СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи(ДУА)-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич, гишүүн, Европын урлагийн сургуулиуд (ELIA)-ын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Доржсүрэнгийн Уранчимэгийг редакцдаа урьж ярилцлаа.
-Та бүхнийг галд өртөж гэмтсэн уран бүтээлийг сэргээн засах төсөл санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа тухай сонслоо. Төсөл хэзээнээс эхлэв, гол зорилго нь юу вэ?
-Монголын уран зургийн галерей “Галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг 2021 онд санаачлан, Герман улсын Засгийн газрын Дэлхийн соёлын өвийг хамгаалах сангийн буцалтгүй тусламжаар манай СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран ажиллаж байна.
Гол зорилго нь олон улсын мэргэшсэн мэргэжилтнүүдийн зөвлөмж, стандартын дагуу, одоогоор Ази тивд цөөнд тооцогдох орчин үеийн дэвшилтэт технологи бүхий “Уран зураг сэргээн засварлах лаборатори” байгуулах явдал юм. Өөрөөр хэлбэл бид галд өртөн гэмтэж сэвтсэн бүтээлийг сэргээн засварладаг шинжлэх ухааны нарийн технологийг өөрийн болгож эзэмшсэнээр Монгол Улсынхаа үе үеийн уран бүтээлчдийн туурвисан урлагийн үнэт бүтээлийг сэргээн засварладаг үндэсний хэмжээний томоохон лабораторитой болох ихээхэн ач холбогдолтой төсөл л дөө. Техник технологи, байр сав гээд, санхүү, эдийн засгийн томоохон асуудлын хамт мэргэжилтнээ сурган бэлтгэх нэн чухал ажил хамт явна.
-Нарийн мэргэжлийн сэргээн засварлагч бэлтгэх сургалт, судалгааны гол төв нь Дүрслэх урлагийн академи гэж ойлгож болох уу?
-Болно. ДУА 2014 оноос “Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт” сургалт, судалгааны хөтөлбөрөө эхлүүлснээр монголын түүх, соёлын нэн ховор, үнэт дурсгал, олдворыг сэргээн засварлах, нандигнан хамгаалахад нэн их үгүйлэгдэн буй нарийн мэргэжлээр залуусыг сурган боловсруулж байна. Юуны өмнө бид сэргээн засварлалтын шилдэг мэргэжилтэн бэлтгэдгээрээ дэлхийд нэр хүндтэй Австрийн хэрэглээний их сургуультай Сэргээн засварлах мэргэжлийн хөтөлбөрөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан нь маш үр дүнтэй байгаа. Монгол, Австрийн тус хоёр сургууль хөтөлбөрийн хүрээндээ багш, оюутнаа солилцож, хамтарсан сургалт, дадлага хийхэд ихээхэн анхаарч, Австрийн талаас профессор Габриэла Христэй манай оронд удаа дараа ирж зуны хамтарсан сургалт зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. ДУА-ийн талаас Австрийн хэрэглээний их сургуульд багш нараа илгээн сэргээн засварлах томоохон лабораториудад дадлагажуулан мэргэшүүлж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах, сурах, дадлагажих өөр ч бас төсөл хөтөлбөр идэвхтэй эрж хайж байгааг хэлэх нь зүй. Харамсалтай нь сэргээн засварлагчаар тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсийг олох их хэцүү байдаг.
-Заримаас нь тодруулан хэлж өгнө үү?
- Европ, Ази, Номхон далайн урлагийн сургуулиудын сүлжээний тэтгэлэгт хөтөлбөр гэж бий. Мөн Австрийн Засгийн газрын тэтгэлгээр Австри, Венийн хэрэглээний урлагийн их сургуульд манай ДУА-ийн Уран зургийн тэнхимийн монгол зургийн багш С.Ганзам оюутнуудынхаа хамт соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг дүүргэсэн.
