Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ энэ сарын 23-29-ний өдрүүдээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох билээ. Энэхүү тэмцээнийг угтан өмнөх 8 удаагийн ДАШТ-ий үеэр олны анхаарлын төвд өрнөсөн сонирхолтой үйл явдал, онцлох тоо баримт, түүхэн агшнуудыг тоймлон, уншигч та бүхэнд хуваалцъя.
Анхны ДАШТ-д Серби, АНУ манлайлав
3х3-ийн ДАШТ-ийг анхлан 2012 оны 8-р сард Афин хот хүлээн авсан. Зуны олимпын наадам ч гэсэн мөн энэ хотоос гаралтай билээ.
Анхны дэлхийн аваргаар Сербийн эрс, АНУ-ын эмэгтэйчүүд тодорсон. Сербийн Душан Булут, Марко Савич, Марко Здеро гэсэн хүчирхэг гурвал энэ цагаас эхлэн 3х3 төрөлд арван жил ноёрхсон билээ.
Энэ ДАШТ-ий үеэр Сербичүүд хэсэгтээ Словенийн багт хожигдож, даруухан эхлэлийг тавьсан. Харин шигшээ наймд япон легионертой АНУ-ын багийг ялж томоохон дуулианыг тарьсан төдийгүй Украин, Францыг хожиж ийнхүү түрүүлсэн байдаг.
Харин АНУ-ын эмэгтэй баг хэсэгтээ Нидерландыг 21:2-оор хожсон нь олон хүнийг гайхашруулсан. Үнэхээр ч тэд бүх тоглолтодоо хожиж, 20.4 оноог дундчилсан нь өдийг хүртэлх эвдэгдээгүй эмэгтэйчүүдийн түүхэн хамгийн өндөр оноо билээ. Хагас шигшээд Австралийг, финалд Францын багийг ганцхан онооны зөрүүгээр буулгаж авснаар, аваргын цомыг гардсан юм.
Энэ тэмцээнд холимог багийн төрлийг багтаасан агаад үүнд Францчууд түрүүлсэн.

2014 онд Катарчууд боломжгүй зүйл гэж байхгүйг нотолж, АНУ дараалан түрүүлсэн
Гурван сая хүрэхгүй хүн амтай Катарчуудын Москва дахь ялалтын цуурай олон жилийн хойно ч хүмүүсийг гайхашруулсан хэвээрээ байна.
Эхний тоглолтодоо Румынд ялагдаж, хэсгийн сүүлчийн оноолтодоо Орост хожигдсон Катарчуудыг энэ тэмцээний аварга болчихно гэж хэн санах билээ.
Тэд финалд өмнөх тэмцээний аварга Сербичүүдийг 18:13-аар буулган авснаар хагас талбайн спорт гэдэг ямар ч барьцгүй, таамаглахын аргагүй юм гэдгийг дэлхий дахинаа нотолж харуулсан түүхтэй.
Эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын баг дараалсан ялалтаа ахин есөөр ахиулсан. Харин тэдний тэмцээний туршид цуглуулсан нийт онооны тоо өмнөх ДАШТ-ээс 20-иор багасч, 164 болсон юм. Энэ тэмцээнийг Моксвад хүлээж авсан. Оросууд нутагтаа одтой наадаж, эмэгтэй төрөлд мөнгө, эрэгтэй төрөлд хүрэл медаль хүртсэн.
2016 онд АНУ-ын дараалсан ялалт зогсож, Сербичүүд хошой аварга болов
АНУ-ын эмэгтэй багийнхан 28 тоглолтод дараалан хожсоныхоо дараа Испанийн багт ялагдсан. Тэдний уналт үүгээр дууссангүй, хагас шигшээд Чехийн баг тэдний гурав дараалан түрүүлэх аугаа зорилгыг нь няцаасан юм. Эсрэгээрээ Чехийн баг энэ тэмцээний үеэр гагц Францад л хожигдсон. Гэхдээ хэсэгтээ шүү дээ.
БНХАУ-ын Гуанжоу хотноо болсон уг ДАШТ-д Чехийн Майкла Ухрова гялалзсан тоглолтыг толилуулж, Украины Зарицка, АНУ-ын Харпер нарын хамтаар энэ тэмцээний бэлгэдлийн багт нэрлэгдсэн байдаг.
Эрэгтэйчүүдийн анхны ДАШТ-д түрүүлсэн Сербичүүд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга болов. Тэд финалд АНУ-ын шигшээг 21:16-гаар буулгаж авсан юм.
Сербийн од Душан Домич Булут Үнэ цэнтэй тоглогчийн шагналыг атгаж, АНУ-ын Майк Хенри, Словений Гаспер Овник нартай эн зэрэгцэн бэлгэдлийн багийн дурсгалын цомыг гардсан.

