Багш мундаг, шавт авьяаслаг юм. Бурхан болсон ээж нь бүр мундаг бүсгүй байжээ. Холын бодолтой, хүүгээ маш зөв мэдэрч мэргэжлийг нь сонгож өгчээ.

0 Хариулах


Monkoo fan 2022.07.02 202.179.26.106

Uneheer sain saihan amidraasai chin setgeleeeeseee husii

0 Хариулах


Зочин 2022.06.30 150.129.141.194

Сайхан ярилцлагаараа аялуулж, Большой театрт аваачиж, тэмцээний уур амьсгалыг мэдрүүлсэн сэтгүүлчид баярлалаа. МУГЖ Х.Гэрэлчимэг, Мөнхжинд баяр хүргэе. Мөнхжинд залхуурлаа хаяж, бага ч гэсэн өрсөлдөөнч сэтгэхүйтэй болоосой гэж хүсье.

0 Хариулах


Зочин 2022.06.30 192.82.73.164

Маш гоё ярилцлага байнаа. Хуланг хараяа кк. Амжилт хүсэе сахиусан тэнгэрүүдэд

0 Хариулах


Tuya 2022.06.28 216.194.5.18

Muu yum holuur baig eee saihan hyy ve sain ch bujigchin bololtoi yum amjilt!

0 Хариулах


Зочин 2022.06.27 202.21.108.223

Бичлэг хаана байна. Олон улсын үзье

0 Хариулах


Зочин 2022.06.27 66.181.164.138

Дипломант гэдэг нь ямар шагнал юм бол оо

0 Хариулах


Зочин 2022.06.28 202.21.101.238

Тусгай байр

0 Хариулах


Зочин 2022.06.27 192.82.65.183

Үнэхээр чадварлаг, авьяаслаг, залуу бүжигчин. Энэ ярилцлагаас түүний дотоод ертөнцийг илүүтэй олж харлаа. Сайхан ярилцлага болжээ, баярлалаа. Илүү их амжилт, илүү сайхан зүйлс хүлээж байгаа даа энэ мундаг хүүг.

0 Хариулах