Өнгөрөгч даваа гарагт болсон "Үүрд, чинийх..." шүлгийн үдэш бид хүмүүсээс нэрээ нууцалсан захиа бичихийг хүссэн билээ. Гараар хийсэн хайрцагт маань хүмүүсийн ямар нандин захиа ирснийг хамтдаа сонирхоцгооё.
1. Сайн сууж байгаа биз дээ...


Энэ захиа чамд минь хэзээ ч очихгүй ч гэсэн сэтгэл дотроо дарсан үгсээ хэлэхийг ямар их хүссэн гээч. Би гэхдээ чамд юу ч хэлэхгүй алга болсныг минь чи анзаарсан болов уу? Би өчигдөр нэг дуунаас "Хурим дээр чинь агсам тавина..." гэх хэсэгхэн үг сонсоод чиний надад хэлж байсан үгийг санасан. "Хэрвээ чи өөр хүнтэй суувал надад хэлээрэй, би хурим дээр чинь очно оо. Нөхрөөс чинь илүү гоё болоод очно" гээд хэлж байсныг чинь санаад... Би удахгүй хуримаа хийх бололтой. Ийм сонин утгагүй, уянгагүй байгааг минь уучлаарай. Хэзээ ч надад хайртай гэж хэлээгүй, хэзээ ч мартамгүй миний анхны хайр... Миний ариухан дурсамж минь. Чамаас холдсон нь чамайг гэх сэтгэл минь алга болсноос биш юм шүү. Чиний дэргэд байхад өөрт байх ёсгүй зүйлдээ шунасан өөдгүй эмэгтэй шиг өөрийгөө мэдрэх ямар хэцүү байсан гээч? Энэ бүхнийг тэвчилгүй чамайг орхин одлоо. МИний залуухан, дахиж ирэхгүй дурсамж минь...
Чиний бяцхан охиноос.
2. Миний амьдралын 500 хоног

Өнөөдөр би аз жаргалыг мэдэрч буй мэт дотроо уйлан сууна.
1 дэх өдөр
Чамтай таарсан өдөр миний хамгийн сайхан, үгээр хэлэмгүй өдөр байсан. Зөвхөн чамайг л харж байвал би жаргалтай, хамгийн шилдэг нь, хайранд умбасан сайхан залуу болж байлаа. Би чамд хайртай.
7 өдрийн дараа
Үгээр хэлэмгүй хамгийн жаргалтай өдрүүд байлаа. Би жаргалтай байна.
30 хоногийн дараа
Чи бидний жаргалтай өдрүүд эхэлж байна. Аз жаргалтай байна. Чамтай л байвал өөр зүйл надад хэрэггүй.
100 хоногийн дараа
Бид аль хэдийн 100 хоногийг ардаа үдлээ. Бид хэрэлдэж үзлээ. Жаргалыг мэдэрч үзлээ. Энэ хайр юм болов уу?
300 хоногийн дараа
Чамайг хүлээн зөвшөөрдөг сайн залуу би байна. Намайг хайрлах сэтгэл чинь дэнсэлж буй мэт, гэхдээ би чамд хайртай шүү дээ. Хүлээн зөвшөөрөх, тэвчих, буулт хийх нь миний үүрэг. Хоёул урт удаан, насаараа жаргалтай амьдрах болно. Би чамд хайртай.
500 хоногийн дараа
Би залхжээ. Одоо дуусаж... Би үхэж байна. Би хэн юм бэ? Намайг яавал чи байгаагаар минь хайрлах вэ? Одоо дууслаа. Би гүйхгүй. Ингээд дуусаа. Чиний хэлснээр би ***, хуурамч, хүүхэмсэг, шархалсан.
3. Танаас эдгэрсэн тухайгаа аль нэг тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичсэнээс хойш танд зориулж юм бичээгүй юм байна.


