Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Үндэсний номын баяраас онцлох нь: Уран зохиолын бус АРВАН ТАВАН шинэ ном


Хэлний гайхамшиг, илэрхийллийн гоо сайхан, үгийн баялаг ганцхан номонд л байдаг. Тиймээс шинэ ном бичигдэх, орчуулагдах алин боловч тухайн хэлийг баяжуулж, хэлний амьд зарчимд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгээд ч шинэ ном гэдэг уншигчдын хувьд хамгийн нандин нууц байдаг тул түүнийг нээх нь хэзээд сайхан байдаг. Бид баасан гарагаас эхлэн гурван өдрийн туршид Сүхбаатарын талбайд явагдах Үндэсний номын баяраар уншигчдын гарт анхлан хүрч буй уран зохиолын бус АРВАН ТАВАН номыг онцолж байна.


Рик Рубин “Бүтээлч үйл: Оршихуйн ухаан” (орчуулагч Б.Цэцэнцолмон)

"Агуу урлагийн бүтээл туурвихын тулд хэрхэх ёстой вэ гэх асуултад хариулт хайж энэ номыг би бичиж эхэлсэн. Хариуд нь намайг оршихуйн тухай ном угтлаа". (Рик Рубин)

Red Hot Chili Peppers, Eminem, Run-DMC, Adele, Johnny Cash, System of a Dawn зэрэг олон арван бүтээлчдийн шилдэг цомгуудын продюсерээр ажилладаг Рик Рубин энэ оны эхэнд “Бүтээлч үйл: Оршихуйн ухаан” номоо нээхдээ “Агуу урлагийн бүтээл туурвихын тулд хэрхэх ёстой вэ гэх асуултад хариулт хайж энэ номыг би бичиж эхэлсэн. Хариуд нь намайг оршихуйн тухай ном угтлаа” гэсэн билээ. 

Уран бүтээлч сэтгэлгээг зөвхөн урлагтай холбоотой ажил мэргэжилтэй хүмүүст л хамаатуулан ойлгодог бол, Рик Рубин ер хүн бүхний оршихуйн үндэс нь бүтээлч үйл юм гэдгийг энэхүү номоороо илэрхийлж, олон арван жилийн туршлагаасаа таньж мэдсэн бүхнийхээ охь дээжийг өргөн барьжээ. Хорвоо ертөнц үргэлжийн хөдөлгөөнд оршдог тул ухамсарлах эсэхээс үл хамааран шинэ зүйл хаа сайгүй бий. Олж харах нь биднээс л хамаарах аж.


"Хориг уулын эрдэнэс"

Доктор Ж.Баярсайханы удирдан хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох олон зуун олдвор хэрэглэгдэхүүн цуглуулсны дотор Хүннүгийн үеэс улбаатай монголчуудын язгуур шүтлэгийн илэрхийлэл нар, сарны дүрст алт, мөнгөн эдлэлүүд, түүгээрч үл барам мөнх цэвдэгт олон зуун жил хадгалагдсан ваартай өрөм, шар тоснууд илэрсэн нь монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд шинэ нээлт болжээ. Энэхүү бүтээлд дурсгалт газрын түүх, археологи, лабораторийн судалгааны урьдчилсан үр болон тус дурсгалт газраас илрүүлсэн 170 гаруй олдвор, үзмэрийг мэргэн уншигч та бүхэнд толилуулан хүргэж байна. 

Суут эзэн богд Чингис хааны үүтгэсэн Монголын эзэнт гүрний эдийн болон оюуны соёлын ул мөр мэдээж одоогийн Монгол Улсын хилээр хязгаарлагдахгүй нь тодорхой. Тиймээс ч Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох биет өвийн төлөөлөл болсон шилээвэр бүтээлүүд дэлхийн олон улс, орны музей, соёл, шинжлэх ухааны байгууллагуудад хадгалагдаж байдаг боловч, Монгол Улсын нутагт археологийн дурсгалуудыг эс тооцвол Эзэнт гүрний суу алдрыг мэдрүүлэх өв буюу үзмэр цуглуулга тийм ч баялаг бус байна. 

Цагийн аяс, байгаль цаг уурын нөхцөл, эрхлэн буй аж ахуйгаасаа шалтгаалан мянга мянган жил байнга нүүдэллэн амьдарч ирсэн Монголчууд эдийн соёлын хувьд энгийн минималист хэв маягаар амьдарч ирснийг бас санах хэрэгтэй.