Манайхан уран зураг сэргээн засварлах чиглэлээр 2017 онд БНХАУ-ын Шиань хотод очиж, алдарт Теракота баатруудын керамик баримлуудыг нүдээр үзэж, хийц урлалтай нь биечлэн танилцсаны дээр Хятадын сэргээн засварлах үндэсний төвийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа. Г.Амарсанаа багш энэ мэргэжлээр сурч байгаа дөрвөн оюутны хамт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ХБНГУ-ын сэргээн засварлагч мэргэжилтэн Сузанне Эрхардсын уран зураг сэргээн засварлах лабораторид олон улсын хөтөлбөрөөр нэг сар сурч дадлагажсан.
Монголын Соёлын өвийн үндэсний төвд одоогоор ДУА-ийн төгсөгч гурван мэргэжилтэн, Монголын уран зургийн галерейд мөн хоёр төгсөгч сэргээн засварлалтын мэргэжилтнээр ажиллаж байна. Тэднийгээ ч бас давтан сургаж, төсөл хөтөлбөртөө хамруулахад ДУА ихээхэн анхааран ажиллаж байна.
-Түүх, соёлын бүтээлийг сэргээн засварлагч гэдэг хүн төрөлхтний хөгжлийн түүхийг бодитой, баримттай хадгалан авч үлдэх тун нарийн мэргэжил юм аа даа?
- Тиймээс л “Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт” хөтөлбөр нь ДУА-ийн сургалтад тэргүүлэх чиглэлийн мэргэжил болоод байгаа юм. Энэ мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг нарийн мэргэжлийг дэмжих сангаас оюутны хөгжлийн зээлд шууд хамруулдаг боллоо. Уран зураг сэргээн засварлах олон улсын хөтөлбөрт сургалтад багш, оюутан, төгсөгч есөн хүн сурч энэхүү сургалтаар Монголын уран зургийн галерейн сан хөмрөг дэх гал түймэрт гэмтсэн уран зургийн бүхий л төрлийн бүтээл дээр ажиллаж сэргээн засварлах арга техникийг бүрэн эзэмшихийг зорьж байна.
-2008 оны үймээнээс үүдэлтэй гал түймэрт Монголын уран зургийн галерейн хэр олон бүтээл сүйдсэн юм бол?
- Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатаж гэмтсэн тооцоо бий. Галд гэмтсэн тэдгээр бүтээлийг шат дараатай сэргээн засварласаар одоогоор 600 орчмыг нь гараас гаргаад байгаа ч нөр их хөдөлмөр, хөрөнгө зарж сэргээн засварлах, магадгүй шинээр бүтээлгэх шаардлагатай ихээхэн гэмтэлтэй 300 гаруй бүтээл үлдээд байгаа юм. Ихэвчлэн Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт бүтээл, хөрөг зураг, орчин үеийн урсгал чиглэлийн урлагийн бүтээлүүд юм билээ.

ХБНГУ-ын мэргэжилтэн, сэргээн засварлагч Сузанне Эрхардс, Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа, Дүрслэх Урлагийн Академийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Уранчимэг нар
- Манай улс дэлхийн стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах урлантай болох гэж байгаа юм байна гэж ойлголоо. Лаборатори нь чухам хэдийд ашиглалтад орох бол?
-Төслийн дараагийн шатанд буюу 2023 онд цогц лабораторийг бий болгохыг зорьж байгаа. Улсын өмчит музей, галерейн сан хөмрөгийн уран зургуудыг сэргээн засварлаж эхэлснээр соёлын салбар дахь цар хүрээ, үр нөлөө нь улам бүр өргөжин хөгжинө хэмээн лабораторийнхоо ирээдүйг төсөөлж байна. Иж бүрэн лабораторийн үйл ажиллагааг цаашид зорилго чиглэлээр нь тогтвортой, бүрэн дүүрэн хөтлөн явуулах гол хүчин зүйл бол нөгөө л хүний нөөцийг сайжруулах асуудал. Тиймээс түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах өндөр боловсролтой чадварлаг мэргэжилтэн тасралтгүй сурган бэлтгэхэд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх урлагийн академи сургалт судалгааны бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна.
- Таныг саяхан Оросын Дүрслэх урлагийн академийн Урал, Дорнод Сибирийн салбарын 35 жилийн ойд уригдан очиж, Олон улсын эрдэм шинжилгээний хуралд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн тухай хэвлэлд мэдээлжээ. Илтгэлийн тань гол санаа юу байсан бэ?