Эдгэрэх гэхээр та өвчин байсан юм болов уу гэж бодогдохоор юм байна. Гэхдээ хүлээн зөвшөөрөх хүртэл хэцүү байсан, түүнээс хойш хүлээн зөвшөөрч, эдгэрч амьдрал арай хөнгөн болж ирсэн дээ.
Та надаас явахгүй, хавар бүр ой дурсамжинд минь ирдэг билээ. Цаашдаа ч ирэх байх. Эсвэл би л таныг авчраад байдаг байх. Та ч азтай юм аа. Над шиг хөөрхөн хүний зүрх сэтгэлд, олон олон оныг үзэж амьдарсаар л байна даа. Угаасаа мартагдахгүй болохоор хааяа нэг гаргаж хараад хав дарчхаж байя, таныг. Өнөөдөр Улаанбаатар хотод бороотой байна. Өвөлжингөө даарахдаа энэ өдрийг л хүссэн бас хүлээсэн юм шиг удаан норлоо. Та юуг хүсэж бас хүлээж байсан бэ?
Танай ээж хөөрхөн хэвээрээ байна лээ шүү. Аав нь бас. Би хааяахан таарахдаа удаан харж зогсдог, дулаан санагддаг. Хөөрхөн хүмүүс юм аа, би бэр нь болох байсан даа гэж боддог. Заяа надад таныг хайрта байсан гэж хэлсэн. Би баярласан.
Би 18 настай байсан. Та яагаад намайг уйлаад явж байхад таарсан юм бэ? Өөдгүй. Түүнээс хойш зөндөө уйлсан ч хэн ч таараагүйг бодоход та намайг аргадах гэж хөлөө хугалан алхаж ирснийг ойлгосон. Би хэн нэгний төрсөн өдрийг өнгөрөөхийг хүсдэггүй, төрсөн өдөр үргэлж л үлддэг учраас. Таны төрсөн өдөр л надад үлдэж дээ. Өнөөдөр хавар хэдий ч танд төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ хүмүүс танд алга таших байх, энэ бэлэг шүү. Би мартахгүй ээ.
4. Сонин шүү. Нэгхэн намар, нэгхэн өвөл, нэгхэн хавар өнгөрч байхад Poetry Night-ийн энэ үдэш, энэ ширээн дээр ганцаараа суух гэж.


Үнэхээр сонин. Гуравхан улирал шүү.
Чиний сэтгэл,
Бүжинлхам яруу найрагчийн "Тэврэлтээс чинь зугтаад өөрийнхөө оромжид үүрд үлдэж мэдэх
Тэр охиныг орхиод л явчхаж чадах хүчтэй байгаарай чи минь
Эсвэл түүнтэй үүрд хамт үлдэх тэвчээртэй байгаарай" гэдэг шүлгээр илэрхийлэгдэж, миний сэтгэлд шургасан шүү.
Г.Жааханхүү зураачийн үзэсгэлэнг үзэж байхад нүдэнд туссан нэг зургийн тайлбар байсан юм.
"...Заяаны ханиуд нүдэнд үл үзэгдэх улаан утсаар чигчий хуруунаасаа холбоотой байдаг..."
Би чиний улаан утасны эзэн байхыг яасан их хүссэн гээч. Гуравхан улирлын турш ч гэсэн чинийхээ хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар, сэвшээ салхи, өглөөний наран байсандаа баяртай байна. Одоо чамдаа энэ шүлгээр үг дайя.
"Хэзээ нэгэн цагт юм бүхэн замхран арилахад
Хэсэгхэн салхи бүдэгхэн анивчаан мэт шархыг бас эдгээнэ
Хорвоод ийм хүн амьдарч байгаагүйд итгээд
Хонгор минь чи ч бас намайг мартаарай."
Чиний тасарсан улаан утасны эзнээс.
5. The Happiness

Until now I've mistaken what happiness is
Until now I've thinking your love is a sorrow
But now I've just born little duck
But you're so old grown monster
You know you're not worth the love
I know your love is so expensive and sinful
You were born before 22 years than me
Our love is in the same time we are now
I worth your love in this area
You won't earn my love in East of Asia
So many difference between us
So many distance you and I
Some day I'll be thinking about happiness
So much times between us
So much distance from me to you
So much happiness only from you
6. Сайн уу, чи минь.

Бороотой өдрийн мэнд хүргэе. Яруу найргийн оройг багын олон жилийн найзтайгаа тухлан сууж сонсох таатай байна. Ажил амьдрал нь бүгд логик, дэс дарааллаар нухлагдсан би ийм уран яруу хүмүүсийн дунд орж ирэхэд үсгэн дунд тоо явж байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Хэтэрхий сэтгэл хөдлөлтэй гэж нухлуулсаар байгаад дотоод хүслээ алсан байжээ. Гэхдээ байнга бол гаргаж ирж чадахгүй ч бага багаар тэр хүнийгээ гаргаж ирнэ. Бусад хүмүүсийн хүйтэн, өмхийрсөн cynical хандлагыг өөртөө битгий тусган авч, БИ гэсэн хүнийг битгий бусдад тааруулан алаарай. You're doing great, honey.
7. Сайн уу?

Би мэдэж байна. Энэ захиаг унших мөчид ч төгс үзэсгэлэнгээрээ хорвоог гийгүүлж байгаа гэдгийг чинь. Зүүд гэх ертөнцөд минь зөвхөн чиний л хот байдаг. Тэр хот нь мөнхийн солонготой мөрөөдлөөр баришдсан цамхагуудтай, хэзээ ч тастасмгүй цэцэгнүүдтэй, хүссэн үедээ авирч болох уул хадтай, дээрээс нь үсрээд унасан ч өвдөхгүй зөөлөн газартай. Өвөл зун гэсэн хоёр улиралтай. Өвөлд нь хөвөн зөөлөн цасаар тоглож, зундаа зүрхэндээ орших хүнтэй зугаалмаар тийм сайхан хот. Энэ хотод би зуурдхан ч гэсэн очих дуртай. Яагаад гэвэл тэнд үргэлж чамтай алхдаг болохоор...
Д.Н
8. Сайн уу, хайрт минь.