Монгол Улсын шинжлэх ухааны салбарын нэгэн салаа мөчир болсон түүх, археологийн судалгаа, шинжилгээ сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж, өвөг дээдсийнхээ үнэн түүхийг эдийн соёлын баримтаар баяжуулан бататгах үйлс урагштай байна. Сайны хажуугаар саар мундахгүйн жишээгээр эртний түүхэн дурсгалуудыг тонон сүйтгэх, ухаж сэндийлэх, хууль бусаар ашиг хонжоо хайх явдал газар авсаар байгаа нь харамсалтай. 

Үүний нэгэн жишээ Монгол улсын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц түүх, соёлын дурсгалтай Хөвсгөл аймгийн нутаг Дархадын хотгорт байсан Монголын эзэнт гүрний үеийн нэгэн “Их хориг” буюу язгууртнуудын оршуулгын газрыг тонуулчид сүйтгэн бусниулжээ. Энэ бусармаг явдлыг судлаачид нутгийн иргэдээс 2017 оны зун олж мэдсний дагуу 2018-2020 он хүртэл тухайн дурсгалт газар үлдэж хоцорсон олдворуудыг авран хамгаалах судалгаа хийж чамлахааргүй үр дүнд хүрсэн нь сайшаалтай. 


Б. Батцэцэг “Монгол хүн: Б. Гангаамаа”

Уулын спортын Гавьяат тамирчин, ОУХМ, Дэлхийн долоон ноён оргилд гарсан анхны Монгол хүн SEVEN SUMMITEER, Дэлхийн зулай Эверест болон K2 оргилд гарсан анхны Монгол эмэгтэй болох Бадамгаравын Гангаамаагийн амьдралын түүх, өдийг хүртэлх амжилтын замыг сонирхолтой зураг чимэглэлээр баяжуулан хүүхэд багачуудад өргөн барьж байна.

Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын дараагийн дугаар болох Б. Гангаамаа ном энэ баяраар уншигчдын гарт хүрэх нь ээ.

Оргилд нь шувуу ч хүрээгүй мөнх цаст оргилууд яагаад хүмүүсийн сэтгэлийг татдаг юм бол. Цас, бороо, салхи шуурга, хад асга, тэсгим хүйтний өөдөөс алхам алхмаар урагшилсаар алсад цэнхэртэх уулсын оргилд хүрч, хүний гайхам тэсвэр тэвчээр, эр зоригийг тунхаглагч эрхэм уулчны намтар түүхээс сэдэвлэн бүтээсэн энэхүү номыг хүүхэд багачууд та бүхэн шимтэн уншаарай. 


Остин Клеон "Ажил бүтээлээ дэлгэ!" (орчуулагч Д.Ганзориг)

Остин Клеон эл бүтээлдээ хэрхэн бүтээлч байдлаа бусдад хуваалцах, хэрхэн бусдад анзаарагдах тухай бичжээ. Хэрвээ та бүтээлч байхыг эрмэлздэг бол, өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг бол "Ажил бүтээлээ дэлгэ" ном таны гарын авлага болно.

Бүтээлч салбарт тодрон гарч ирсэн гоц сэтгэгч, бичих, зурах хос чадвартай Остин Клеоны "Steal Like an Artist" бестселлер бүтээлийг Арвис Паблишинг өмнө нь "Санаа авахаас бүү ай" нэрээр эрхлэн гаргаж байв. Энэ номд хэрхэн санаатай ажиллах, хэрхэн бүтээлч байх тухай бичсэн байдаг бол "Ажил бүтээлээ дэлгэ" хэмээх дараагийн бүтээлдээ Остин Клеон хэрхэн бүтээлч байдлаа бусдад хуваалцах, хэрхэн бусдад анзаарагдах тухай бичсэн юм. Тэрбээр энгийн агаад даацтай ойлголтууд, олон гайхалтай дүрслэлээр бүтээлч амьдралын талаарх хэвшмэл ойлголтуудыг эвдэж, чухам үнэнийг ончтой өгүүлжээ. Хэрвээ та бүтээлч байхыг эрмэлздэг бол, өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг бол "Ажил бүтээлээ дэлгэ" ном таны гарын авлага болно.


Чэнь Лү "Жи Шигийн тэмдэглэл" (орчуулагч Б.Гэрлээ)

Чэнь Лү 1915/16 онуудад Нийслэл Хүрээнд амьдарч байв. Тухайн үеийн хотын амьдрал, хүмүүсийн ахуй амьдралын тухай сонирхолтой өгүүлж, түүхэн ач холбогдолтой олон баримт мэдээллийг энэ номд оруулжээ.