- Эзэн хааны академи нэртэйгээр XVII зуунд байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл 265 жилийн турш сонгодог урлаг, академизмыг тасралтгүй хөгжүүлж ирсэн ОХУ-ын Ардын зураач И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи олон салбартай. Түүний нэг болох Урал, Дорнод Сибирийн салбар 35 жилийн ойгоо тэмдэглэж, ойнх нь баялаг хөтөлбөрийн хүрээнд болсон томоохон арга хэмжээний нэг нь Олон улсын эрдэм шинжилгээний хурал байлаа. Би тэр хуралд “Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн төгсөгч 3.Уянга, Д.Энхтайван нарын уран бүтээлүүдийн онцлог” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн. Тэд маань Оросын уран зургийн академид боловсрол эзэмшсэн нэртэй уран бүтээлчид, монголын дүрслэх урлагийн залуу хойч үед эрдэм мэдлэг, уран чадвараа өвлүүлж яваа Дүрслэх урлагийн академийн багш профессорууд. Зуун зуунаар тоологдох түүхэн замналтай дэлхийн дүрслэх урлагийн охь манлай академийн Урал, Дорнод Сибирийн салбарын ойн баярын гол бахархал дэлхийн өнцөг булан бүрд нэр алдар нь түгсэн үе үеийн төгсөгчид нь байсан, тэр уур амьсгалд монголчуудын гэх өнгө гэрэл, дуу хоолой тодхон сонсогдсон гэж болно. Ингэж хэлэхийн учир гэвэл, ДУА-ийн багш Зоригтын Уянга бол ОХУ-ын ардын зураач И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн профессор Андрей Пахомовын зураасан зургийн урланд суралцсан, мөн ОХУ-ын гавьяат зураач, тус академийн профессор номын зураач Клим Ли нарын гарын шавь юм.
Уран бүтээлч хоёр багшийнхаа уран бүтээлийг Оросын урлаг судлаачид болон уран бүтээлчдэд танилцуулснаар бид олон улсад нэр хүндтэй урлаг судлаачдын анхаарлыг татаж, тэдний шүүмж судалгаа, үнэлэлт дүгнэлтэд хамруулж чадсан юм. Манай уран бүтээлчдийн бүтээлийг академик дэг тавилтын онцлогийн талаас нь гярхай ажиглан харж, шүүмж хэлэлцүүлэг дээр тэд “Монголын” хэмээн байнга онцлон дурдаж байлаа. Оросын академийн дэг сургалтаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн уран бүтээлчид академийн хатуу дэг жаягийг нэг талаасаа хадгалан авч үлдэж байгаа боловч нөгөө талаар уран бүтээлээ туурвихдаа Монголын үндэсний урлагийн уламжлалын онцлогт тулгуурлан хөгжүүлснээр өрнө, дорнын хосолсон монгол урлагийн өвөрмөц хувилбар болгож чадсан байна гэж өндрөөр үнэлснийг дуулгахад таатай байна. Түүгээр ч зогсохгүй манай хоёр уран бүтээлчийг 2023 онд Москвагийн А.С.Пушкиний нэрэмжит дүрслэх урлагийн музей, Санкт-Петербург хотын Дорно дахины музей, мөн өөрсдийнх нь сурч төгссөн Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи дээр уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана уу хэмээн урьсан. Би үүнийг урлаг судлаачийн хувьд Монголын уран бүтээлчдийн уран чадвар дэлхийн мэргэжлийн түвшинд үнэлэгдэж байна хэмээн үзэж, бахархан хүлээж авсан.
-Сонсоход үнэхээр бахархалтай сайхан байна. Мөн танд 265 жилийн түүхтэй ОХУ-ын Дүрслэх урлагийн академи “Хүндэт академич”, хүндэт гишүүн цол өргөмжлөл, тэмдгээ гардуулсан гэв үү?
- Тийм ээ, дэлхийн шилдэг, ууган академийн нэр хүндтэй цол өргөмжлөлийг Оросын Урлагийн академийн дэд ерөнхийлөгч О.А.Кошкин, тэргүүн дэд ерөнхийлөгч В.Г.Калинин нараас гардаж авсан нь үнэхээр бахархам үйл явдал болсон. Энэ бол Монголын дүрслэх урлагийн хөгжлийг үнэлж өгсөн эрхэм хүндтэй цол хэргэм хэмээн ойлгож байна.
