Бид өнөө жилийн баяр наадмаар цолоо ахиулах, дээгүүр даваанд хүрч барилдах магадлалтай хэмээн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгоны тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.
#1 Бөх болох замын эхэнд
Тэрээр арван жилийн сурагч байх үедээ дотуур байрныхаа хүүхдүүдтэй "хоёр шилбээ хөндүүрлэтэл" ноцолддог байсан ч 20 нас хүрээд сая барилдаж эхэлсэн байдаг. Ц.Бямба-Отгон жилд хоёр сарын бэлтгэл хийх байдлаар хоёр жил мэрийсний хүчинд 21 настайдаа Төгрөг сумандаа түрүүлж, сумын заан цол хүртжээ. Улмаар 22 настайдаа Их сургуулиа төгсөөд бөх болох замыг гарцаагүйгээр сонгосон байдаг.
#2 Цэнгэлдэхийн гадуур шаар цохиж явсан үе
Ц.Бямба-Отгон анх 2015 онд аймгийн баяр наадамд зодоглохдоо нэгийн даваанд унажээ. Тэр жилийн наадамд Б.Лхагвадорж 17 настайдаа түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн юм. Харин Ц.Бямба-Отгон түүний амжилтыг бишрэн, алга ташиж зогссон тухайгаа хожмоо дурссан байдаг. "Тухайн үед би төдийлөн барилддаггүй, наадмаар бөхийн барилдаан болж байхад гадуур нь шаар цохиод л явж байсан. Тэр үед 17 настай хүүхэд тав даваад туг тойроход нь бараг л ганцаараа маш их баярлаж, алга ташаад дэвхцэж байлаа. Тэр наадамд Б.Лхагвадоржийг давах бүрийд үнэнч шүтэн бишрэгчийн нүдээр түүнийг дэмжиж, баярлаж байсан даа. Хүний амжилтад баярлах, алга таших чинь сайхан шүү дээ" гэж тэрээр ярьсан юм.
Ц.Бямба-Отгон 2019 онд Өвөрхангай аймгийн наадмаар аймгийн арслан Б.Баянмөнхөөр тав, аймгийн харцага О.Үйтүмэнгээр зургаа давж аймгийн харцага цол хүртжээ. Улмаар 2020 онд таван жилийн өмнө биширч харсан Б.Лхагвадоржид унаж үзүүрлэн, аймгийн заан цолонд хүрсэн юм. Тэд 2022 онд нэгэн зэрэг улсын цолтны эгнээнд багтсан билээ.
#3 Дэмжлэгээр начин, үнэн хүчээрээ харцага болсон нь
Улсын наадмын гурав болон тавын даваанд түүнийг нутгийн бөхчүүд нь дэмжсэн. Тухайлбал, гурвын даваанд улсын заан Т.Санчир, тавын даваанд улсын харцага Х.Гантулга нар амлан, гар амар давуулсан юм. Харин зургаагийн даваанд аймгийн заан Э.Батмагнайтай тунаж, хөл авах үед нь тосгуулж хавираад үнэн хүчээрээ улсын харцага цолонд хүрсэн билээ. Долоогийн даваанд улсын аварга С.Мөнхбат түүнийг амлаж, мэхээ дутуу даалгах үед нь хийдүүлж дайраад давсан юм. С.Мөнхбат аварга түүнийг тахимаа өгөх үед нь "Дараа сайн барилдаж цолоо ахиулаарай" гэж захисныг хожим Ц.Бямба-Отгон хуучилсан байдаг.
#4 Онцлох барилдаан: Арслан Ц.Содномдоржийг гурав дараалж давсан нь
Улсын арслан Ц.Содномдорж 2021 оны 12-р сар, 2022 оны 1, 2-р сард зодоглосон гурван барилдаандаа нэг бөхөд дараалан өвдөг шороодож шуугиан дэгдээсэн юм. Тухайн үед арслангийн тэсрэлт эрс багассан нь анзаарагдаж байсан ч барилдааны ур, ухаан нь хаачих вэ гэтэл гурав уначихав. Хүчит арслантай гурав дараалан оноолт таарахдаа гурвантаа давж, жинхэнэ шуугиан дэгдээсэн бөх бол тухайн үед аймгийн заан цолтой байсан Ц.Бямба-Отгон билээ. Харин өөрөө энэ барилдааны тухайд "Бид хоёрын барилдаан эв таардаггүй байх л даа. Энэ цагийн бөхийн манлайг гурав давчихна гэдэг сайхан шүү дээ" гэсэн юм.
#5 Аавынхаа тухай дурссан нь
"Аав маань намайг 2020 онд аймгийн заан болоход "Хойтон нэг арслангийн наадам хийх ажилтай болох нь дээ" гэсэн юм. Аавынхаа хүлээлтийг давуулан биелүүлээд улсын харцага цол хүртсэн ч харин харуулж чадаагүй. Аав маань тэнгэрээс харж, түшиж тулж надтай үргэлж хамт байдаг байлгүй". Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас 77 жилийн дараа улсын цолтой бөх төрсөн нь Ц.Бямба-Отгон. Түүнээс өмнөх түүхэн хугацаанд Төгрөг сумын харьяат ах, дүү Самдан гээд улсын начин цолтой бөхчүүд байжээ.
#6 Онцлох амжилтууд
Ц.Бямба-Отгон 2017 онд ШУТИС-ийг Ойн инженер мэргэжлээр төгссөн. Тэрээр 1995 оны 3-р сарын 11-нд төрсөн бөгөөд эхээс долуулаа.
Ц.Бямба-Отгон заал танхимын барилдаануудад 2017 оноос эхлэн зодоглосон бөгөөд сумын цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр удаа, аймаг цэрэгт нэг, улс аймагт мөн нэг удаа түрүүлсэн амжилттай. Ялангуяа улсын харцага цолонд хүрснээсээ хойш заалны барилдаанд нэг түрүүлж, хоёр удаа үзүүрлэн, мөн хоёр ч удаа Их шөвөгт шалгараад байна.
#7 Хөлөндөө зовиуртай ч харцага цолонд хүрсэн нь
Тэрээр өнгөрсөн жилийн нийт хугацаанд сайн амжилттай байсан ч яг наадмын өмнөх зургаан барилдаанд гурав, дөрвийн даваанаас хэтрээгүй юм. Мөн 2022 оны 6-р сарын 12-нд аварга П.Бүрэнтөгстэй барилдах үедээ шагайны ясаа цуулж, бэртчихсэн нь нөхцөл байдлыг бүр ч дордуулчих нь тэр. "Улсын наадамд бүртгүүлээд шатаар өгсөж, уруудахад хөл хөндүүртэй байсан. Наадмын эхний өдөр өвчин намдаах эм ууж, хөлдөөгч цацаад барилдав. Маргааш нь спортын эмч ирээд "Хөлдөөгч хамаагүй цацаад байвал арьс нь үхжинэ" гэлээ. Тиймээс хөлдөөгч цацалгүйгээр барилдсан даа". Тэрээр ийн ярьсан юм.