Хайх зүйлээ бичнэ үү

16 мин

ОУВС-ийн захирал дэлхийн эдийн засгийн эрсдлийн тухай юу анхааруулав?


Олон Улсын Валютын Сангийн захирал Кристалина Георгиева оны эхэнд CBS телевизийн “Face the Nation” нэвтрүүлэгт орсон ярилцлагыг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна. Тэрбээр дэлхий дахины эдийн засгийн төлөв байдлын талаар ярьжээ. 

Маргарет Брэннан: Олон улсын дүр зураг ямар байгааг та яриач. Хятадаас эхэлье. Хятад дэлхий дахины тулж түшдэг, үйлдвэрлэлийн гол төв байж ирсэн, гэтэл ковид-19 цар тахал дэгдээд, “Тэг ковид” бодлогоо ч зөөлрүүлээд эхэллээ. Энэ нь алс ирээдүйд хийгээд ойрын хугацаанд дэлхийн эдийн засагт хэр нөлөөлөх бол?

Кристалина Георгиева: Ойрын ирээдүйд бол муу л мэдээ болно. “Тэг ковид” бодлогоос шалтгаалаад Хятадын өсөлт 2022 онд нэн сул байлаа. Сүүлийн 40 жилд анх удаа Хятадын өсөлт дэлхийн дундажтай ойролцоо юм уу, түүнээс ч бага байхаар байна. Ийм байсан удаагүй шүү дээ. Ирэх гурав, дөрөв, тав, зургаан сард ковидын хязгаарлалт нь сулраад ирэхээр Хятадаар нэг ковид болно. Би өнгөрсөн долоо хоногт тэнд, “Тэг ковид”-ын хязгаарлалттай хотод оччихоод ирсэн. Хятадууд аялаад ирэх цагт тэр байдал өөрчлөгдөнө. 

Брэннан: Үр дүн сайтай вакцин тэдэнд алга л байна. 

Георгиева: Дархлаажуулалт сул байгаа. Вирусийн эсрэг эмчилгээ, түүнийг иргэддээ хэрхэн хүргэх тал дээр ажиллаагүй байсан болохоор одоо хүндхэн үеийг туулж гарах болж байна. Энэ чигээрээ урагшилбал, ер нь тэгээсэй ч гэж бид үзэж байгаа, хэсэг хугацааны дараа бусад улсын дайтай ард нь гарч чадах байх. Дархлаажуулалтаа ч сайн хийгээд, мРНХ вакцин оруулж ирээд, вирусийн эсрэг эмчилгээгээ нэмэгдүүлээд, эдийн засгаа аваад явж болно. Гэхдээ ирэх хоёр гурван сард Хятадын хувьд байдал их хүнд байна, эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлнө, бүсийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө, дэлхий дахины эдийн засагт ч сөргөөр нөлөөлнө. 

Брэннан: Дэлхийн хоёр дахь том эдийн засаг шүү дээ. Бас Хятад дэлхий дахины эрэлт нийлүүлэлтэд хэчнээн нөлөөтэй нь тодорхой болсон зүйл. Тэгэхээр бусад улс дагаад уналтад орох болов уу? Хятадад үйлдвэрт ажиллах эрүүл хүнгүй болоод ирэхээр инфляцын асуудал улам даамжрах болов уу?

Георгиева: Өнөөг хүртэл дэлхий дахины эрэлт нийлүүлэлтэд гол нөлөөлсөн зүйл нь ковидтой холбогдох хязгаарлалтууд байсан. Тэгэхээр эдийн засаг нь нээгдсэний хүчээр жингийн туухай тэнцэж ирэх болов уу. Том хот, боомтыг хаана гэдэг эдийн засагт асар их сөрөг нөлөөтэй зүйл. Одоо хүмүүс өвдөж, ажилдаа явж чадахгүй байлаа ч эдийн засаг нь бүрэн нээлттэй байна. Тэгэхээр Хятадын эдийн засгийн идэвхжил аажмаар нэмэгдсээр, оны эцэст оны эхэн үеийнхээс хавьгүй дээрдсэн байх болов уу гэж харж байгаа. Гэхдээ таны хэлж байгаа зөв. Олон, олон жилийн турш дэлхий дахин Хятадын өсөлтийг түшиж ирсэн. Ковидоос өмнө Хятад дэлхийн эдийн засгийн нийт өсөлтийн 34, 35, 40 хувийг дангаараа хангадаг байлаа. Одоо бол өөрчлөгдсөн. Энэ нь Азийн улс орнуудад хүндхэн тусна. Азийн удирдагчидтай ярихаар бүгд л нэн түрүүнд Хятад яахаар харагдаж байна гэж асуудаг. Хятадын өсөлт өндөр түвшиндээ эргэн очих уу гэж. 