-Дүрслэх дизайн урлагийн сургуулийг Дүрслэх урлагийн академи болтол нь удирдлагад нь яваа та Монголын дүрслэх урлагт зүтгэх болсон түүхээ хуваалцана уу?
-Би 2013 оноос СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх дизайн урлагийн захирлаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бид Монголын дүрслэх урлагийн боловсролыг ХХ зуунаас ХХI зуун руу шилжих үеийн нарийн торгон гарц шийдлүүдийг олоход л ихээхэн анхаарч ирж дээ. Ингэснээр сургуулийнхаа хөгжил дэвшлийн 77 жилийн уламжлалт дэг сургалтыг хадгалж үлдэхийн хамт академик дэг сургалт болон дэлхийн нийтийн дүрслэх урлагийн боловсролын хөгжилтэй хөл нийлүүлэх ажил хамгаас чухал байлаа. Монголын дүрслэх урлагийн салбарын бусдаас ялгарах өвөрмөц онцлог, нүүдэлчдийн соёлын дахин давтагдашгүй гайхамшигтай талыг дэлхийн урлагийн тавцанд мөнхжүүлж, улмаар орчин үеийн дизайн технологийг өөрийн болгох ийм л үүрэг, зорилгын дор мэддэг чаддаг бүхнээ зориулан Дүрслэх урлагийн академи болтол нь зүтгэж явна.
-Барууны зарим урлагийн сургуулиуд академик дэг сургалтаас татгалзаж байгаа гэх яриа байдаг? Энэ үнэн үү?
-XXI зууны дүрслэх урлагийн боловсролын тогтолцоонд барууны зарим орны урлагийн сургуулиуд академик дэг сургалтаас татгалзан, орчин үеийн чиг хандлага, дизайн, инновацын төсөл хөтөлбөрийг сургалтынхаа гол зарчим болгохыг илүү чухалчилсан тал бий. Гэвч өнөөдөр урлагийн боловсролын үндсэн суурьт академик тавилт зайлшгүй хэрэгтэй болохыг нухацтайгаар эргэн харах болсон. 1990 оны үеийн социалист системийн задралаар манай оронд ч мөн ялгаагүй хуучин тогтолцоо нуран унаж, 70 гаруй жилийн турш Монголын дүрслэх урлагийн хөрснөө төлөвшүүлж ирсэн Оросын дүрслэх урлагийн академийн дэг сургалт алхам алхмаар бүдгэрсээр 30 гаруй жил болж байна. Шилжилтийн үе юм хойно аргагүй шүү дээ гэж бид өөрсдийгөө цайруулан, ихээхэн үнэ цэнээр босгосон академик дэг сургалтаа гаргуунд нь орхин, барьж босгосон хөшөө дурсгалаа нурааж, зурсан зургаа “арай л биш ээ” гэж шүүмжлэх болсон нь бодит үнэн. Үүнийг өнөөгийн урлагийн хөгжлийн дэлхий, олон улсын чиг хандлага, салхи нь чухам ямар өнгөөр сэвэлзэж байгааг тодхон илтгэх дорвитой хэмээн үнэлж үзэж болох урлагийн шүүмж судлалын байдлаас дүгнэлт хийн энгийн үгээр хэлэх юм бол цагаан толгойн хэдэн үсгээ сураагүй байж унших гэж оролдож байгаатай агаар нэг юм болжээ хэмээн үзэх үндэстэйг шуудхан хэлэх хэрэгтэй болов уу.
-Дэлхийн дүрслэх урлагийн боловсролын хөгжилд академик дэг сургалтын нөлөө хэвээр байна гэсэн үг үү?