2017 онд Серби аваргаа хамгаалсан анхны эрэгтэй баг болж, Оросын эмэгтэйчүүд эхний түрүүгээ авлаа
2017 оны ДАШТ Францын Нант хотноо болоход Сербийн баг дэлхийн аваргад гурав дахиа цойлов. Тэд “Токио-2020”-иос эхлэн 3х3-ийг олимпын хөтөлбөрт багтаах тухай сайхан мэдээ түгснээс 12 хоногийн дараа дэлхийн аварга цолоо хамгаалсан анхны эрэгтэй багаар тодорсон нь энэ.
Харин зохион байгуулагч Францын шигшээ хүрэл медаль гардсан.
Сербийн “маэстро” Дежан Майсторович 60 оноотой энэ ДАШТ-ий шилдэг мэргэн буучаар тодорсон төдийгүй Нидерландын Жобсе, Сербийн Булут-Майсторович нарын хамтаар бэлгэдлийн багт нэрлэгдэв.
Эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг мөн л хожигдолгүй түрүүлсэн.
Аваргуудаас Анна Лешковцева Үнэ цэнтэй тоглогчоор тодорсон юм. Тэрбээр энэ тэмцээнд 50 оноог авсан нь Унгарын Беттина Бозоки, Украины Ганна Рулёва нараас 2-оор цөөн гэсэн үг.
Сонирхолтой нь, энэ ДАШТ-ий үеэр Клаудиа Брунет ур чадварын тэмцээнд түрүүлсэн Андорра улсын анхны тамирчин болсон. Энэхүү тэмцээн нь жил дараалан зохион байгуулагдсан анхны ДАШТ билээ.

2018 онд Сербичүүд дөрөв дэх, Италичууд анхны түрүүгээ дархлав
Филиппиний Бокау хотноо болсон тав дахь удаагийн ДАШТ-ээс Сербичүүд дөрөв дэх түрүүгээ авлаа. Тэд дэлхийн аваргад гурав дараалан түрүүлсэн анхны бөгөөд одоогоор цорын ганц баг юм.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд шинэ аварга тодорсон нь Итали. Тэд үүнээс өмнө ДАШТ-ээс медаль аваагүй агаад шууд алтан медаль зүүсэн нь энэ. Италийн баг хэсэгтээ дэлхийн аварга Чехэд хожигдсон ч, хасагдах шатнаа АНУ, Хятад, Оросыг хожиж ийнхүү түрүүлсэн байдаг.
Монголын эрэгтэй баг 2018 онд анх удаагаа ДАШТ-д оролцож, түүхэн хамгийн оргил амжилтаа дархалсан билээ. Тэд хэсгийн шатнаа Филиппин, ОХУ, Бразилийн багуудыг хожиж, шигшээ наймд энэ тэмцээний аварга Сербид 21:8-аар ялагдсан юм.

2019 онд АНУ, БНХАУ-ын баг анх удаа дэлхийн аварга болов
Нидерландын Амстердам хотноо болсон 6 дахь удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын шигшээ аваргалж, Сербийн гурав дараалан түрүүлээд байсан түүхэн амжилтыг зогсоосон.
АНУ-ын эрэгтэй багийнхан түүхэндээ анх удаа 3х3-ийн дэлхийн аваргаар тодорсон нь энэ. Америкчууд эхний тоглолтодоо л Сербийн 15 дараалсан ялалтын цувралыг зогсоосон. Сагсан бөмбөгийн эх орон гэгддэг хэр нь ээ 3х3-ийн ДАШТ-д түрүүлж чадалгүй удсан нь АНУ-ын дэмжигчдийг багагүй бухимдуулж байв. Энэ ДАШТ-д “Миннесота Тимбервулвес” багийн хуучин тоглогч Робби Хаммел шигшээ багийнхнаа удирдаж, шуугиантайгаар түрүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын шигшээ баг анх удаагаа түрүүлсэн юм. Тэд эмэгтэй сагсан бөмбөгт дэлхийн аваргаар тодорсон анхны бөгөөд одоогоор цорын ганц Ази баг юм.
Монголын эмэгтэй багийнхан ДАШТ-д анх удаагаа оролцсон нь 2019 оны ДАШТ байлаа. Манай баг хэсгийн шатнаа Ираны шигшээг 19:18-аар хожиж, түүхэн анхны ялалтаа авсан. Улмаар энэ тэмцээнийг 17-р байраар өндөрлүүлсэн юм.
Харин Монголын эрэгтэй багийнхан энэ ДАШТ-ий үеэр ОХУ, Эстонийн багуудыг хожиж, 13-р байрт эрэмблэгдэж байв.

