Кино урлагт хайртай залуусын тэсэн ядан хүлээдэг Dreamers' Day өдөрлөгийн энэ намрын нээлтийн үзвэр энэ бямба гарагт зарлагдаад байна. Энэ удаагийн үзвэрийг зорих татгалзахын аргагүй шалтгаанууд бидэнд бий...
#1 Dreamers’ Day шинэхэн улирлаа Европын эмэгтэй кино найруулагчдын бүтээлүүдээр эхлүүлж байна. Энэ удаа Данийн кино найруулагч Анника Бергийн "Залуучуудын Клуб" (Team Hurricane) киног олны хүртээл болгох юм. Үүний дараа ч Европын эмэгтэй кино найруулагчдын олон гайхалтай бүтээл биднийг хүлээж байх нь ээ.

#2 "Залуучуудын Клуб" нь драм, уран сайхны төрөлд хамаарах бөгөөд дани хэлээр бүтээгдсэн уг кино монгол хадмалтай гарах болно. Кино нэг цаг 16 минут үргэлжилнэ.
#3 Кинонд олон нийтийн сүлжээгээр холбогдсон өсвөр насны охидын харилцааг маш бүтээлч байдлаар харуулжээ. Кинонд олон жүжигчин биш энгийн хүмүүс оролцон тоглосон нь өвөрмөц. Кино 2018 онд Венецийн кино наадамд оролцон, Данийн кино урлагийн наадмуудын долоон ч төрөлд нэр дэвшжээ.

#4 "Энэ ертөнцийг шарсан талх, солонгон зайрмаг, телевизийн оройн хоол, маш их цөцгийн тосоор бүтээсэн. Энд ирээдүй байхгүй. Би тэнгэр, шувууд, мод, сансар огторгуй, халим, далай тэнгист маш их дуртай. Бүх хайртай бүхнээ алдмаар мэдрэмжээр энэ киног бүтээсэн" гэж найруулагч Анника Берг киноныхоо тухай ярьжээ.

#5 "Залуучуудын Клуб" IMDb сүлжээнд 6.6 үнэлгээтэй байна.
#6 Үнэ төлбөргүй! Кино нь үнэ төлбөргүйгээр олны хүртээл болох учраас цагаасаа эрт очоод суудлаа эзлэхээ мартуузай. Dreamers' Day өдөрлөгийн үнэнч үзэгчид танхим ямар хурдан дүүрдгийг сайн мэдэж байгаа байх.

#7 Уг кино энэ бямба гарагт буюу есдүгээр сарын 16-нд 16 цагаас Тэнгис кино театрт гарах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд даран эвенттэй нэгдэн аваарай. Хамт үзэх найзууддаа ч илгээхээ мартуузай.