- Зуу зуун жилээр өрнөдийн урлагт төлөвшин хөгжиж ирсэн дүрслэх урлагийн академи нь цаг хугацааны аясаар өөрчлөгдөж XXI зуунтай золголоо. Ер нь академик буюу академизм хэмээх ойлголтын талаар ихээхэн маргаан өрнөсөөр ирсэн, энэхүү байдал цаашид ч үргэлжлэх биз. Өнөөдөр энэхүү академик дэг сургалтыг цааш нь хэрхэн яаж хөгжүүлэх вэ, ямар өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай вэ гэх зэрэг асуудлаар өнөөгийн бид ч бас олон ургалч үзэлтэй тулгарсаар явна. Гэвч үүн дотор хөдөлшгүй бөгөөд ганхашгүй, хэзээ ч хувиршгүйгээр орших хүчин зүйлийн нэг нь дүрслэх урлагийн боловсролын үндсэн суурь болох академик дэг сургалт юм. Энэ нь реалист урлагтай огт холбоогүй, академик дэг сургалт гэдэг нь өөрийн гэсэн хэдэн үндсэн гол суурь зарчим дээр тулгуурладаг. Олон зуунаар хөгжихдөө авьяаслаг уран бүтээлчдийн уйгагүй хөдөлмөр хөлсөөр улам бүр төлөвшин, дэлхийд өөрийн гэсэн ялгамжаатай арга, хэв маягаараа тухайн улс үндэстний соёлын өв, бахархал болж мөнхөд оршсоор байх онцлогтой дэг сургууль гэж ойлгож болно.

Өнөөдөр И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи, Парис дахь Дүрслэх урлагийн төв академи, Лондон дахь Хатан хааны Дүрслэх урлагийн академи, Берлиний урлагийн их сургуулиудыг дэлхийн дүрслэх урлагийн дөрвөн том академи гэдэг. Энэ дундаас Оросын И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийг мэдэхгүй, сонирхохгүй уран бүтээлч дүрслэх урлагийн ертөнцөд байхгүй. Эдгээрт дэлхийн алдартай олон уран бүтээлчийг бэлтгэсэн юм.
И.Е.Репин, В.И.Суриков, А.И.Куинджи, И.И.Шишкин, В.М.Васнецов, М.А. Врубель зэрэг мастерынх нь бүтээсэн олон гайхалтай сайхан уран зураг дэлхийн урлагийн түүхэнд шинэ хуудас нэмсэн.
1960-аад оноос хойш манай улсын дүрслэх урлаг, утга зохиол, дуу, хөгжим, бүжгийн урлагийн мастерууд Оросын сонгодог урлаг руу гүн гүнзгий нэвтрэн орсон юм. Монголд орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх их үйл хэрэгт И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн суурь дүрслэх урлагийн үзүүлсэн нөлөө, харилцан хамтын ажиллагааны жин дарах байдал бусад улс орны урлагийн сургуулиудаас хамаагүй илүү, нэр хүндтэй байр суурь эзэлдэг. Бүр тодруулбал, Монголын эртний дүрслэх урлагийн хөгжлийн хуудсыг шинэчлэн нээхэд Оросын сонгодог урлагийн нөлөө ихээхэн түлхэц болсон.
Монголын дүрслэх урлагийн сургалтад асар их нөлөө үзүүлсэн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи, В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академи гэх Оросын хоёр их академид манайхан суралцаж улмаар өнөө цагийн дүрслэх урлагийн суурийг бат бөх тавьж өгсөн түүхтэй.
-Та бүхэн Оросын академиудтай нэлээд ойр дотно харилцаатай юм аа даа?