Брэннан: Дэлхийн эдийн засаг АНУ, БНХАУ гээд хуваагдчихсанаас шалтгаалаад илүү ядуу дорой, аюултай ертөнцөд юу ч болоогүй мэт байцгааж байна гэхээс эмээж байна гэж та ярьсан байсан. Яг ямар утгаар тэгж хэлсэн бэ? АНУ энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авч байна уу?

Георгиева: Дэлхий ертөнц даяаршиж байгааг сайн талаас нь харах амархан л даа. Ийм уялдаа холбоотой болсны хүчээр дэлхийн эдийн засаг сүүлийн гурван арванд гурав дахин томорсон байна. Энэ нь хэнд хамгийн ашигтай байв? Хөгжиж буй зах зээл, улс орнуудын эдийн засаг дөрөв дахин өссөн. Чинээлэг улс орнуудын ч эдийн засаг хоёр дахин нэмэгдсэн, ихээхэн ашигтай байсан. Болгоомжтой байхгүй бол “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэдэг шиг юм болох вий. Энэ байдал маань олон улсын зах зээлээс хэтэрхий хамааралтай болгож байгаа нь үнэн. Бид бүтээгдэхүүнийг аль болох бага үнэтэй байлгах гэж, өртөг бууруулахад хэтэрхий анхаарсаар байна. Ковид-19, дараа нь Оросын эхлүүлсэн утгагүй дайны үеэр бид хямдхан үйлдвэрлэл байгаад л болчих юм биш гэдгийг харлаа. Хямд үнэд л анхаараад байж болохгүй. Ханган нийлүүлэлтийн баталгаат байдлыг анхаарч үзэх ёстой, үүний тулд эдийн засгийг эрүүл байлгах бүтээгдэхүүн түүхий эдийг төрөлжүүлж, өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эдийн засгийн үүднээс энэ нь зөвөөс гадна гарцаагүй хийгдэх ёстой зүйл юм аа. Гэхдээ хэтрүүлж болохгүй. За тэгвэл дэлхийг блокт хуваагаад, энэ нь тэндхийг хангаад, нөгөө нь тэндхийг гэчихвэл өртөг маш, бүр маш өндөр болчихно. Гагц худалдааг л гэхэд хоёр салангид болгочихлоо гэвэл дэлхийн ДНБ жил тутам 1.5 их наядаар буурна гэж бид тооцоолсон. 

Брэннан: АНУ, БНХАУ гээд хуваачихвал гэж үү?

Георгиева: Тэгээд салгаад, салангид болгочихвол зардал хэт өсчихнө. Аюулгүй байдлын үүднээс ханган нийлүүлэлтийн сүлжээгээ дахин авч үзэх хэрэгтэй, гэхдээ хэтрүүлж болохгүй, стратегийн хувьд ямар ч ач холбогдолгүй атлаа АНУ, дэлхий дахины хэрэглэгчдэд ашигтай байдаг, гэм хоргүй бүтээгдэхүүний зах зээл рүү орох хэрэггүй л байхгүй юу. Үүнийг л хэлээд байгаа юм. Тэр тусгаарлалт бүгдийг ядууруулж, дэлхий дахиныг донсолгохоор байвал битгий оролд гэж. 

Брэннан: Тэгэхээр та нар Бээжин, Вашингтонд учраа олцгоо, зөрчилдөхөө боль гэж хэлж байгаа байх нь ээ. 

Георгиева: Балид яригдсан зүйлс яг энэ…

Брэннан: Та “Их 20”-ийн уулзалтын тухай ярьж байна аа даа..

