Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-нд тохиодог Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан “Fat Cat Jazz Club”-ээс АНУ-ын ЭСЯ, Гёте институт, “MSM Betastar” компанийн дэмжлэгтэйгээр олон улсын уран бүтээлчид оролцсон тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтын нэгдүгээр хэсэгт дуучин Г.Тэнүүн, Ж.Ариунжаргал, Б.Өнөрзул болон “Fat Cat Records” лэйблийн хөгжимчид оролцох бол хоёрдугаар хэсэгт америк, герман, монгол хөгжимчдөөс бүрдсэн квартет домогт “Beatles” хамтлагийн “Sgt. Pepper's Lonely Hearts Club Band” цомгийн жазз найруулгыг сонордуулах аж. Уг тоглолт үнэ төлбөргүй байх юм.
Зочин уран бүтээлчид:
Мэтт Чок – саксафон (АНУ)
Пол Брайндли – гитар, баритон гитар (БНХГУ)
Ц.Мөнгөнтовч - контрабасс (Монгол)
Рик Холландр - бөмбөр, ган бөмбөр, дуучин (АНУ)
Олон улсын жазз өдөр гэж юу вэ? Монголчууд хэрхэн тэмдэглэдэг вэ?
Хөгжмийг газар гэвэл жазз бол метрополис. Олон ургалч санаа сүлэлдэж, бие биеэ хурцалж, өөр өөрийн онцлогийг таньж, илүү тодоор олж харж, харилцан холбогдох сэжим нь улам баяжих үйл явц нь жаззын цөм билээ. Урлагт давтагдашгүй ул мөртэй жазз хөгжмийг алдаршуулж, ач холбогдол, үр нөлөөг нь таниулахын төлөө НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 2011 онд 4-р сарын 30-ныг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон зарласан нь эдүгээ дэлхийн 190 улсад тэмдэглэн өнгөрүүлдэг жазз хөгжмийн том баяр болоод буй.
Монголын жазз уран бүтээлчид 2016 оноос Олон улсын жазз хөгжмийн өдрийг тэмдэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд Монголын жазз хөгжмийн хөгжил эрчимжиж, хэд хэдэн үсрэнгүй дэвшил гарсантай холбогдон жазз хөгжмийг сонирхох, монгол уран бүтээлчдээ дэмжих хандлага өргөжсөөр байна. Жазз уран бүтээлчдийг цуглуулж, сор бүтээлүүдийг нь танилцуулж, мөн жазз хөгжмөөр дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эрх тэгш байдал, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэг хүмүүний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, бүтээлч нээлттэй эерэг сэтгэлгээнд хөтлөх нь Олон улсын жазз хөгжмийн өдрийн гол зорилго юм.
Жил бүрийн энэ өдөр зохиогддог Бүх оддын глобал тоглолтыг уламжлал ёсоор ЮНЕСКО-ын сайн санааны элч, жазз төгөлдөр хуурч Херби Хэнкок удирдаж, жазз хорхойтнуудыг Бээжин, Бейрут, Касабланка, Йоханнесбург, Парис, Рио-де-Жанейро, Вена, Нью-Йорк зэрэг 11 хотоор аялуулна.
Олон улсын жазз өдрийг Монголд зохион байгуулдаг “Fat Cat Jazz Club”-ийнхан тус өдрийг Монгол улсын томоохон хөгжмийн фестивалиудын нэг болгохыг зорьж байгаа бөгөөд монгол уран бүтээлчид Бүх оддын глобал тоглолтод оролцох өдөр ойрхон гэж итгэж буйгаа ярилаа.
Монголын жазз хөгжмийн товч түүх
Монголд жазз 1940-өөд оны орчим циркийн урлагаар дамжин нэвтэрч, Монголын онцлогтой жазз үүсэн хөгжих үндэс тавигдсан түүхтэй. 1960-аад оноос нийтийн бүжгийн, концертын гэх зэрэг олон хэлбэрээр хөгжсөөр 1969 онд “Баянмонгол чуулга” байгуулагдсан нь Монголын жаззын хөгжилд ихээхэн түлхэц болсон байдаг.
2009 онд “Их талын жазз” ТББ байгуулагдаж, жил бүр Жазз хөгжмийн наадам зохиож байсан нь Монголд мэргэжлийн жазз хөгжимчдийг бэлтгэх “Улаанбаатар дахь Гёте хөгжмийн танхим” (GMUB) төслийн суурь болжээ. Монгол дахь Гёте Институт, Герман улсын контрабасс хөгжимчин Мартин Зенкерийн санаачилгаар, Монгол Улсын Консерваторитой хамтран 2014 онд байгуулсан GMUB төслөөр Монгол улсад жазз болон орчин үеийн хөгжмийн боловсролыг академик түвшинд олгох үндэс суурь тавигдсан. Энэ төслөөс төрөн гарсан Э.Энхжаргал, Э.Шүтээн, Б.Мөнхтэмүүлэн, Ц.Мөнгөнтовч, Б.Хүслэн нар өдгөө ХБНГУ-ын Мюнхен хотод суралцаж байгаа агаад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид болоод байна. Дараагийн үеийн оюутнууд нь мөн суралцахаар зэхэн, шалгалтдаа бэлдэж байгаа аж.