-Бид 2015 оноос “Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академи, В.И.Суриковын нэрэмжит Уран зургийн академитай холбоо тогтоож хамтын ажиллагааны гэрээнүүдээ үзэглэж эхэлсэн. Тухайн үед СУИС-ийн захирал очиж гарын үсэг зурж хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан. Богино хугацаанд үр дүн гарч, Оросын том академиудтай хамтын ажиллагааны гэрээ баталгаажсанаар багш, оюутнаа солилцож эхэлсэн. Тухайлбал Оросын урлагийн академийн хүндэт гишүүн, ОХУ-ын гавьяат зураач, Н.Рыбаков Монголд ирснээр манай академи уран зургийн мастеркласс зохион байгуулж эхэлсэн. Мөн ОХУ-ын Ардын зураач Николай Коротков ирж “Нүцгэн натур” мастер класс хичээл эхэлж, ОХУ-ын Путины нэрэмжит шагналт гэрэл зурагчин Андрей Клюевтай хамтран хээрийн судалгааны баримтат гэрэл зураг болон “Модерн урлаг Монголын дүрслэх урлагт” номд орох Монголын уран зургийн галерейн сан хөмрөгийн ховор нандин бүтээлүүдийн гэрэл зураг авах ажлын ард амжилттай гарсан. Мөн Польшийн талтай хээрийн судалгааны ажил дээр хамтарч эхэлснийг онцолъё. Манай ДУА-ийн талаас уран зургийн багш, авьяаслаг уран бүтээлч О.Энхтайван Оросын Урлагийн академийн гишүүн, ОХУ-ын гавьяат зураач Н.Рыбаковын урланд очиж дадлагажаад ирсэн.
- Монголын дүрслэх урлаг судлалд танай академийн зүгээс оруулж буй хувь нэмэр гэж хэлж болох үр дүн, мөн гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд өөр ямар ололттой явна вэ?
- Манай академийн санаачилгаар 2015 оноос хэрэгжүүлсэн “Орчин үеийн Сибирь-Монголын дүрслэх урлагийн гарал үүслийн харьцуулсан судалгаа” нэлээд үр дүнтэй болсон. Бид Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дахь Рашаан хадыг хээрийн судалгааны объектоо болгон хаднаах зургийн судалгаанд нэлээд цаг, хүч зарсан даа. Мөн 2016 онд “Дэл уул” төсөл, “Орчин үеийн Сибирь- Монголын дүрслэх урлагийн гарал үүслийн харьцуулсан судалгаа”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаан хус сумын нутгаар хийсэн хаднаах зургийн хээрийн судалгаа гээд манай уран бүтээлчид төдийгүй багш судлаачдын судалгааг шат ахиулсан, судалгааны үр дүнгээ олон улсын судлаачдын анхааралд хүргэх эрдэм судлалын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. ОХУ-ын Барнаулын их сургуультай хамтарсан судалгааны үр дүнгээр “Рашаан хад” эмхэтгэл, “Орчин үеийн Сибирь-Монголын дүрслэх урлагийн гарал үүслийн харьцуулсан судалгаа” ном, ОХУ, Баян-Өлгий аймгийн нутгаар хийсэн хадны зургийн хээрийн судалгааны үр дүнгийн эмхэтгэл “Монгол Алтай”, “Орос Алтай”, Германы Дортмундын их сургуульд нийтлүүлсэн “Рашаан хад”, “Монгол Алтай” хээрийн судалгааны үр дүнгийн тайлан гээд олон бүтээл одоо сургалт судалгааны эргэлтэд гарын авлага болон орж ирээд байна.
-Монголын дүрслэх урлагийг дэлхийн сонорт хүргэхэд нөлөө бүхий олон улсын чанартай голлох ямар хэвлэл байна вэ?
- Би энд ОХУ-ын "Евразийн урлаг" сэтгүүлийг онцлон нэрлэх байна. Оросын урлагийн академийн оролцоотойгоор байгуулагдсан, шинжлэх ухааны энэ сэтгүүлийн зөвлөлд ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгч, зураач З.К.Церетели болон дэлхийн урлагийн академиудын урлаг судлаач, захирал зэрэг нэр хүндтэй олон хүн ажилладаг. Монголын талаас миний бие 2015 оноос тус сэтгүүлийн редакторын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. “Евразийн урлаг” сэтгүүл дэлхийн 70 гаруй улс оронд орос, англи хэлээр жилд дөрвөн удаа дүрслэх урлаг, гоёл чимэглэлийн урлаг, дизайн, архитектурын онол, түүхийн чиглэлээр гардаг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл юм. “Евразийн урлаг” сэтгүүл Орос, Монголын дүрслэх урлаг монгол, оросын уран бүтээлчдийн талаарх урлаг судлаачдын дүгнэлт бүхий томоохон өгүүллийг “Зуун ба мөнх” нэртэйгээр хэвлүүлсэн нь уншигчдын анхаарлыг татсан нийтлэл боллоо гэж сэтгүүлийн зөвлөл үнэлсэн.