Георгиева: Балид болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Жо Байден, Си Жиньпин хоёр уулзаад бүтэн гурван цаг хагас энэ тухай ярилцсан. Аль алинд нь ашигтайгаар хэрхэн дундаа уулзах вэ гэж. Бас эвцэлдүүлж болохгүй ялгаа байгаа болохоор тэрийг..

Брэннан: АНУ Хятадын технологийн зарим компанийг өөрийнхөө зах зээлд оруулахгүй гэж байгаа. АНУ, Хятадын хооронд нэлээд тод зааг тогтоохоор арга хэмжээ аваад байгаа шүү дээ. Ингэж ер нь болж байна уу?

Георгиева: Эдийн засгийн хамтын ажиллагаанд дундын эрх ашгаа харгалзаж үзэх нь хэзээд илүү дээр байдаг. Худалдааны шударга зарчимд харшлах зүйлс хийгээд ирэхээр Хятадын иргэдээр зогсохгүй өөрийнхөө ч иргэдийг хохироож байгаа гэдгийг ухаарч, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. Дахин хэлэхэд, маш тодорхой анхааруулахад, нийлүүлэлтийг төрөлжүүлэн эрэлт нийлүүлэлтийн сүлжээгээ баталгаажуулах шаардлага бий. Ковид-19 бидэнд сануулга өглөө, дайн бидэнд сануулга өглөө. Тэгэхээр АНУ эдийн засгаа саадгүй ажиллагаатай байлгахын тулд стратегийн зарим арга хэмжээг авч байгаа нь зөв. Гэхдээ тэрийгээ хэрэгжүүлэхдээ Америкийн иргэд гайгүй үнэтэй бараа бүтээгдэхүүн авахыг хүсэж байгаа гэдгийг сайн санах нь чухал. Үнийн тухай ярьсных, нэг сайн мэдээ гэвэл 2023 оны эцсээр инфляц буурах хүлээлттэй байгаа. Тэр трэндийг сөрөхүйц арга хэмжээ авч хэрэггүй. 

Брэннан: Гэхдээ танайхаас инфляцыг 7-оос 6.5 хүртэл буурна л гэж тооцоолсон биз дээ?

Георгиева: Төв банкнууд одоогийнхоо бодлогыг баривал оны эцэс, 2023 оны эцэс гэхэд түүнээс ч доошлох тооцоолол бий. Ихэд санаа зовоож байгаа зүйл гэвэл эдийн засаг тэр аяараа удааширч, дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувь, бүр түүнээс ч доор түвшинд очих таамагтай байна. 2021 онд зургаан хувь байлаа шүү дээ. 2022 онд 3.2 болж буурсан. Төв банкуудын зүрх үхээд, “Бурхан минь, өсөлт удаашраад байна, инфляцын эсрэг бодлогоо сулруулъя” гэчихвэл бүр л доошоо явчихна. Тэглээ гэвэл инфляц мөд буухгүй. Тэгэхээр инфляц мэдэгдэхүйц буурсан цагт л бодлогын хүүгээ тохируулах талаар бод гэж төв банкуудад зөвлөх байна. 

Брэннан: Танай Олон Улсын Валютын Сангийн нэг судлаач маш харанхуй дүр зураг харагдаж байна гэсэн. Ерөнхийдөө энэ жил цар тахал намжсанаас хойш аньж эхлээд байсан шархууд хөндөгдөн бүр хөндүүрлэнэ. Товчхондоо, маш олон хүний хувьд бүр ч хүнд цаг ирж байгаа, 2023 он эдийн засгийн уналтын үе байх болно гэж байна. Гол айдас хаа байна вэ?