Энэ номд 1913 оны Монгол, Орос, Хятад гурван улсын  Хиагтын хэлэлцээрт оролцсон Хятадын бүрэн эрхт төлөөлөгч Чэнь Лү уг яриа хэлэлцээ хэрхэн явагдсан, талуудын байр суурь ямар байсан талаар тодорхой бичжээ. Тэрбээр уг гэрээг байгуулсны дараа 1915/16 онуудад Нийслэл Хүрээнд амьдарч байв. Тухайн үеийн хотын амьдрал,  хүмүүсийн ахуй амьдралын тухай сонирхолтой өгүүлж, түүхэн ач холбогдолтой олон баримт мэдээллийг энэ номд оруулсан байдаг. Тус ном орчуулагч Б.Баярсайханы эрхлэн гаргадаг "Travel Classic Books" цувралаар Монгол уншигчдын гарт хүрэх нь ээ.


"Сэтгэл судлал таны амьдралд" сэтгүүлийн ТУСГАЙ дугаар

Сэтгэл судлалын мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүлээн авч сэтгэцийн эрүүл мэнддээ анхаараарай.

Хүн бүр өөрийн сэтгэл зүйгээ ойлгож, танин мэдэх хэрэгтэй өнөө цаг үед Монголын сэтгэл
зүйчдийн нийгэмлэгээс 2 сар тутамд буюу ТЭГШ тоотой сар бүрд уг сэтгүүлийн шинэ дугаараа гаргадаг. Та сэтгүүлийн дугаар бүрээс академик болон практик салбарт ажилладаг олон сэтгэл судлаачдын сонирхолтой судалгаа, нийтлэлийг мэдээ мэдээлэл, сэтгэл хөдлөл, бие махбод, танин мэдэхүй, зан үйл, харилцаа, карьер, хүний хөгжил, сэтгэл зүйн тест, сэтгэл зүйчийн өрөө, book review, зөвлөгөө булангуудаар хүлээн авч унших боломжтой. Мөн энэ удаагийн номын баярт зориулан сэтгүүлийн хамт олон тусгай дугаараа гарган уншигчиддаа үнэгүй бэлэглэх ажээ. 


Маделин Миллер "Галатеа" (орчуулагч Б.Батзаяа)

Эртний Грект ур дүйгээрээ гайхагдсан уран барималч өөрийн хамгийн төгс бүтээл болох энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн баримлыг бүтээж гэнэ. Төгс төгөлдрийг дарь эх бурхан ивээж, баримлыг амь оруулан Галатеа нэрийг хайрлажээ.

Уран барималч түүнийг эхнэрээ болгон улмаар дуулгавартай, хүлцэнгүйгээр үгийг нь дагаж, хүслийг нь хангаж байхыг шаардах ч бүсгүйн хүсэл мөрөөдөл, хэнээс ч үл хамаарахыг хүсэмжлэх эрх чөлөөний тэмүүллийг хорьж дийлсэнгүй. Үүндээ солиорох шахсан эр эхнэрээ зэлүүд байшинд түгжин эмч, асрагчдын байнгын хяналтанд оруулан хорьж орхив. Нөхрөөсөө төрсөн охиноо аврах хэрэгтэй болсон Галатеа ямар ч үнээр хамаагүй хорионоос гарч, эрх чөлөөнд хүрэхээр тэмцэх ажгуу.


Х.Нинж-Эрдэнэ "English powered"

Эл номын зохиогч нь Академиа Институтын үүсгэн байгуулагч Нинж-Эрдэнэ бөгөөд тэрээр англи хэлийг 5-р ангиасаа сурч эхэлсэн ч эх хэл шигээ эзэмшсэн төдийгүй өөрийн карьер болгон монголд агаад олон улсад англи хэлийг хоёрдогч хэлээр 17 дахь жилдээ зааж байгаа арвин туршлагатай нэгэн. Тус ном Англи хэлийг төгс эзэмшихэд тань урам зориг өгөх болно.

Та англи хэлийг олон жил үзсэн ч бахь байдгаараа байгаад л байна уу?, арай хандлага болон түвшингийн гацалтад ороогүй биз?, англи хэл сурах явцдаа энгийн алдаа их гаргаж байна уу? хэрвээ хурдан засч авахгүй бол системчлэгдсэн алдаа болдог гэдгийг дуулсан уу?, англи хэлийг анхлан суралцаж байгаа бол дүрэм биш зүй тогтлыг олох хэрэгтэйг мэдэх үү?, IELTS, TOEFL зэрэг стандарт шалгалтуудын үгийг шууд цээжлэх нь хэр үр дүнтэй байдаг бол?, хэрэв та монгол хэлээ сайн эзэмшээгүй бол Англи хэлийг ч тааруухан сурдаг гэж дуулсан уу? Яагаад?