-Дүрслэх урлагийн академийн эрдэмтэн судлаачдын хийж буй эрдэм шинжилгээний томоохон суурь судалгаа юу вэ?
-2013-2023 онд БШУЯ, ШУТ-ийн сангийн дэмжлэгтэйгээр бид “И.Е.Репиний академийн дэг сургууль Монголын дүрслэх урлагт” том суурь судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүнийхээ үр дүнгээр бид 2021 онд “Соцреализм Монголын дүрслэх урлагт” томоохон бүтээлийг орос, монгол, англи, герман хэлээр хэвлүүлээд байна.

Д.Уранчимэг, М.Ю.Шишин, Себастиан Лалла “Соцреализм Монголын дүрслэх урлагт” бүтээл.
Төслийн хүрээнд Дүрслэх урлагийн академи, Монголын уран зургийн галерейгаас хамтран "Илья Репиний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн дэг сургууль монголын дүрслэх урлагт" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсанд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Унгар, Польш, Бельги зэрэг олон улс орны хориод эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлсэн.
Мөн энэ төслийн хүрээнд ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн ерөнхийлөгч, зураач З.К.Церетелийн “Далд шидэт реализм” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэн олны хүртээл болгосны дээр ном товхимол гаргасан.
Энэхүү төслийн хүрээнд 2022 онд бид И.Е.Репиний нэрэмжит дүрслэх урлагийн академийн 1989 оны төгсөгч зураасан зургийн мастер, зураач, багш З.Уянгын уран бүтээлийн туурвил зүй, суурь сургалтын судалгаа, онол, аргазүйн “Төгсөшгүй” нэртэй томоохон бүтээлийг монгол, англи хэлээр бичиж, одоо орос хэлнээ буулгах орчуулга дээр ажиллаж байна. 2023 оноос гаргах “Модерн урлаг Монголын дүрслэх урлагт” цуврал номынхоо ажлыг ч бас эхлүүлсэн.
-Дүрслэх урлагийн академи болж, Соёл Урлагийн Их Сургуулийн бүрэлдэхүүнээс нэг хэсэг тусгаарласан, одоо эргээд нэгдсэн нь ямар учиртай юм бэ?
-Монгол Улсын Засгийн газар 2022 оны наймдугаар сарын 3-ны өдөр 293 дугаар тогтоол гаргаж, зарим их, дээд сургуулийг нэгтгэхээр болсон. Энэ тогтоол гарснаар ижил мэргэжлийн их, дээд сургуулиудыг нэгтгэсний дотор ДУА эргээд СУИС-ийн бүрэлдэхүүнд очсон, Засгийн газрын энэхүү тогтоолын үр дүнгээр манай улс 88 биш, 67 их дээд сургуультай болсон юм билээ.
Ийнхүү нэгдэн нийлсэн нь манай академийн хувьд санхүү, эдийн засгийн ихээхэн хүндрэлтэй цаг үеийг толгой сургуультайгаа хамтдаа даван туулах гарц, боломжийг олгож байгаа. ДУА нь өөрийн гэсэн тогтсон байргүй, СУИС-ийн байранд хичээл сургалтаа явуулдгаас эхлээд бидэнд зайлшгүй хамт байх олон шалтгаан бий. Хүний нөөцийн хувьд ч бодох зүйл их.

Э.Жанцанхорол "Өнөөдөр сүнс хаана байна вэ"
New wright Gallery 2019 он.
-Таны удирдах зөвлөлд нь байдаг Европын урлагийн сургуулиудын холбоо болон, Европын урлагийн академиудын сургалт, судалгааны хандлага ямар байна вэ?
