UBLife Logo
-

“Хуба хаяа”-д хаан жимс хүлхэж өнжсөн минь

UBLife
UBLife
“Хуба хаяа”-д хаан жимс хүлхэж өнжсөн минь

Байгаль дэлхий хамаг гоо үзэсгэлэнгээ дэлгэн өнгө өнгөөр алаглаж, ямар баялаг, ямар өгөөмөрөө гайхуулах намар цаг иржээ. Жимсний шүүс хүртэл хальсандаа багтаж ядан цэлцэгнэж, аманд оронгуутаа цүлхийн хагарч, чихэрлэг, исгэлэн, хүчиллэг амт холилдон амаар дүүрч, хоолой давах нь намрын бас нэгэн таатай амт, таатай мэдрэмж.Баян намрыг амтлах, мэдрэх боломжийг нийслэлчүүдэд олгодог “Чацарганын баяр” өнгөрсөн бямба гарагт боллоо. Жил бүрийн намар чацаргана жимсний болц гүйцэх цагаар “Хаан жимс” жуулчны баазаас “Чацарганын баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай.Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км зайд, Цонжин болдогийн Чингис хааны хөшөөт цогцолборын хойно, Туул голын хөвөөнд байрлах “Хаан жимс” жуулчны бааз дэргэдээ дөрвөн га газарт чацаргана тариалдаг. Тэднийх чацарганын төглөө “Хуба хаяа” хэмээн нэрлэсэн бөгөөд “Хуба Хаяа” нэрийн бүтээгдэхүүн гаргаснаа баяр оролцогчдод амтлуулж, танилцуулав.“Хуба хаяа” хэмээх нэр “Монголын нууц товчоо”-нд хоёронтой гардаг бөгөөд Чингис хаан 1200 оны цагаан бичин жил болон 1201 оны цагаагчин тахиа жилийн өвөл “Хуба хаяа” хэмээх газарт өвөлжсөн гэж түүхчид үздэг. Харин “Хуба хаяа” хэмээх газар нь чухам хаана вэ гэдэг дээр санал зөрөлддөг бөгөөд өвөрлөгч эрдэмтэн Хасбарс, Люжинсо нар “Туул голын Хуба хаяа гэдэг газар найр хийж Тоорил хааныг эцгийн ёсоор хүндэтгэв" хэмээн бичсэнийг үндэслэн өдгөөгийн Налайх дүүргийн зүүнтэй Туул голын сав газарт “Хуба хаяа” бий хэмээн үздэг хүн цөөнгүй. Тиймээс “Хаан жимс”-ийхэн их хааны өвөлжөөлсөн “Хуба хаяа” хэмээх газрын нэрээр чацарганын төгөл, шинэ бүтээгдэхүүнээ нэрлэжээ.Жилээс жилд цар хүрээгээ тэлж, олон хүн баярлуулж буй “Чацарганын баяр” тун өвөрмөц. “Хаан жимс”-ийнхэн баяртаа ирсэн зочдын дунд хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна алтран шаргалтаж арааны шүлс асгаруулах багсайтал ургасан чацаргана жимснээс чадлынхаа хэрээр түүж авахыг зөвшөөрдөг. Энэ нь хотынхны хувьд агаарт гарч, жимсний хаан чацаргана жимсийг бутнаас нь түүж идэнгээ алжаалаа тайлах ховорхон боломж тул ирсэн зочид тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. “Хаан жимс”-ийнхэн ч “Чацарганын баяр”-ыг зорьж ирдэг хүний тоо жилээс жилд өсөж, арга хэмжээний цар хүрээ нь өргөжиж буйд баяртай байна билээ.“Хаан жимс” жуулчны баазыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийнх гэдгээр нь хүмүүс сайн мэдэх биз. “Чацарганын баяр”-т оролцож буй Н.Алтанхуягаас цөөн асуултад хариулт авлаа.-“Чацарганын баяр”-ыг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Энэ удаагийн баяр өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болж байна вэ?-Чацаргана жимсээр ямар бүтээгдэхүүн хийж болох талаар 16 жил судалсан. Үүнийгээ ажил хэрэг болгож анхныхаа бүтээгдэхүүнээ гарган авснаа хүмүүстэй хуваалцаж буйгаараа энэ жилийн чацарганын баяр өмнөх жилүүдийнхээсээ онцлог болж байна. Бид Монголынхоо үржил шимтэй хөрсөнд ургуулсан чацарганаар ямар нэгэн ус бодис нэмэхгүйгээр витаминых нь охийг цуглуулаад чацарганы хүчил гэдэг бүтээгдэхүүнээ гаргаж авлаа. Энэ бол хүч тамир оруулдаг, залуужуулдаг, дархлаа сайжруулдаг бүтээгдэхүүн болсон гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.-“Хуба хаяа”-гийн онцлог, давуу тал нь юу вэ. Хэзээнээс худалдаанд гаргах бол?-Чацарганад залуужуулах, хүч тамир нэмэх, дархлаа сайжруулах чанар байдаг. Үүнийг би их сургуулийн багш байхдаа судалж байсан юм. Ингэхээр энэхүү бүтээгдэхүүн маань залуужуулж, хүч тамир нэмэх, дархлаа сайжруулах үйлчилгээтэй байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээгээ л онцлог доо. Харин одоохондоо зах зээлд худалдаанд гаргаагүй. Өнөөдөр анх удаа бүтээгдэхүүнийхээ дээжийг хүмүүст амтлуулж байна. -Энэхүү брэндээ дэлхийн зах зээлд гаргах бодол байгаа юу. Ер нь ийм боломж байгаа болов уу? -Манай бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятадын талууд ихээр сонирхон хамтран ажиллаж байгаа. Ийм гурван том зах зээл байна. Хамгийн гол нь тэд нар маань юу хэлж байна гэхээр тасралтгүй хангаад байх юм бол авна гэж байгаа. -Ер нь танд хэдийнээс чацаргана тариалах санаа төрсөн бэ, одоо хэдэн га-д тариалалт хийж байна? -Анх би 1992 онд ганзагын наймаа хийгээд Улаан-Үдэд очихдоо тэндхийн чацарганын станцад очиж үзээд үүнийг тарих юмсан гэж бодсон. Тэгээд мөр хоорондын зай, ургамал хоорондын зай хэд байдаг юм бэ гэдгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авч байсан түүхтэй. Дараа нь 1999 онд Увсад газартай болж, тэндээ чацарган тарьж эхэлсэн. Одоо энд дөрвөн га газарт чацаргана тариалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.