Эдгээр асуултын хариулт болон бусад сонирхолтой санааг "English Powered" номноос унших боломжтой. 


Салли Колтард "Хонь хүн төрөлхтний түүхэнд" (орчуулагч Б.Эрдэнэбаяр)

Хаа сайгүй тааралдах хонь гэдэг номхон амьтан хэдэн зууны туршид дэлхийн түүхэнд ямархан гайхалтай үүрэг гүйцэтгэж ирснийг та төсөөлөх ч үгүй байх. Их Чингис хааны байлдан дагуулалтаас эхлээд Сэргэн мандалтын үеийн Мэдичийн овгийн ноёрхол, Шотландын уулархаг нутгийн түүх бүгд хоньтой ямар нэг хэмжээгээр холбоотой. 

Ноосны худалдаагаар дайныг санхүүжүүлж байж. Хонины ноосноос гаргаж авсан ланолин гоо сайхны үйлдвэрлэл хөгжихөд түлхэц үзүүлсэн бол хонины дотор эрхтнийг жирэмслэлт хийгээд тэмбүүнээс сэргийлэхэд хүртэл ашиглана. Гэхдээ энэ бүхэн бидний өдгөө өмсдөг ноосон цамцыг нэхэж эхлэхээс ч өмнөх явдал. Харин бяслагийн талаар бүр ч их зүйлс хүүрнэж болно. 


Мари Фавэру "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" (орчуулагч Ч.Баатар)

Монголын байлдан дагууллаас үүдэн бий болсон төр улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь Алтан Орд юм. Хэрэв Ордыг өнөөгийн газрын зураг дээр дүрсэлбэл Украйн, Болгар, Молдав, Азербайжан, Гүрж, Казахстан, Узбекистан, Туркменистан болон Орос, түүний дотор Татарстан, Крымыг багтаасан бүс нутаг болох байв.

Тиймээс Ордын түүх бол хамтын үнэт өв билээ. Ордын тэрхүү суу алдар эдгээр улсын алиных нь ч үндэстний өгүүлэмжид ганцаараа хамаарч ирээгүй бөгөөд Ордын үед туулсан өөр өөрсдийн асар ялгаатай туршлагууд бүхий хэл, үндэс угсаа, шашны олонлогуудад төвлөрсөн өгүүлэмжүүдийг өнөөдөр маш олон янзын утгаар тайлбарлаж байна. Францын түүхч, зохиогч Мари Фавэругийн эл ном нь Алтан Ордыг түүхэн нөхцөлд нь судлах, эл засаглал хэрхэн үүсэж, хэдэн зууны туршид хөгжин, хэрхэн нүүдэлчин шинжээ хадгалахын сацуугаар зохицон хувьсаж, өөрчлөгдөн ирснийг ойлгохыг зорьсон судалгааны бүтээл билээ.


Мияамото Мусаши "Таван тойргийн судар" (орчуулагч Б.Батзаяа)

“Таван тойргийн судар” нь Ази тив, дорнын соёлоос тэмдэглэгдэн үлдсэн өөрийгөө хийгээд өрсөлдөгчөө ялан дийлэх ухааны тухай хамгийн чухал бүтээлүүдийн нэгд Сүнзийн “Дайтах урлаг”-тай зэрэгцэн зүй ёсоор тооцогддог. Орчин цагт уг судрын агуулга, стратеги, философийг цэрэг арми, бизнес, спорт, хувь хүний хөгжил, ер ямарваа нэгэн зөрчил, өрсөлдөөнтэй тулгардаг бүхий л салбарт шимтэн судалсаар буй.

Мияамото Мусаши (1584-1645) бол самурайн эринээс тодрон үлдсэн домогт дайчин, тулаанч, философич, ронин буюу эзэнгүй самурай юм. “Ялагдашгүй” хэмээн түүхнээ өргөмжлөгдсөн тэрбээр жаран нэгэн халз тулаан хийж нэг ч ялагдаагүй гэдгээрээ алдаршжээ. Өөрийн буй болгосон хоёр илдээр тулалдах эрдмийг насан туршдаа гүнзгийрүүлэн бясалгаж, амьдралынхаа сүүлийн жилүүдэд “Таван тойргийн судар” нэрээр сийрүүлэн үлдээсэн нь энэ билээ.