GMUB төслөөс төрөн гарсан уран бүтээлчдийн зохион байгуулсан тоглолтуудад давтагдсан тоогоор 180 мянга гаруй үзэгчид ирсэн гэх тооцоо бий. 2016 онд GMUB-аас төрсөн “Jazz Train” хамтлагийн дебют цомог оны онцлох цомгоор нэрлэгдэж байв. Мөн “JazzLab” агентлагийн зохион байгуулсан, Испани, Франц, Америкийн уран бүтээлчид оролцсон таван цуврал тоглолт “Ulaanbaatar International Series”*-ийг 9000 гаруй сонсогчийн талархлыг хүлээсэн. Өнгөрсөн таван жил орчмын хугацаанд “Fat Cat Jazz Club”-д давхардсан тоогоор 70 мянган хүн үйлчлүүлж, жазз тоглолт үзсэн байна.
Сонирхууштай медиа бүтээлүүд:
“Арга билэг” хамтлаг KEXP радиод
Монголын жаззын товч түүх (баримтат кино)
A Fat Cat Christmas Special (онлайн тоглолт)
Toglolt: A night in Ulaanbaatar (цуврал контент)
Цомгууд
“Арга билэг” хамтлаг – “Агула” (цомог)
“Jazz Train” хамтлаг – “Jazz Train” (цомог)
Fat Cat Family Vol1 – “Day Off” (цомог)
“Enji’s Sisters” хамтлаг – “Pure Imagination” (цомог)
Enji – “Ursgal” (цомог)
Зохион байгуулсан/уригдан оролцсон олон улсын жазз наадмууд:
Ulaanbaatar Jazz Series (2016)
EBE Jazz Festival (2017, 2019)
Austian-Mongolian Music Festival (2017-2019)
“Jazz city Revival” International Jazz Festival Mongolia 2021
Australian Jazz Convention 2022
Уран бүтээлчдийн гавьяа шагнал:
Э.Шүтээн - “Young Artist Jazz Award 2022” - Ялагч
Ц.Мөнгөнтовч – “Kurt Maas Jazz Awards 2021” – II байр
Б.Хүслэн – “The Australian Jazz Convention 2022 - Original Tunes Competition” – II байр
Олон улсын жазз өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны хөтөлбөр:

#1 “Stolen Moments” гэрэл зургийн үзэсгэлэн
Хэзээ: 4 сарын 27- 29-ний 10:00 - 18:00
Хаана: Монголын уран зургийн галерейд
Фото зургийн эл үзэсгэлэнд Ц.Эрхбаяр, О.Төгсбилэг, Н.Сонинбаяр, Г.Балжмаа, Т.Тэмүүжин, Б.Долгорсүрэн, Э.Санчир нарын зурагчдын авсан бүтээлүүд дэлгэгдэх аж.
/Үнэ төлбөргүй/

#2 International Jazz Day 2023 тоглолт
Хэзээ: 4 сарын 30-ны 18:00 цагт
Хаана: On’n’Off Production House-д
Зочин уран бүтээлчид:
Бриан Леви – Саксафон, Лимбэ (АНУ)
Пол Брайндли – Гитар, Баритон гитар (БНХГУ)
Мөнгөнтовч - Контрабасс (Монгол)
Рик Холландр - Бөмбөр, Ган бөмбөр, Дуучин (АНУ)
Г.Тэнүүн
Ж.Ариунжаргал
Б.Өнөрзул
“Fat Cat Records”-ийн хөгжимчид
/Үнэ төлбөргүй/
#3 Жазз хөгжим сонирхогчдод зориулсан нээлттэй хичээл
Хэзээ: 5 сарын 1, 5-ны 11:00 цагт
Хаана: Монгол Улсын Консерваторид
Жазз өдрүүдийг тэмдэглэх хүрээнд зочин багш Ц.Мөнгөнтовч болон түүний хамтлаг 5-р сарын 1 болон 5-ны өдөр жазз хөгжим сонирхогчдод нээлтэй хичээл, сонсгол явуулах тул бүхий л насны жазз хөгжим сонирхогч, багш, сурагч, оюутнуудыг урьж байна.
/Үнэ төлбөргүй/
#4 Рик Холландр дөрвөлийн нээлттэй ярилцлага, тоглолт
Хэзээ: 5 сарын 2-ны 16:00 цагт
Хаана: Монгол-Америкийн төвд
Энэ өдөр та бүхэн Америкийн нэрт жазз бөмбөрчин Рик Холландрын дөрвөл болон Монголын чадварлаг жазз уран бүтээлчидтэй нээлттэй ярилцах боломжтой.
/Үнэ төлбөргүй/