- Европын урлагийн сургуулиудын холбоо бол урлагийн томоохон 400-аад сургуулийг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага. Холбооны гишүүн сургуулиуд болон Европын урлагийн академиуд нэгдэж сургалтын шинэ үе шатаа тодорхойлон танхим, цахим холимог сургалт хослуулаад эхэлсэн. Энэхүү их өөрчлөлт бүхий нээлттэй бодлого нь манайд ч тун эергээр нөлөөлж байна. Гадаад, дотоодын нэр хүндтэй чадвартай, авьяаслаг уран бүтээлч багш нарын цахим, дижитал хичээлүүдээс суралцах бүхий л боломж бидний өмнө нээгдлээ гэсэн үг. Шинэ үеийн тэр их техник технологийн дэвшлээс сургалтын хөтөлбөрүүддээ давхар суулгаж өгөх хувилбаруудыг бид эрчимтэй судалж, эхнээс нь хэрэгжүүлэх алхам хийгээд байна. Үүнтэй зэрэгцэн манай ДУА нь Ази, Номхон далайн орнуудын дүрслэх урлагийн шилдэг академиудтай олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрөө нэмэгдүүлэн багш, оюутнуудаа аль болох өргөн хүрээнд татан оролцуулахыг хичээн ажиллаж байна.
-Та Дүрслэх урлагийн академийг удирдаад нэлээд хугацаа өнгөрчээ. Нөгөө талаас, урлаг судлаачийн хувиар дүрслэх урлагийн өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн үзэж байна вэ?
- ХХI зууны дэлхий дахины дүрслэх урлагийн чиг хандлагыг дизайн, технологигүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Урлаг, соёл, шинжлэх ухааны энэ их үсрэнгүй шилжилтийн хэмнэлд нэгдэхийн тулд бид техник технологи, дизайн шийдлүүдийн нарийн судалгаа, оюуны бүтээлч хөгжил, технологийн ширүүн өрсөлдөөнтэй хөл нийлүүлж байж хамтдаа урагшилна, цаашдаа оршин тогтнох үндэс маань ч энэ юм. Энэ зуун бол дизайны эрин гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Тэр дизайныг мэдээж хүн л бүтээнэ. Тиймээс дэлхийн улс орон бүр хөгжлийн стратегийн цөм болсон технологи, дизайнаа хөгжүүлэх боломж нөхцөлөөр хангах асуудлыг бүхнээс дээгүүрт тавьж, үндэсний өнгө төрхтэй, урлагийн онцлогтой хөгжлийг эрхэмлэж байна.
-Өнөөдөр бид дэлхийн дүрслэх урлагийн хөгжлийн хаана нь явна вэ?
- Энэ л асуултад зөв оновчтой хариулт олохын тулд л бид энд өгүүлэн буй дүрслэх урлагийн хөгжлийн дэлхийн чиг хандлага, сургалт судалгааны эрчим долгислыг Монголын хөрсөн дээр мэдэрч, урагшлахыг хичээн зүтгэж явна даа.
XXI зуунд соёл урлаг, тэр дундаа дүрслэх урлагийн боловсрол аливаа улс, үндэстэн, угсаатан болон хувь хүний хөгжил, боловсрол, нийгэмд урьд урьдынхаас хамаагүй их нөлөө, оролцоотой боллоо. Тиймээс орчин үеийн дүрслэх урлагт концепц буюу үзэл баримтлалыг хаа сайгүй ихэд эрхэмлэн чухалчилж байна. Үүнд судалгаа чухал, урлагийн бүтээлч судалгааг бүхнээс дээгүүрт үзэн ажил асуудлынхаа нэгдүгээрт тавих болсныг онцлон хэлэх байна.
Нөгөө талаар өнөөгийн дүрслэх урлагийн хөгжилд ямар нэг хориг саад байхгүй, сэдэв, агуулгын өргөн их цар хүрээнд урлагийн бусад салбаруудтайгаа холимог, нийлмэл байдлаар эрчимтэй хөгжиж буй тийм л эрин зууны уран бүтээлч, судлаачдыг төрүүлэх нэн хариуцлагатай үүргийг бид үүрч яваа юм. Цаг үеийн шинэчлэл өөрчлөлт, шинжлэх ухааны хурдтай хөгжил, техник технологийн дэвшлийн үр дүн болсон энэ бүх ололтыг сургалт судалгаа, уран бүтээлдээ бодитой тусгах нь манай Дүрслэх урлагийн академийн үндсэн зорилго юм даа.
-Бидний урилгыг хүлээн авч дүрслэх урлагийн хөгжлийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн Танд баярлалаа.