2022 онд Серби тав дахиа түрүүлж, Франц анх удаа дэлхийн аваргад манлайлсан
Бельгийн Антверп хотноо болсон 7 дахь удаагийн ДАШТ-д Сербичүүд ахин илүүрхсэн юм. Тэд энэ тэмцээнд 7 тоглохдоо бүгдэд нь хожсон төдийгүй 20.9 оноог дундчилсан нь түүхэн дээд үзүүлэлт билээ.
Тэд финалд Литвийг (21-16) буулган авснаар ДАШТ-д тав дахиа түрүүлэв. Деян Майсторович Антверпен хотноо оноо авалтаар багийнхнаа тэргүүлж, уг тэмцээний Үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. "Маэстро" хочит энэ тамирчин 3х3-ийн ДАШТ-д дөрөв дэхиэ түрүүлснээр хамгийн өндөр амжилтад хүрсэн тоглогч болсон юм.
Эмэгтэйчүүдийн төрөлд Францчууд Канадын багийг 16:13 харьцаатай хожин, түүхэн анхны түрүүгээ авсан.
Энэ ДАШТ-ий үнэ цэнтэй тоглогчийн алдарт хүрсэн Лаетитиа Гуапо тухайн жилээ Францын шилдэг сагсчнаар шалгарсан юм.
Монголын эрэгтэй шигшээ Тайвань, Герман, Чилийн багуудыг хожиж, хасагдах шатнаа Польшийн багт 20:17-гоор ялагдсанаар 9-р байрт эрэмблэгдэв.
Монголын эмэгтэй баг, Доминикан, Египтийн шигшээг буулган авч, шигшээ 16-д Францын багт 21:9-өөр ялагдан 12-р байрт шалгарсан.

2023 онд Серби ахин аваргаа хамгаалж, АНУ гурав дахиа түрүүлэв

Австри улсын Вена хотноо явагдсан өмнөх ДАШТ-д Сербийн шигшээ хоёр дахь удаагаа аваргаа хамгаалсан юм. Тэд финалд АНУ-ыг (21-19)-аар буулган авснаар, ДАШТ 8 удаа болоход 6 түрүүлж, дархан амжилтыг тунхагласан.
“Маэстро” Деян Майсторович дэлхийн аваргад тавантаа түрүүлсэн анхны сагсчин болов.
Эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын багийнхан өмнөх тэмцээний аварга Францыг 16:12-оор хожиж, ДАШТ-д гурав дахиа түрүүлсэн. Тэд есөн жил завсарлаад дэлхийн аваргад ахин манлайлсан нь энэ юм.
Уг нь АНУ-ын шигшээ багийнхан нэг жилд эрэгтэй, эмэгтэй аль алинд нь түрүүлсэн анхны түүхэн амжилтад хүрэх бололцоотой байсан. Даанч Сербичүүд үнэмлэхүй аварга гэдгээ тодорхой харуулсан билээ.
Харин Улаанбаатар хотноо болох энэ удаагийн ДАШТ-д АНУ ахин хос дайралтыг хийх болно. Сербүүд ч мөн дараалсан ялалтаа ахиулахыг эрмэлзэх нь гарцаагүй.
Сагсан бөмбөгийн 3х3-ийн дөрөв дэх тоглогч та бүхэн 6-р сарын 23-29-ний өдрүүдээр Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, эх орныхоо баг, тамирчдыг эрчлэн дэмжээрэй.
