Дэлхийн дауны хам шинжтэй хүмүүсийн IV их хурал өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо болох үеэр Монгол Улсыг төлөөлж оролцсон 20 настай Б.Дөлгөөн хүүгийн үг хэлж буй дүрс бичлэг тухайн үед нийгмийн сүлжээний трэнд байв. Үгийнхээ төгсгөлд тэр "Би бол монгол хүн. Монгол гэсэн үг ухаантай, нээлттэй, хөгжилтэй гэсэн утгыг илэрхийлдэг юм шүү. Үүнийг дэлхийн хүмүүст түгээхээр би энд ирсэн" гэж хэлсэн нь Баруунд дауны хам шинжийг “mongolita” буюу мулгуу, бүдүүлэг мэтээр ойлгож, монголчуудыг тэр утгаар хүлээн авдаг сөрөг хандлагыг ойлгуулахад чиглэсэн байжээ.
Ертөнцийн чихнээ хоногшсон “Mongolita”
Их зохиолч Д.Нацагдорж “Түүхийн шүлэг”-тээ “Монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай” гэсэн бадрангуй мөрийг бичжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд шүлгийн найраглаг мөр биш хромосомын илүүдлээс үүдсэн өвчний нэршил ертөнц даяар дуурсан, монголчуудыг төлөөлөв.
Д.Нацагдоржийг шүлгээ бичихээс жараад жилийн өмнө (1860 онд) Английн эмч Жон Ландон Даун 21 дэх хромосомын илүүдэлтэй өвчтөнүүдийг судлах явцдаа нүүрний хэлбэр, бүтцийн ерөнхий байдлыг харгалзан “mongol”, “mongoliod” гэж нэрлэснээс энэ бүхэн эхлэлтэй. Манайхаар Я.Цэвэл гуайн ногоон тольтой дүйцэхээр “urbandictionary.com” цахим толиос “mongoliod” гэж хайвал “a very fuckin ugly person” буюу “туйлын үзэшгүй муухай хүн” гэсэн утгаар гарч ирэх бөгөөд түүнтэй утга ойролцоо 15 үгийн дотор “Mongolia”, “Mongolian” гэсэн үгс багтаж байна. Томдоо тооцогдох цахим тольдоо ийн тайлбарласан учраас ярианы хэлэндээ ч “mong” гэсэн үгийг доромж утгаар хэрэглэдэг.
Гурван жилийн өмнө Их Британийн инээдмийн жүжигчин Рики Гервэйс “Авьяаслаг британичууд” шоуны од Сюзан Боиелийг нэгэн нэвтрүүлгийнхээ үеэр “Монг” гэж хэлсэн нь олны дургүйцэлтэй тулгарсан. Гэвч Сюзан Боиел тохуу үгэнд эмзэглээгүйгээ хэлээд, түүнийг “Эмээ уухаа мартсан биз” гээд өнгөрүүлсэн түүхтэй. “Guardian”-ы сэтгүүлч Никола Кларкийн бичсэнчлэн “монг” (mong) нь Гервайсын хувьд хэн нэгнийг ёгтлох гол түлхүүр хэвээр байгаа. Энэ оны эхээр тэр 6.5 сая гаруй дагагчтай твиттер хуудаснаа нүүрээ элдэвлэж, алиалсан зургийнхаа доор “Good morning” гэхийн оронд “Good monging” гэж бичсэн нь мөн л шуугиан тариад авсан. Тэр энэ үгээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг доромжлоогүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл хэнийг хэлсэн бэ?
#Mongol хэмээх аян
Монгол Улс 1965 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэр солих хүсэлт хүргүүлж, түүнээс хойш энэ төрлийн хам шинжийг “Дауны синдром” гэж нэрлэх болсон байна. Гэвч хүн бүхэн монголчуудын талаар Ж.Л.Даун эмч шиг мэдлэгтэй байгаагүй нь харамсалтай. Цаасан дээрээс аваад ч арилаагүй нэрийг олон нийтэд зөвөөр ойлгуулах “#Монгол” аяныг Швед дэх монголчууд олон нийтийн сүлжээнд өрнүүлж буй. Аяныг санаачилсан П.Ууганбаяр (Ууганаа Рамзай) өөрт тохиолдсон нэгэн явдлаас хойш “монгол” хэмээх үгийн утга сөрөг утгатайг олж мэджээ. Лондон хотод түүнтэй биечлэн уулзсан “Гэрэг” сэтгүүлийн автор Ж.Хулангийн бичсэнээр “Ууганаа дөнгөж мэндэлсэн хүүгээ тэврээд эмчээс “Чиний хүүхэд монгол юм байна” гэсэн үг сонсч байжээ. Дауны хам шинжтэй төрсөн хүүгийнх нь байдлыг үндэс, угсаатай нь холбон тайлбарлахад тэрбээр гайхсан ч, тухайн үедээ хүүгээ бодоод сөхөө байгаагүй аж. Харамсалтай нь, гурван сарын дараа улбар үст Билли хүүгээ алдсан Ууганаа дурсгалыг нь мөнхжүүлэхээр блог бичиж эхэлсэн нь дауны хам шинжтэй хүмүүс, тэдний асран хамгаалагчид гээд цөөнгүй хүнд хүрч эхэлсэн байна. Тиймээс хүүдээ ном бичээд зогсохгүй “монгол” гэдэг үгийг дауны шинжтэй зэрэгцүүлэн ойлгодгийг өөрчлөхөөр шийдсэн аж”. Тэр мөн “BBC-гийн радио 4”-т "монгол" хэмээх үгийн утгын талаар баримтат цуврал нэвтрүүлэгт оролцсон нь хоёр өдрийн дотор 900 мянган удаа нээгдэж, Мартин Лютер Кингийн амжилтыг давсан таатай мэдээлэл бий. Фэйсбүүк хуудсанд #Mongol#BBCtrending хаштагаар орвол монгол гэсэн үгийн зөв хэрэглээг ойлгуулах аянд нэгдсэн олон залуусын эрмэлзлийг харж болно.
Муу нэрийн данс
2014 оны эхний хагас жилийн байдлаар хилийн чанадад 169 монгол хүн гэмт хэрэгт холбогдсоноос БНХАУ-д 106, БНСУ-д 22, Хонконгод 6, Туркт 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Тайваньд 3, Австри, Унгар улсад тус бүр нэг иргэн саатуулагдсан талаар ДТГ-уудаас (Дипломат төлөөлөгчийн газар) мэдээлжээ. Холбогдсон хэргийн төрлөөр нь авч үзвэл хулгай 92, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 17, биеэ үнэлсэн 9, танхай 14, замын хөдөлгөөний журам зөрчсөн 8, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан нэг тохиолдол бүртгэгджээ.
Онигор нүд, өргөн шанааныхаа нийтлэг шинжээр олсон “mongolita” нэрээ амьдрал залгуулах арга ядсан үйлдлээр ийн батлах хэрэггүй. Хилээс гадна Монголынхоо талаар зөв ойлголтыг бүтээх залуусын эгнээнээс муу нэрийн дансан дахь иргэдийн тоо олон байгаа нь “mongolita”-гаас илүү санаа зовоосон асуудал ажээ.