Райан Холидэй "Ширээний стоик" (орчуулагч О.Нандинхорол)

Баяр баяслыг хаанаас олж болох вэ? Амжилтын жинхэнэ хэмжүүр юу вэ? Уураа хэрхэн барих вэ? Утга учрыг яаж олох вэ? Уй гашуугаа яаж дарах вэ? Эдгээр асуултын хариу, мөн түүнээс ч цаадах нь стоик философийн зүрхэнд оршино. 

Энэхүү номд багтсан эшлэл бүрийг зүгээр нэг танилцуулах бус, түүхийг нь хүүрнэж, асуулт тавьж, дасгалын санааг оруулж, стоикуудын үзэл баримтлалыг тайлбарлахыг хичээсэн нь хэн бүхэн өөрийн хайж буй асуултдаа гүн гүнзгий хариулт олоход тус нэмэр болох зорилготой.


"Чингис хааны өв, соёл-V боть"



Тус номонд Чингис богдын зохиосон шастир, Чингис хаанд холбогдох нэгэн сурвалж бичиг, Чингис богдын оюун түлхүүр сургаал зэрэг сурвалж багтжээ. Хавтасны зурганд Ү.Ядамсүрэн абугайн 1965 онд зурсан эхийг ашигласан аж.


Юваль Ной Харари “Дийлдэшгүй хүн төрөлхтөн: Бид дэлхийг хэрхэн эрхшээсэн тухай” (орчуулагч Б.Оюумаа )

“Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номоороо дэлхийн олон мянган уншигчдад илүү сонирхолтой ойлгомжтойгоор түүхийг сонирхон судлах сэдэл өгсөн Иерусалемын Хебрю их сургуулийн профессор түүхч, зохиолч Юваль Ной Хараригийн хүүхэд залууст зориулсан онц сонирхолтой ном.

Африкийн халуун талаас, Грийнландын мөсөн бүрхүүл хүртэл хүн төрөлхтөн Дэлхийг захирдаг. Харин бид яаж ийм хүчирхэг болсон юм бол? Бидэнд байдаг супер хүч, мөн тэрхүү хүчээ ашиглан сүнс, сахиуснаас эхлээд засгийн газар, корпорац гэх хачирхалтай нууцлаг зүйлсийг бий болгосон тухай Дийлдэшгүй хүн төрөлхтөн номд өгүүлэх болно. Африкийг орхин явсан эртний хүмүүсийг дагаж, тэр замдаа галыг олж нээсэн нь хэрхэн бидний ходоодыг агшаасан тухай, хөл бөмбөгийн* спорт хүн төрөлхтний тухай юу хэлж өгдгийг, чухам яагаад мөнгө гэдэг зүйл хамгийн амжилттай шидэт үлгэр вэ гэдгийг олж мэдээрэй. Одой нар, аварга могой, үүлэн дээр амьдардаг Агуу арслангийн сүнс, хүн төрөлхтний гарал үүслийн нууцыг илчилсэн 50,000 настай хүүхдийн хурууны талаар өгүүлэх хүний ертөнцийн урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй түүх юм.


“Тасарсан хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг”

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхэлдэг “Monumenta Historica” цувралын XV дугаар ботид “Тасарсан хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг” зохиолын манж эх, манж эхийн монгол орчуулга, удиртгал, эрдэм шинжилгээний галиг, тайлбар, нэрийн хэлхээс болон уг зохиолын өөр нэгэн монгол эхийн хөрвүүлэг тайлбар сэлтийн хамт хэвлэгджээ.

Уг зохиолд Манж Чин улсын Энх Амгалан хаан XVIII зууны эхээр Торгууд түмнийг захиран сууж байсан Аюуки хаанд зарлиг бичиг буулган Түлишэн хэмээх элчин сайдыг албан ёсоор илгээсэн ба Түлишэн нь тус албанд хэрхэн томилогдон явсан тухайгаа тэмдэглэн бичиж, Тасарсан хязгаарт зарсан явдлыг тэмдэглэсэн бичиг буюу И юй лу 异域录 yì yù lù гэсэн нэрээр, манж, хятад хоёр хэлээр хавсран хааны зарлигаар барлажээ.



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Ардын уран зохиолч Ш.Дулмаа таалал төгсчээ
2
2024.03.21
Монголын яруу найрагчдын бичсэн яруу найргийн тухай ДОЛООН шүлэг
3
2024.03.19
Фото: "Чиний дэргэд юм бүгд сайхан" (Захидал, найргийн үдэш)
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.