Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

"Улс төр, бизнесийн салбарт эмэгтэй эх сурвалжийг олж, бэлдэх чухал шаардлага байна"


"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс "Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж" сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр "BBC" агентлагаас хэрэгжүүлж буй "50:50" төслийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Миранда Холт илтгэл хэлэлцүүлсэн юм. Дэлхийн 30 орны 145 байгууллага “BBC” агентлагтай түншлэн “Тэгш байдлын 50:50" төслийн аргачлалыг ашиглаж байна. Тэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна их сургуулиудтай хамтарч оюутнуудын тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах болсон бөгөөд мөн ашгийн төлөөх байгууллагууд хүртэл "50:50" зарчмыг баримтлах болоод буй. 

Жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангаснаараа эмэгтэйчүүдийг бизнесийн ашгийн тулд татах боломж мөн бүрдэнэ

Миранда Холт илтгэл хэлэлцүүлэх үеэрээ "Уг төслийг эхлүүлэх үед “BBC” агентлагт эмэгтэй эх сурвалжийн харьцаа 35 хувьтай байсан нь өдгөө 61 хувь болж өсжээ. Мөн "50:50 төсөл"-ийг хэрэгжүүлснийхээ дараагаар үзэгчдийн дунд цахимаар санал асуулга явуулахад 69 хувь нь бидний контентуудад эмэгтэй эх сурвалж өссөн байгааг анзаарсан хэмээн хариулсан. Түүнчлэн 16-24 насны эмэгтэйчүүдийн 80 хувь нь "BBC" агентлагийн контентыг үздэг гэж хариулсан бөгөөд энэ нь жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангаж, эмэгтэй эх сурвалжийг яриулснаар зөвхөн ёс зүйн асуудлыг шийдэж байгаа биш мөн эмэгтэйчүүдийг бизнесийн ашгийн тулд татах боломж олгож буй харуулж байна. "BBC" агентлаг нь 50:20:12 гэсэн зарчмыг бас хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл, эх сурвалжийнхаа 50 хувийг нь эмэгтэйчүүд, 20 хувьд үндэсний цөөнхийг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг мөн 12 хувьд оролцуулъя гэсэн зорилттойгоор ажиллаж байна" гэдгийг онцолсон юм.

Р.Адъяасүрэн: Үнэлж чадахгүй бол сайжирч үл чадна

Мөн “BBC” агентлагийн "50:50" хөтөлбөрийн түншээр ажиллаж буй GoGo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн өөрсдийн үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтүүдийн талаарх мэдээллээ хуваалцлаа.

Тэрээр илтгэлдээ “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн хүрээнд GoGo.mn сайт редакцаараа сургалтад хамрагдсан. Энэ нь бидэнд мэдээллийг нэг цонхоор харах боломжийг олгосныг онцолъё. Мөн хөтөлбөрийн зорилгод хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал байсан учраас түүнд зориулан дата мэдээллээ цуглуулах болсон бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааг илүү тодорхой болгосон. 

Хөтөлбөрт хамрагдахаас өмнө өдөрт 50 мэдээ нийтлэхэд л эх сурвалжийнхаа харьцааг тооцох боломжгүй болчихдог байв. Хэмжиж чадахгүй бол үнэлж чадахгүй, үнэлж чадахгүй аваас сайжирч үл чадна. Иймд бид мэдээллээ баримтжуулж эхэлснээр эх сурвалжаа бүртгэж чадах болсон юм. Түүнчлэн бид хүйсийн тэнцвэрт байдлаас гадна эх сурвалжийн түвшний тэнцвэрийг хангах чухал үзүүлэлтээ орхигдуулаад байсан юм билээ. Хөтөлбөрт хамрагдах болсноор энэ байдлаа олж харсан. Багш нар “Та бүхэн өөрсдийнхөө хийж буй сайхан зүйлсийг уншигчдадаа хуваалцаач ээ” гэхэд харин бид  “Олон нийтэд тустай мэдээлэл биш. Бидний дотоод үйл ажиллагаа уншигчдад ямар хэрэгтэй юм бэ” гэх өнцгөөр хараад байв. Гэтэл санаачилгаа мэдээлэх нь уншигчдадаа өгч буй амлалт болж, бидний хариуцлагыг нэмэгдүүлдэг юм билээ. Иймд бусад редакцууд ч мөн хөтөлбөрт хамрагдаасай, бүтцээрээ нэг чигт хараасай гэж хүсэж байна" хэмээв.