Георгиева: 2023 он бидний харж буйгаар тийм байна. Олонхын хувьд маш хүнд, улирч буй жилээс хүнд байх болно. Яагаад? Учир нь дэлхийн тэргүүлэх гурван эдийн засаг буюу АНУ, Европын холбоо, БНХАУ-ын өсөлт зэрэг удааширч байна. АНУ хамгийн тогтвортой нь. Тиймээс уналтгүй даваад гарч мэднэ. Хөдөлмөрийн зах зээл нэлээд тогтвортой байх шинжтэй. Гэхдээ үүнийг шуудхан сайн зүйл гэчих хэцүү, яагаад гэхээр хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа нөхцөлд АНУ-ын Холбооны нөөцийн сан инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ яс барина гэсэн үг. Украины дайн Европын холбоонд хүнд туссан. Европын холбооны талынх нь эдийн засаг ирэх жил хумигдана. БНХАУ-ын өсөлт бүр ч буурна. Хятадын хувьд хүнд жил байх болно. Энэ нь эргээд дэлхий дахиныг хямраана. Хөгжиж буй зах зээл, улс орнуудыг аваад үзэхээр байдал бүр л харанхуй. Яагаад гэвэл бодлогын хүү өндөр, ам.долларын ханшийн өсөлт их байна шүү дээ. Тэр өсөлтийг тодоор мэдэрч байгаа улс орнууд нэрвэгдэнэ. 

Брэннан: Энэ тухай дэлгэрэнгүй ярилцмаар байна. Зарим үзэгчдэдээ тайлбарлахад, долларын ханш өснө гэдэг нь америкчуудад гадаадад худалдан авалт хийхэд ашигтай байна гэсэн үг. Харин жишээ нь ам.доллароор зээл авчихсан буурай улс орнуудад энэ нь эсрэгээрээ нөлөөлнө. ОУВС-ийн мэдээллээр, буурай хөгжилтэй орнуудын 60 хувь нь энэ өрөөсөө шалтгаалан ихэд хямарна гэсэн. Тэгэхээр яах бол? Олон улс дампуурах болов уу? Тэр нь олон улсын санхүүгийн тогтолцоог шархлуулах уу? Энэ нөлөө хэдий хүрээг хамрах бол?

Георгиева: Одоогоор хямраад буй эдийн засгууд бүх нийтийг өрийн хямралд оруулахуйц биш байгаа. Яг аль улс орнуудын тухай ярьж байгаа вэ гээд аваад үзье л дээ. Чад, Этиоп, Замби, Гана, Ливан, Суринам, Шри Ланка байна. Тэдний өрийн асуудалд шийдэл олох нь эдгээр улсын иргэдийн хувьд асар чухал, гэхдээ гадагш нөлөөлөх нь их биш л дээ. Хөгжиж буй орнуудын худалдааны 25 хувь нь хямралд орсон орнуудтай хийгдэж байгааг санах хэрэгтэй, тэгэхээр дээрх жагсаалт уртсаад байвал дэлхийн эдийн засгийг донсолгож мэднэ. Ийм ч учраас ОУВС тэдгээр улс орны өр зээлийн асуудлыг шийдэхийн төлөө чармайн ажиллаж, “Парисын клуб” тэргүүтэй уламжлал зээлдэгчид, Хятад, Энэтхэг, Саудын Араб тэргүүтэй шинэ зээлдэгчидтэй хамтран ажиллаж байна. Энэ маш энгийн: бид даруйхан, яаралтай хөдлөх л ёстой. Дэлхийн хэмжээнд өр хэр байгааг харахаар санаа зовохоос аргагүй байна. Ковидын үеэр бид яалаа даа? Улс орон бүр иргэддээ үйлчлэхийн төлөө мөнгө зээлэхэд хүрсэн шүү дээ. 

Брэннан: Хүү ч бага байсан. 

Георгиева: Тийм ээ, хүү бага байсан, бид тэгж л дэлхийн эдийн засгийг уналтаас сэргийлж чадсан. Зөв ч шийдэл. Гэтэл ОХУ Украин руу дайраад, инфляцыг бүр гааруулах алхам хийснээс хойш хүү өсчихлөө. Тэгээд бид засгийн газруудад юу гэж зөвлөж байна вэ гэхээр төсвөө сайн анхаар, орлогоо сайн хуримтлуул, маш ухаалаг зарцуул гэж байгаа. 

Брэннан: Хэрэгтэй л зөвлөгөө юм, гэхдээ улс төр тэгэх боломжийг тэр бүр.. 

Георгиева: Мэдээж тийм. 

Брэннан: Тийм л болохоор таныг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч гэж хүсээд байгаа юм. Бид саяхан “JPMorgan Chase”-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймонтой ярилцахад дэлхийн эдийн засгийг дэлбэрэхэд бэлэн байна гэж хэлсэн. Цагаачлал, эрчим хүч, үндэсний аюулгүй байдал, банкуудын хөрвөх чадвар, дайн гээд бүгд л улс орнууд зарцуулалтаа зохицуулж, иргэддээ үйлчилж чадахгүй байгаагаас үүдэлтэй “даалуун эффект” гэж. Та ч бас тэгж бодож байна уу?

