Дуучин Уитни Элизабет Хьюстон 1963 оны наймдугаар сарын 9-нд Нью Жерсид төржээ. Уитни Хьюстоны “I will always love you” буюу “Үүрд чамдаа дурласаар дуусна” дуу давтагдан дуулагдах тоолондоо хит болсоор л байгаа. Өнгөрсөн зууны дал, ная, ерөөд оныхныг байлдан дагуулж байсан энэ дуу XXI зуунд ч хүмүүсийн сонсох дуртай дуу хэвээр байна. Манайхан л Уитни Хьюстоны дуулснаар мэдэх болохоос уг дууны түүх, алдар цуу тэртээ далаад оноос, нэрт дуучин Доли Партоноос эхтэй юм. Доли Партон Портер Вагонер нарын хайр сэтгэл Доли Партон өөрийг нь хөгжмийн замд хөтлөн оруулсан Портер Вагонертай хайр сэтгэлийн холбоотой байж. Тэгээд ажил мэргэжлийн хол замын эхэнд ирэхдээ цаашид хамтдаа байх боломжгүйгээ ойлгож, салахаар шийдсэнээр энэхүү дууг бичсэн юм байна. 1973 оны явдал. Хэрүүл зарга, хөрөнгө мөнгө, хардалт гээд хайртай хосуудын салах олон шалтаг шалтгаан байдаг бол Доли Партоны энэ дуу огт өөрийг өгүүлнэ. Хөгжмийн шүүмжич Куртис Эллисоны дүгнэснээр “I will always love you” нь “Хос хоёрын гэр бүлийн дотоод зөрчлөөс бус харин нэгнийхээ ажил мэргэжлийг, алсын замыг хүндэтгэх үүднээс эмэгтэйн санаачилгаар салахаас аргагүй байдалд хүрж буй нандин хайрын тухай” өгүүлэмж юм. Ингээд Доли 1973 оны 6 дугаар сарын 13-нд бичүүлсэн дуугаа жилийн дараа, 1974 оны 6 дугаар сарын 6-нд сингл болгон гаргасан байна. Гарсан даруйдаа Биллбордын хит парадад нэгдүгээрт, Канадад дөрөвт жагсаж, 70-аад оны америк, канадчуудын сүлд дуу болж чаджээ.
Ная, ерөөд оныхныг хэрхэн байлдан дагуулав? 1982 онд бодит үйл явдлаас үндэслэсэн “Best Little Whorehouse In Texas” киноны багийнхан Доли Партоныг мюзикл-кинондоо оролцохыг хүсчээ. Киноны дуу болон дахин эгшиглэснээр “I will always love you” нь ахиад л хит парадыг тэргүүлэх болж, энэ удаад наяад оныхны хамгийн дуртай дууны нэг болсон байна. Харин ерөөд онд хэрхэн алдаршсаныг манайхан андахгүй. 1992 онд “Бие хамгаалагч” кинонд Уитни Хьюстоны дуулснаар ерөөд оныхны, тэр дундаа монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон билээ. Кинонд жүжигчнээс гадна продюсероор давхар ажиллаж байсан Кевин Костнер өөрөө ихэд шаргуу шалж байж “I will always love you”-г кинондоо дуулуулсан гэдэг юм билээ. Уитни анхандаа өөр дуу дуулахаар шийдсэн байсан, бас киноны өөр нэг продюсер нь “I will always love you”-д дургүй байсан аж. Кевин Костнер тэгж их шалаагүй, Уитни Хьюстон кинонд өөр дуу дуулсан бол ер нь ямар байх байсан бол?
Үг, орчуулга
I will always love you гэсэн нэрнээс нь болоод үүрд хамтдаа байх хосын дуу гэж андуурах тохиолдол АНУ-д хүртэл их гардаг тухай Songfacts вэб хуудсанд бичсэн байна. Тэр байтугай хуриман дээр хүртэл эгшиглүүлэх нь олонтоо аж. Үнэн хэрэгтээ бол “Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр саллаа” гэдэг шиг холдож буй хосын хагацлын тухай гунигт дуу билээ. Ингээд дууныхаа үгийг эхлээд үгчилж, дараа нь дуулж болохоор утгачлан орчуулах гээд үзье.
"I Will Always Love You"
If IShould stay
I would only be in your way - Хэрвээ би Үлдэх юм бол Би ердөө чиний замд (тээг) болно
So I"ll go, But I know
I"ll think of you every step of the way - Тиймээс би явъя. Гэхдээ би аян замынхаа Алхам бүрт чамайг бодохоо Мэдэж байна.
Дахилт:
And I...Will always Love you
Will always Love you
You My darling you - Тэгээд би Үргэлж чамд хайртай хэвээр байх болно. Хайрт минь
2-р бадаг
Bittersweet Memories
That is all I"m taking with me - Гэгээн гуниг Дурсамж Ийм л зүйлийг би өөртөө авч үлдлээ
So good-bye, Please, don"t cry - Тиймээс, баяртай Битгий уйлаач.
We both know I"m not what you, You need - Би чиний хэрэгтэй тэр хүн биш гэдгийг Чи бид хоёр хоёулаа мэднэ.
3-р бадаг
I hope life treats you kind - Амьдрал чамд энэрэлтэй хандана гэдэгт Би итгэж байна.
And I hope you have all you"ve dreamed of - Мөрөөдсөн бүхнээ олно гэдэгт чинь Итгэж байна.
And I wish you joy and happiness - Тэгээд би чамд Цэнгэл, жаргалыг хүсье.
But above all this, I wish you love - Гэхдээ тэр бүгдээс илүүтэй Хайр дурлалыг хүсье.
Уран сайхны орчуулга
"Үүрд чамдаа дурласаар дуусна"
Чамтайгаа би Үлдэж гэмээ нь Чанадын замыг чинь тушихын тул
Алсад одъё доо Гэвчиг би Алхам бүртээ, амьсгалах тоолондоо
Чинийхээ тухай бодсоор явна.
Дахилт
Тэгээд би Үүрд чамдаа Үхэн үхтлээ
Дурласаар дуусна...Чамайгаа би Хайрласаар дуусна.
Гэгээн гуниг Гэгэлгэн дуртгал
Илүү юуг ч надад бүү үлдээ.
Ингээд хагацъя даа
Битгий уйлаач дээ
Би чинийх байх хувьтай бүсгүй биш
Бидэн үүнийг хоёул Мэдэх л шүү дээ.
Тавилан заяа Өршөөлтэй хандана аа, чамд
Таалсан бүхнээ Хүртэх л болно оо, чи минь
Тэгээд би чамдаа Аз жаргал, сайхан бүхнийг
Tэр дундаа Ариун хайр, үнэн дурлалыг Хүсэн ерөөе...
Мягмарын Саруул-Эрдэнэ