Х.Мөнхжаргал: "Зууны мэдээ" сонин 500 орчим эмэгтэй эх сурвалжийн 

дата сантай болоод байна

Монголоос "50:50" хөтөлбөрийн түншээр ажиллаж буй өөр нэг байгууллага нь "Зууны мэдээ” сонин юм. Тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал "Бид эх сурвалжийнхаа хүйсийн харьцааг тэнцүүлэхийг хичээж байгаа болов чиг эрэгтэй эх сурвалж өдгөө ч давамгайлсаар л байгаа. Ялангуяа улс төр, бизнесийн салбарт эрэгтэй эх сурвалж илүү олон байдаг. Иймд эмэгтэй эх сурвалжийг олж, бэлдэх чухал шаардлагатай байна" гэдгийг онцолсон юм.

Тэрээр үргэлжлүүлэн “Зууны мэдээ” сонин нь даваа гарагийн дугаар дахь “Амьдралын тойрог”, “Leaderships forum” буландаа хүйсийн болон насны харьцааг тэнцүүлэхийг хичээдэг байлаа. Харин "50:50" хөтөлбөрт хамрагдаж эхэлснээсээ хойш бүхий л нийтлэл болоод сониныхоо нүүрүүдэд эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангахыг эрмэлзэх болсон. 

Мөн эх сурвалжийн бүртгэлийн хуудсыг нэвтрүүлэн өдөр тутамдаа хөтөлж байна. Цаасан дээр бүртгэл хөтлөөд явахаар ажлын үр дүн илүү тодорхой харагддаг юм билээ. Хөтөлбөрт хамрагдаж эхлэхээс өмнө манай сонины нийтлэлүүдэд сонирхлын бүлгийн эх сурвалж давамгай байсан. Мэргэжлийн, үр дагавар хүртэгсдийн дуу хоолойг нэмэгдүүлэхэд анхаарч, давхар эх сурвалжийн түвшний бүртгэлийг ч мөн хийх болж, тодорхой ахиц гараад байна.

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс эмэгтэй сурвалжийн дата санг бүрдүүлснээ манай сонинтой хуваалцсан. Зургаан салбарын 371 эмэгтэй эх сурвалжийн дата санг өөрсдийнх нь зөвшөөрөлтэйгөөр нийтлэлдээ ашиглах боломжтой болсноор богино хугацаанд чанартай мэдээллийг бэлтгэх боломж бүрдээд байна. Бид энэхүү дата сангаа улам баяжуулж, долоо хоног болгон нэмэгдүүлж байгаа. Одоогоор “Зууны мэдээ” сонин 500 орчим эмэгтэй эх сурвалжийн дата сантай болоод байна.

Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсанаар “Эдиториал” буланг нээж, өөрсдийн байр суурь, хийж буй ажлыг уншигчдадаа тайлагнадаг болсон" гэв. 

Д.Мөнхчимэг: Хэвлэл мэдээллийн байгууллага нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч биш

Мөн уулзалтын үеэр "Улс төрийн мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь” редакцуудад зориулсан удирдамж анх удаа олон нийтийн хүртээл болж, танилцуулагдсан юм. Тус удирдамжийн талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэгтэй ярилцлаа.

-Уг удирдамж юугаараа онцлог, бас үр нөлөөтэй вэ?