Георгиева: Дэлхий дахин асар их өөрчлөгдчихлөө. Гэнэтийн зүйлс ихтэй гэх үү. Сүүлийн хэдэн жилд бидний ойлгож авсан зүйл гэвэл ирээдүй ийм байна гэж тааварлахад амаргүй нөхцөл байдалд бид амьдарч байгаа юм байна. Энэ бүх гэнэтийн зүйлс, Ковид, дайн, амьжиргааны зардлын өсөлт гэх мэт тэр нөлөөг бүр л хурцатгалаа. Улс орнууд тэгвэл яах вэ? Юун түрүүнд, илүү тэсвэртэй байж, сэргийлэх арга хэмжээ авч сурах, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. ОУВС гишүүн улс орнууддаа үүнийг анхааруулж байгаа. Асуудал бүр даамжрахыг хүлээж суулгүйгээр арга хэмжээ авч эхэл гэж. Тусламж хэрэгтэй байгаад нь, хөгжиж буй улс орнуудад дэм болох гэж бид байгаа шүү дээ. ОУВС бол давж гарахад түшиц болох учиртай. Олон олон гишүүн маань бидэнд хандсаар буйд баяртай байгаа. Дайн эхэлснээс хойш 16 улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар хандаж, бид 90 тэрбум ам.доллароор дэмжлээ. Одоогоор 36 хүсэлт хүлээн аваад байна. Асуудал байгааг олж хармагцаа суурь хүчин чадлаа бэхжүүлэх, улсаа, иргэдээ хамгаалах арга хэмжээг даруйхан хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй юм. Үүнийг л бид улс орнуудад зөвлөж байгаа. Мэдэхгүй хүмүүст танилцуулахад, ОУВС нь Дэлхийн II дайны дараагаас олон улсын эдийн засгийг тогтвортой байлгахын төлөө байгуулагдсан түүхтэй. Ийм үед бид гишүүддээ чухал түшиц болно. Ковидын өмнөх үе шиг тогтвортой цаг эргэж ирнэ гэж бүү бодоорой гэж хэлмээр байна. Илүү ч тодорхойгүй, олон хямрал давхацсан цаг үе ирж байгаа. Ийм байсан шүү гэж дурсан нулимс дуслуулахын оронд бүсээ чангалж, миний хэлснээр, шуурхай хөдөлж эхлэх хэрэгтэй. 

Брэннан: Ярилцлагын маань цаг дуусах гэж байгаа учраас амжиж Украины талаар яримаар байна. Та хэлсэн шүү дээ, дэлхийн эдийн засагт хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл бол Украины дайн гэж. Владимир Путин дуусах болоогүй л гээд байгаа. Ерөнхийлөгч Зеленський ирэх нэг жилд 55 тэрбум ам.долларын дэмжлэг хэрэгтэй, үүнээс 20 тэрбумыг нь ОУВС өгнө гэж харж байгаа гэсэн. Тэр мөнгийг өгөх үү?

Георгиева: Украиныг дэмжихээр бид ажиллаж байгаа. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бид Украинд хамгийн их буюу 2.7 тэрбум ам.долларын шуурхай санхүүжилт хийсэн, 2023 онд ч Укрианд очих дэмжлэгийн чухал хэсгийг бид бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Оны эхээр хүсэлтийг нь УЗ-дөө танилцуулах байх. Украинд сард ойролцоогоор 3-5 тэрбум ам.доллар хэрэг болно гэж тооцоолсон. Путин украинчуудад нэн шаардлагатай дэд бүтцийг сүйтгэсэн. Үнэхээр аймшигтай хэрэг. Иймд ирэх саруудад тус улс эрчим хүч, дулаан, усны хангамжийн системээ сэргээх хүндхэн шаардлагатай тулгарч байгаа учраас зардал нэлээд өндөр талдаа байна. Украинд манай зарим хамаатан байдаг. Тэдний ярьснаас хэчнээн хүйтэн, харанхуй, аймаар байгааг ойлгож авсан. Жирийн иргэд оршин суудаг газруудыг бөмбөгдсөөр байна. Украинчууд баатарлагаар тэсэж байна гэдгийг онцолъё. Украины эдийн засаг ч тэсэж байгаа. Өндөр настны тэтгэврийг олгож байгаа. Бөмбөгдөлтөд өртсөн хэсгүүдийн эрчим хүч, ус, дулааны хангамжийг маш хурдан сэргээж, улс орныхоо ажиллагааг хангахын тулд орлогоо маш цэгцтэйгээр төвлөрүүлж чадаж байна. 