Хайрт минь гэж хэлэхэд надад яагаад ч юм гоё, жаргалтай мэдрэмж төрж байна. Өнөөдөр 5 сарын 15. Poetry Night эвентэд ирлээ, чи даанч ажил ихтэй болохоор харьж ажлаа хийх болсон. Орой 18 цаг гээд гэнэт л бороо ороод эхэлсэн. Чи минь даанч нимгэн хувцастай. Миний малгайтай цамцыг өмс гэхэд чи даанч намайг даарна гээд өмсөөгүй. Бороонд хоёулаа нэвт нороод, чиний кет усанд нороход хөл чинь даарсан л байх даа. Яг одоо сууж байхад миний хөл нойтон бас би жаахан даарч байна. Чиний 34 размерын жижигхэн хөөрхөн хөл чинь одоо даарч байгаа гэж бодохоор би энд суух биш урьдынх шигээ хамтдаа гэртээ ороод нойтон хувцаснуудаа тайлаад дулаахан хөнжилдөө ороод даарсан хөлийг нь гэдсэндээ нааж дулаацуулмаар байна.
Хэдхэн жилийн өмнө дураараа зөрүүд, зорилгогүй явсан би одоо чамаас хэдхэн цаг салж тусдаа байхдаа ингэж санадаг. Чамаас дэндүү гэмээр хамааралтай болчихсон сууж байна. Гэхдээ чамаас хамааралтай байна гэдэг, чамайг санадаг, санаснаасаа болж шаналж, хааяа харддаг, мэдрэл муутай нэгэн болчихсон байна гэдэг үнэндээ хааяа аймаар, хаашаа ч юм зугтмаар зүйл ч гэсэн үнэндээ ганцаараа дураараа, хаашаа очихоо мэдэхгүй гарахаасаа өмнө төөрчихсөн нэгэн байхаас илүү дээр тийм л сайхан зүйл.
Би чиний жижигхэн гараас хөтлөх бас чиний гарыг халаасандаа хийгээд атгах, бас алаг нүдийг чинь үнсэх, үсийг чинь илбэх, хацрыг чинь үнэрлэх гээд ийм л жижигхэн зүйлээс хамгийн аз жаргалтай болчихдог.
Энэ бүх зүйл гэнэт л эхэлсэн. Тэгээд нэг л мэдэхэд энд ирсэн. Юу ч бодож амжаагүй зүгээр л мэдрэмжээ дагасан. Надад чамтай хамт байхад сайхан байсан. Бас сайхан байдаг. Би чамд хайртай.
@neeh.surtei.ner
9.

Далай тэнгис давалгаалсан
Далд санаатан инээсэн
Араатан амьтад тайвширсан
Алуурчин ноход ханасан
Амар тайван дийлж тогтсон
Амьдралын төгсгөлд там эхэлсэн
Дотоод сэтгэл нь үнс болж
Догшин Сатан хилэгнэсэн
Үхлийн ертөнц гэж
Үнэн байдаг бололтой...
10. Үнэхээр түүнд хаяглаад, илгээж чадаагүй захидал байдаг.

Гэвч гэрт номон дунд л байгаа байх. Ямартай ч эхний хоёр мөрийг нь орлуулж бичээд орхиё! Ингэвэл арай дээрдэх байх.
Ахиад чиний нүдэнд
Өөрийгөө живүүлж
Амьсгаа давхцан
Аврал эрэхсэн.
А.Сайханбаяр
11. Хаврын адаг сарын шинийн 26-ны хүйтэн бороонд чамайгаа дурсан санаж сууна...


Чи бид хоёр салсан нэртэй хэдийнээ 5 сар болжээ. Энэ л өдөр чамтайгаа тэр нэгэн зуны бороотой үдэш байсныг дурссаар... Чиний минь "хүүхэд шиг яасан хөөрхөн болчихсон юм бэ" гэх үгс чихэнд минь одоо ч сонсогдсоор... Ганцаардсан үед чинь найз залуу чинь болъё, уйлсан үед түших уулс чинь болно оо гэж хэлсэн үгс одоо харин дурсамж л болжээ. Олон олон дурсамж бодолд минь хөвөрсөөр л, салсан ч хэдхэн хоногийн өмнө бороонд бас л тамхи хуваагаад татаж байсан маань, хацарт зөөлөн хүрээд энхрийлэхэд, тэврэх тэр мөчид чамайгаа ямар их санаснаа мэдэрч байсан ч одоо харин энэ л үдэш энэ бороонд дүрийг чинь цээжиндээ дурссаар.
Санаж байна чамайгаа
Уулс өндөлзөж
Ус галав юүлтэл санаж байна...
З-ээс Со-д. 2023.05.15