-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Жендэрийн Үндэсний хороотой хамтраад “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй сэтгүүл зүйн удирдамж”-ийг гаргаж байсан. Агуулгын хувьд хэдий сайн боловч, эх бэлтгэл нь дан текст болохоор залуучууд уншихад уйтгартай болсон л доо. Харин "Улс төрийн мэдээллийн агуулгад жендэрийн тэгш байдлыг хангах нь” редакцуудад зориулсан удирдамжийг сэтгүүлтэй төстэйгөөр уншихад сонирхолтой байдлаар хийснээрээ онцлогтой. Сэтгүүл зүйн салбарынхан ихэнхдээ завгүй ажилладаг тул сургалтад суух боломж хомс байдаг учир практикт шууд хэрэглэхэд тохиромжтой удирдамж чухал байдаг. Би 2008 онд сэтгүүлч болоод мэргэжлийн хувьд яаж илүү сайжрах вэ гэсэн зөвлөгөөг эрэлхийлж дандаа орос, англи хэлээр л олж авдаг байв. Монгол хэлээр цөөн удирдамж, ном байх авч практикт шууд хэрэглэхэд бас төвөгтэй. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс дотроо жишээтэй, хүмүүсийн туршлагаа хуваалцсан ярилцлагатай, ойлгомжтой байдлаар уг удирдамжийг гаргасан юм. 

-Улс төрийн мэдээллийн агуулга дахь жендэрийн байдлын өнөөгийн нөхцөл ямар түвшинд байна вэ?

-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн онд өдөр тутмын 2 сонин, мэдээллийн 2 сайтыг сонгож, зөвхөн улс төрийн мэдээлэлд нь судалгаа хийж үзэхэд 10 эх сурвалж тутмын нэг л эмэгтэй байна гэсэн үр дүн гарсан. Эмэгтэй эх сурвалж өдөр тутмын сонинд 14 хувьтай, мэдээллийн сайтад 9.5 хувьтай байгаа юм. Энэ үр дүнг танилцуулахаар улс төрч эмэгтэйчүүд угаасаа ховор байдаг шүү дээ гэж ярьдаг. Гэхдээ статистик мэдээлэл харахад УИХ-ын гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн эх сурвалжийг түвшнээр нь ангилаад харахад хэвлэл мэдээлэл дандаа сонирхлын бүлгийн дуу хоолойг хүргэдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн мэдээн дэх сонирхлын бүлэг гэдэг нь шийдвэр гаргаж байгаа эрх мэдэлтэй хүмүүс юм. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд юу ярьж байна вэ гэдгийг л олон нийтэд хүргэдэг гэсэн үг. Гэтэл тэдний гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд нь иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт хамгийн гол хөндлөнгийн дүгнэлт, байр суурийг илэрхийлэх мэргэжлийн бүлэг үзэгдэх төдий байна. Мөн үр дагавар хүртэж буй иргэдээс асуудаг хэвлэл мэдээллийн байгууллага цөөхөн байгаа үр дүн гарсан. Судалгаанд хамрагдсан сайт, сонинууд үр дагавар хүртэгсдийн бүлгийг мэдээндээ бараг оролцуулаагүй. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. Яагаад гэхээр хүмүүс өөрсдийнхөө төлөөллийг олж харж, өөрсдөдөө хэрэгтэй мэдээллийг олон янзын дуу хоолой, байр суурь, туршлагаас олж авна. Түүнээс хэвлэл мэдээллийн байгууллага нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч биш. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.03
Э.Тунгалаг: Өгөгдлийн салбар бол хийх, хөгжүүлэх зүйл ихтэй сонирхолтой талбар
2
2023.11.04
С.Юмсүрэн: Уншигчдын магтаал, шүүмжлэл надад хүч, урам зориг өгдөг
3
2023.10.25
Редакцын буухиа: Үзэл санааны “Eguur”
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.