Брэннан: Тэгэхээр Засгийн газар нь тэсэж үлдэж чадах нь ээ? 

Георгиева: Асар хүнд нөхцөлд Засгийн газар нь сайн ажиллаж байгаа. Дампуурахгүй ээ. Бас нэг үнэхээрийн гайхалтай санагдсан зүйл гэвэл, дэлхийн дахин бидний төсөөлснөөс хавьгүй хүч тэсвэртэй юм байна гэдгийг бид харлаа шүү дээ. Европ эрчим хүчний хямралд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг л хар. ОХУ-аас эрчим хүчний хувьд хараат байхгүйн төлөө шийдэмгий хөдөлж байна. Хүнд өвөл болно, дараагийнх нь бүр ч хүнд байж мэднэ, гэхдээ ОХУ-аас хараат бус болох эрх чөлөөт цаг айсуй. Тэнд хүрч чадна. 

Брэннан: Ярилцлагаа төгсгөхөөс өмнө хоёр асуулт тавихыг хүслээ. АНУ-ын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

Георгиева: АНУ-ын эдийн засаг үнэхээр чанга. Улс төрийн тогтолцооноос шалтгаалан шийдвэр гаргалт амаргүй байгаа нь харагдаж байгаа. Гэсэн ч АНУ эдийн засгаа дэмжих чухал алхмуудыг хэрэгжүүлж чадсан. Жишээ нь, хүүхдийн татвар..

Брэннан: Хөнгөлөлт нь больчихсон доо. 

Георгиева: Хөнгөлөлт нь ч бол тийм. АНУ даяар ядуурлыг бууруулахад ихээхэн нөлөөтэй байгаа бодлого. Дэд бүтцийн хууль, инфляц бууруулах тухай хууль ч мөн адил. АНУ-ыг хөдөлгөөнд оруулж байгаа зүйлс ажиглагдаж байна. АНУ-д ч, дэлхий дахинд ч ашигтай зүйлс. Энэ маягаар авч явахад амаргүй байх нь мэдээж. Гэхдээ эрсдэл хэчнээн ч их байлаа гээд АНУ уналтад орчихгүй байгаасай гэж найдаж байна. Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь хумигдахаар байна шүү дээ. Таны хэлсэнчлэн, бодитоор уналтад ороогүй улс орнуудын олон зуун сая иргэнд уналтад орсноос өөрцгүйгээр мэдрэгдэх болно. Гэхдээ АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчирхэг хэвээр байгаа цагт АНУ дэлхий дахинд хүнд жилийг туулах түшиг тулгуур болох юм. 

Брэннан: Сүүлчийн асуулт. 2023 оныг өөдрөгөөр харах ямар үндэслэл байна вэ?

Георгиева: Юунд найдаж байна вэ гэвэл, бид хамтран ажиллавал ямар ч хэцүү сорилтыг даван туулж чадна. 2020 онд асар том заналхийлэлтэй нүүр тулаад, хамтдаа давж гарч чадлаа шүү дээ. 2023 онд ч мөн тэгэх хэрэгтэй байна. Бидний энэ ертөнцөд, улам бүр л ойр ойрхон, илүү аймшигтайгаар цочроох болсон энэ ертөнцөд бид бие биеэ түшиж, гар гараасаа атгалцаж л явах хэрэгтэй. Манай байгууллага үнэнхүү хүнд сорилтыг ухаалаг, шийдэмгийгээр даван туулахад эдийн засгийн бодлого толгойлогчдыг хандуулахын төлөө ажиллаж байна. 

Брэннан: Танд баярлалаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.