Ирэх сард Монгол даяар Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817 жилийн ой Үндэсний их баяр наадмаа тэмдэглэх билээ. Бид өнөө жилийн баяр наадмаар цолоо ахиулах, дээгүүр даваанд хүрч барилдах магадлалтай хэмээн Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Баатархүүгийн Пүрэвсайханы тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
#1 Онцлох барилдаан: Ц.Содномдоржтой тунасан нь
Б.Пүрэвсайхан улсын харцага болон улсын заан цолонд хүрэхдээ Ц.Содномдоржтой тунаж барилдаад хоёуланд нь давж байв. Гэхдээ тэдний үндсэн барилдааны харьцааг 8:3-аар Ц.Содномдорж илт тэргүүлдэг билээ. 2014 оны наадмаар тавын даваанд тунахад Б.Пүрэвсайхан анх удаа Ц.Содномдоржийг давж, тухайн жилээ улсын харцага цол хүртсэн юм. Эл барилдаанаас өмнө тэд долоон удаа учраа таарахад бүгдэд нь Ц.Содномдорж даваад байв. Мөн үүнээс хоёр жилийн дараа улсын наадмын долоогийн даваанд ахин тунахад Б.Пүрэвсайхан давж, улсын заан цолонд хүрсэн билээ. Тэд хоорондоо 11 удаа барилдсанаас есөн удаад нь тав болон түүнээс дээш даваанд учраа таарсан байдаг. Ялангуяа Ц.Содномдорж арсланг ид амжилттай барилдаж байх үеийн хоёр наадамд таамаг эвдсэн нь түүний онцлох барилдаанд тооцогдох нь гарцаагүй.Сонирхуулахад, Б.Пүрэвсайхан өдгөөг хүртэлх хугацаанд Ц.Содномдоржоос гадна, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарди Б.Гончигдамба нартай мөн 11 удаа таарч, даваа унааны хувьд ч адилхан 8:3 харьцаатай байна.
#2 Нэг бөхөд дөрөв дараалж унасан нь
Тэрээр 2015 оны гурав, дөрөвдүгээр сарын дөрвөн барилдаанд дараалж, улсын арслан (тухайн үед улсын харцага цолтой байсан) Э.Оюунболдод унасан юм. Харин Э.Оюунболд эдгээр барилдаануудын ердөө нэгт нь л түрүүлсэн. Сонирхолтой нь, тухайн үед Э.Оюунболд, Ц.Содномдоржтой хоёр барилдаанд дараалан таарахдаа хоёуланд нь унасан юм. Тэр жилээ улсын наадмын долоогийн даваанд Ц.Содномдоржтой тунахдаа харин давж байв. Улмаар нэвт түрүүлж, улсын арслан цолонд хүрсэн юм.
#3 "Би Улсын харцага, чамд унаж өгөхгүй"
Б.Пүрэвсайхан 2014 оны наадмаар зургаа давж, улсын харцага цолонд хүрсэн билээ. Тухайн жилээ шинэхэн харцага Ховд аймгийн Дарви сумын ойд зодоглон түрүү үзүүрт шалгарчээ. "Тайван найзтайгаа түрүү булаалдав. Тэгэхэд хүмүүс “найздаа өгчих” гэх аястай байсан. Тайван бол миний найзаас гадна манай хүргэн л дээ. Гэхдээ “Би Улсын харцага цолтой хүн. Чамд өгөхгүй шүү” гэж хэлчихээд яс үзээд л давсан" гэж хожим тэрхүү барилдааны талаар онцолж дурссан байдаг.
#4 Ахын түшиг дүүгийн амжилтад нөлөөлсөн нь
"Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Миний ард заан ах минь байна. Ахдаа маш их баярлаж явдаг. Би арван наймтайдаа хотод орж ирсэн. Батзориг ахындаа таван жил амьдарсан. Байнга л хамт бэлтгэл хийдэг байлаа. Ах бэлтгэл дээр их ширүүн. Тэр ширүүн бэлтгэлийн ачааллыг даасны хүчинд өнөөдөр ийм хэмжээнд барилдаж байгаа. Миний амжилт бол Батзориг ахтай салшгүй холбоотой. Барилдаан тараад л би ахынд очдог. Тэгээд бид хоёр баахан барилдана, ярилцана. Ах “Чи яагаад миний хавирааг хийхгүй байна аа” л гэдэг". Тэрээр ярилцлагадаа ийн дурсжээ. Түүний авга ах Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Чогсомын Батзориг билээ.
#5 Онцлох амжилтууд
Улсын заан Б.Пүрэвсайхан 20 насандаа аймгийн заан, 21 насандаа аймгийн арслан, 23 настайдаа улсын начин, 25 насандаа улсын харцага, 27 насандаа улсын заан цолонд хүрч, 31 насандаа мөн долоо давж, заан цолоо батлаад байна. Тэрээр улсын аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд зургаан удаа түрүүлж, наймантаа үзүүрлэсэн амжилттай. Мөн 14 удаа Их шөвөгт шалгаран барилджээ. Сүүлийн жилүүдэд Ховд аймгаас улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар өндөр амжилтад хүрч, тогтмол сайн барилдаж байгаа билээ. Б.Пүрэвсайханы хувьд, О.Хангайтай 14 удаа барилдаж, ес өвдөг шороодсон бол, Б.Бат-Өлзийтэй тав барилдахдаа дөрөв унаад байна. Тэрээр 1989 онд төрсөн бөгөөд өдгөө 34 настай юм.
#6 Уучлал гуйсан нь
Түүний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрснээр 2018 оны 2-р сарын 1-нээс 2020 оны 2-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Ийн барилдах эрхээ хасуулаад байсан Б.Пүрэвсайхан 2019 оны наадмын сорилго барилдаанд зодоглохоо мэдэгдсэн юм. Учир нь МҮБХ-ны тэргүүлэгчид түүний барилдах эрхийг шийтгэлийн хугацаанаас нь өмнө сэргээхээр шийдвэрлэсэн. Гэвч яг барилдааны өмнө бөхчүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, зодоглох аргагүй болсонд үзэгчдийн зүг толгой гудайлган уучлал хүсээд бөхийн өргөөг орхисон билээ.
#7 Торгуулиас эргэн ирсэнээсээ хойш
Б.Пүрэвсайхан допингийн торгуулиа дуусгаад 2020 оны 7-р сард Үндэсний их баяр наадмаар дэвжээнд эргэн ирсэн юм. Тухайн барилдаанд шууд долоо давж, улсын заан цолоо баталсан билээ. Тэрээр Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгсөд өвдөг шороодсон юм. Б.Пүрэвсайхан допингийн торгуулиас эргэн ирснээсээ хойш хоёр түрүүлж, мөн хоёр үзүүрлээд байна.
